Шатсан барилга өндөр үнээр худалдан авсаар байх уу, хэдүүлээ???

Дөнгөж баригдаж байгаа орон сууцнуудад гал гарч, томоохон хоёр ч барилгад асуудал үүссэн. Улирлын чанартай ажилладаг болохоор дулааны улиралтай зэрэгцэн барилга, орон сууцны ажил эхэлдэг. Харин улирлын чанартай энэ ажилд улирлын чанартай бас нэгэн аюул учирч, иргэд болон компаниудад ДОХИО өгсөн зүйл ойрхон хугацаанд дараалан тохиож галын эрсдэл гарах нь юунаас ч хамаарахгүй, гагцхүү хувь хүмүүсийн хариуцлага, сонор сэрэмжийн асуудал гэдгийг хатуу анхааруулав. 


2022 оны гуравдугаар сарын 6. Нисэхийн тойрог буюу “Буянт-Ухаа” спорт цогцолборын хажууд баригдаж буй барилгад гал гарав. Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойрогт шинээр баригдаж байсан 13 давхар орон сууцны гадна фасадны хэсэг шатсан байдаг. Хэдийгээр гал уг барилгын гадна талын фасадаас өөр зүйл нөлөөлөхгүй гэдэг хариултыг барилгын компанийн эрх бүхий этгээд өгч байгаа ч уг барилгын цаашид орон сууцны зориултаар ашиглаж болох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэх. Мөн Онцгой байдлын албанаас “урьдчилсан байдлаар галын дүгнэлт гараагүй” хэмээсэн ч  “Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын дагуу барьсан барилга байсан” гэсэн нь өөрийн эрхгүй анхаарал татсан юм. 


