Т.Мөнхсайхан: Эх үүсвэр нь тодорхойгүй халдварын 18 тохиолдол бүртгэгдсэн

Эрүүл мэндийн сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Тэрээр масс дундаас илэрсэн халдвар, вакцинтай холбоотой асуултуудад хариулт өглөө.

Т.Мөнхсайхан: “БЗД-ийн нэгдсэн эмнэлэгтэй холбоогүй дөрвөн голомт шинээр илрээд байна. Мөнххада компанийн ажилчид, Баянзүрх, Баянгол дүүрэгт сайн дураар шинжилгээ өгсөн хүмүүсээс мөн илэрсэн. Мөнххадагийн ажилчид, Баянгол дүүрэгт шинжилгээ өгсөн гэртээ ганцаараа амьдардаг хөгшин хүн хаанаас халдвар авсан нь тогтоогдоогүй байна. Эх үүсвэр нь тодорхойгүй 18 тохиолдол бүртгэгдсэн. Цаашдаа энэ голомт нь тодорхойгүй тохиолдлын хавьтлууд яахаас хамаарч цаашдын ажил хийгдэнэ.”

“Ард иргэдээ вакцинжуулах тал дээр ажиллаж байна. Гурван сарын нэгэн гэхэд эхний вакцин иргэдэд хийгдэнэ. Вакцины баталгаа дээр онцгой анхаарч, хянамгай судалгаа хийж байж иргэдээ вакцинжуулна. Вакцин бол энгийн бараа шиг мөнгөө өгөөд л захиалчихдаг юм биш ээ. Бид эрсдэл, гаж нөлөөг маш сайтар судлах шаардлагатай байна.

“Хөл хорио тогтоосноор халдварын тохиолдлыг 10 дахин бууруулж байна. Халдвартай өвчтнүүдийг гэрт нь эмчлэх хэмжээний өндөр ачааллыг эрүүл мэндийн байгууллагууд аваагүй байна. Халдвар авсан хүмүүсийг гэрт нь эмчлээд эхэлвэл халдвар улам өргөн тархах эрсдэлтэй. Олон улсад гэрээр нь эмчлээд байгаа шалтгаан нь эмнэлгүүд нь ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой. Манай улсын хувьд энэ эрсдэлд хараахан хүрээгүй байгаа тул халдварыг аль болох бага тархаах энэ тал дээр л төвлөрч ажиллаж байна. Хөнгөн, шинж тэмдэг илрээгүй хүмүүсийг 14 хоног хэвтүүлээд дараагийн шат руу шилжүүлж, богино хугацаанд эмчилж байгаа юм. Халдварын нөхцөл өдөр хоногоор өөрчлөгдөж байгаа тул эрсдлийн үнэлгээгээр хөл хориог сунгах санал гаргах магадлал өндөр.”

“ЭМЯ-нд халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй. Манай улсын хувьд түүхэндээ анх удаа эмийн судалгааны агентлаг байгуулж байгаа. Миний хувьд өөрийн хамаатнаа яаманд ажиллуулж байгаа юм байхгүй, та бүхэн итгэж болно”

“Писиар шинжилгээний хариу буруу гарсан, эргэлзүүлэх зүйл байхгүй гэдгийг бидний хийж байгаа ажил батална. Амар зочид буудалд тусгаарлагдаж байсан долоон хүнээс халдвар илэрсэн, онгоц ирсэнээс хойш 14 хоногийн дараа халдвар илэрч байгаа нь дотроосоо халдвар авсан байх магадлалтай байгаа юм. Тиймээс халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн эсэхийг камерийн бичлэгээр шүүнэ. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна.”

+ There are no comments

Add yours