2022 оны гуравдугаар сарын 12. Эл өдрийн 21.45 цагт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд орших Хүннү-2022 хорооллын шинээр баригдаж буй 12 давхар барилгад гал гарав. Онцгой байдлын гал сөнөөгчид цаг алдалгүй ажиллаж  21.59 цагт буюу гал гарснаас 14 минутад амжиж гал түймрийг бүрэн унтраасан байдаг. Хэдийгээр галын дүгнэлт гараагүй байгаа хэдий “зуурмагаа хатаах гэж байгаад хучлагаа шатаан гал алдсан …” гэдэг  мэдээллийг тус барилга дээр ажиллаж байгаа эх сурвалж өгүүлсэн. 
Нэгэн зүйл, Ингэхэд эдгээр өндөр үнэтэй орон сууцны барилгууд дөнгөж баригдаж байхдаа яагаад галд өртөөд байдаг юм бол. Үнэхээр стандартын төвшинд баригдаж байгаа бол наад захын аюулгүй байдлыг хангах нь тухайн барилгыг барьж байгаа компани, аж ахуйн нэгж, хариуцах эздийн анхаарал сул, хүлээх хариуцлага муу байна гэсэн үг үү. Үүнд хэн хаанаас хэрхэн анхаарал тавьдаг юм бол??? Монгол Улсад мөрддөг стандартын дагуу орон сууцны барилгыг барьж байгаа юм бол гал түймрийн аюул… мэтийн шалтгаан нөхцөл нь хүний буруутай үйл ажиллагаа юу. Эсвэл барилгын материалын чанартай холбоотой юу? Дээрх хоёр галын хувьд урьдчилсан байдлаар “шилэн хөөснөөс болсон” байх магадлалтай хэдий ч галын дүгнэлт хэрхэн гарахаас хохирлын хэмжээ хамаарна гэдгийг эх сурвалжууд санаа нэгдэж байгаа. Харин жил бүр бүртгэгддэг энэ төрлийн осол буурахгүй шалтгааныг барилгын салбарын мэргэжилтнүүд хэрхэн дүгнэж, тайлбарлах нь бас сонин. 
Ташрамд дурдахад, 2020 оны зургадугаар сард Зайсанд баригдаж байгаа орон сууцны барилгад,  2021 онд мөн л Хан-Уул дүүргийн нутагт баригдаж байсан орон сууцанд гал гарч, багагүй хохирол учирч байжээ. Мөн, орон сууцны барилгад санаатай болон санамсаргүй байдлаар гал алдсан 200 гаруй дуудлага жилд ОБЕГ-т бүртгэгддэг байна. Харин тухайн гал гарсан шалтгаан нөхцөл нь тодорхой болсны дараа эдгээрийн ихэнх барилгын ажил хэвийн үргэлжилж, тухайн барилгууд захиалгат болон худалдан авах эзэндээ очдог байх юм.
Нэгэн зүйл, баригдаж байгаа барилгад гал алдах эрсдэл ихэвчлэн дулаалгын материал буруу сонгох, шаардлага хангаагүй хөөс, хөөсөнцөр ашигласнаас болдог гэдгийг инженерүүд ам нэгдэж хэлж байв. Харин баригдаж байгаа барилгын гадна фасадны дулаалгын материалаас болж гарсан галын тохиолдлуудын хувьд зураг төсөлд тусгасан дулаан тусгаарлагчийн хөвөн бодит ажил дээр өөрчлөгдөх нь гол шалтгаан болдог гэдэг нь анхаарал татсан юм. Тухайн барилгын компани барилгын материалыг үнэ өртгийн хувьд бага зэрэг ялгаатай, хямд хөөсийг ашиглах нь санамсаргүй байдлаар гарсан гал богино хугацаанд тархах нөхцөл үүсгэдэг гэсэн үг. Харин ийм шийдлийг хянах байгууллага ажлын явцад байдаггүй, шаардлагатай байгууллагуудаас хяналт тавихдаа хайхрамжгүй хандах, ажилдаа чанартай хандаж чадахгүй байгаагаас стандарт бус барилгуудын ажил хэвийн үргэлжилдэг нь нууц биш гэнэ. Тэр бүү хэл, “оршин суугчид байрандаа орохоос өмнө энэ мэт эрсдэл учрах нь нэг талаар аз” хэмээн өгүүлэх инженер ч таарсан. Тэр ингэж өгүүлснээр “хэрэв оршин суугчид орчихсон бол учрах хохирлын хэмжээ хүний эд хөрөнгө төдийгүй амь насаар хэмжигдэнэ” шүү дээ хэмээн алдсан амаа барих гэж хэлсэн үгээ цайруулах гэж оролдож байсан юм.
Нэгэн зүйл, барьж буй барилгад гарсан галын улмаас бетон доторх арматурууд уярах, хайлах зэрэг нөлөөнд өртөж газар хөдлөлтийн үед тэсвэрлэх чадвар мууддаг. Тиймээс олон улсын жишигт бол энэхүү эрсдэлээс үүсэх хохирлыг харгалзаж баригдах явцад гал гарсан бол үйл ажиллагааг нь зогсоож, объектыг нураадаг байна. Гэтэл Монгол Улсад ОБЕГ болон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтэд тулгуурлаж, уг барилгын ажил үргэлжлэх эсэх нь шийдвэрлэгддэг. Энэ ч утгаараа өмнө гарч байсан тохиолдлуудад “арматурт өөрчлөлт өгөөгүй” гэсэн шалтгаанаар шатсан барилгын ажлыг үргэлжлүүлж, тэр бүү хэл ашиглалтад оруулан худалдаж, худалдан авсан хүмүүс хэдийнээ тухалсан байв… 
Ташрамд дурдахад, барилга, орон сууц барьж буй компани тухайн эзэмшлийн объектын эрсдэл, галын аюулгүй байдлыг бүрэн хариуцах хуультай. Харин аж ахуй нэгжүүд стандартын хувьд тогтмол хяналт тавьдаг гэдэг ч Хөдөлмөрийн аюулгүй байдлыг төдийлөн анхаардаггүйгээс барилгад санамсаргүй байдлаар гал алдах эрсдэл их. Энэ нь чанаргүй материал, зориулалтын бус, уур амьсгалд тохироогүй материал ашиглах зэргийг бас дурдаж болох юм. 
Нэгэн зүйл, барилгын хийц, хөөсөн дулаалгын шинж чанараас шалтгаалж шаталтын хурд, тархалт өөр байдаг байна. Тиймээс стандартад нийцсэн дулаалгыг ашиглахыг шаарддаг ч ихэнх нөхцөлд энэ талыг орхигдуулдаг, учир нь барилгын компаниуд чанараас илүү ашиг өндөртэй байхыг чухалчилдаг. Дээр нь хоёр жилийн турш тасалдсан нөхцөл байдал ч “шархаа нөхөх” шаардлагыг бий болгосон учир чанар гэхээс илүү “ашиг” гэж харах нь ихэссэн аж.  Эх сурвалж, “ сүүлийн жилүүдэд өндөр барилгууд ихээр нэмэгдэж байгаа. Гэтэл тэр өндөрт хүрэх галын механик шатгүйгээс болж гал сөнөөгчид тухайн барилгын дотуур усан хангамжийг ашиглах шаардлага гардаг. Галын машин өндөр даралтаар их хэмжээний усыг богино хугацаанд цацаж дуусдаг учраас ус унтрааж хүрэхгүй үед дахин цэнэглэх хэрэгтэй болдог. Ийм үед барилгын дотоод усан хангамжийг холбоно. Гэтэл үүнийг норм, стандартын дагуу төлөвлөсөн барилга бараг байдаггүй. Хоолой, хошууг нь төлөвлөсөн ч ус нь даралтгүй байдаг нь олон учир хүндрэл гардаг. Бас галын аюулын үед ашиглах аврах шат, гарцыг түгжчихсэн, галын аюулгүйн дохиолол байрлуулаагүй зэрэг алдаа зөрчлүүд олон байдаг” гэж байлаа.
 Анхааруулга: Барилгад гарч байгаа галын ихэнх нь иргэдийн буруутай үйлдэл буюу тамхины цогтой ишийг унтраалгүй хаясан, хайнга хандсанаас үүддэг байна. Шалтгаан нөхцөлийг шалгалт хийж мэргэжлийн байгууллагууд тодорхойлдог хэдий ч 2019 оноос хойш баригдаж байгаа барилгын фасадны хөөснөөс болж гал гарсан дуудлага эрс нэмэгдсэн аж. Иймээс иргэд  шинэ байранд урьдчилсан захиалга өгөх тохиолдолд эрсдэлийг тооцоолж хариуцлагатай компанид захиалга өгөх нь зүйтэй юм байна шүү. 
Сэтгүүлч Х.Ганзаяа

+ There are no comments

Add yours