“Мөнгөний гахай” Эрдэнэтийг тойрсон ээлжит ШУУГИАН

Улсын үйлдвэрийн хөрөнгөөр баригдсан ч өнөөг хүртэл хувийн хэвшлийн өмчид бүртгэлтэй, “Эрдэнэт Медипас” эмнэлгийг улсын өмчид буцаах шийдвэрийг өнгөрсөн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Уг эмнэлгийн барилгыг 2015 онд Эрдэнэт үйлдвэр 69.9 тэрбумын санхүүжилт гарган барьж, ашиглалтад оруулсан ч 2016 онд Ядамсүрэнгийн Энхчулуун захиралтай “Медипас” компани хувьчлал нэрээр 18 жилийн гэрээ байгуулан шилжүүлээд өмчилчихсэн юм. Ингээд зогсохгүй дөрвөн жилийн турш Эрдэнэт үйлдвэрээс 12.7 тэрбум төгрөгийн санхүүжилтыг урьдчилан сэргийлэх үзлэг нэрээр авсан байдаг.  

Нийтдээ 69.9 тэрбумаар санхүүжүүлж баригдсан “Эрдэнэт Медипас” эмнэлэг нь 120 гаруй эмч, ажилчидтай, өдөрт 500 орчим хүнд үйлчлэх хүчин чадалтай улсад томд тооцогдох эмнэлэг учир олон хүний анхаарлыг татаж шуналыг хөдөлгөж эхэлсэн бололтой. Мөн монголын орчин цагийн нийгмийн гажуудал болсон эрх мэдэл, албан тушаалтай хэн ч байсан “мэдээлэлд ойр” байдлаа ашиглаж хөрөнгөжиж болдгийг хамгийн сайн ашигласан этгээд бол мэдээж Эрдэнэтийн тухайн үеийн ерөнхий захирал Ц.Даваацэрэн.

Гэтэл ийм эмнэлгийг хэн ч мэдэхгүй шахам “Медикал” гэх компанид хувьчлал нэрээр өгсөн Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнгийн хувьд  ямар нөхцөл шаардлага үүссэнээс ийм шийдвэр гаргасан нь өнөө хэр тодорхой бус. Харин улсын өмчийг хувийн компанид шилжүүлэхдээ 65 тэрбум 56 сая төгрөгийн өртөгтэй уг үл хөдлөх хөрөнгөөс 2016 оны есдүгээр сард 184 сая төгрөгийн өртөг бүхий 12 ширхэг автомашины зогсоолыг л Эрдэнэт үйлдвэр буцааж авч,  2016 оны 12 дугаар сарын 31-нд үлдэгдэл 64 тэрбум 871 сая төгрөгийг “Медипас” компаниас авах авлага хэмээн бүртгэсэн байжээ. Энэ бүртгэлд, 50 айлын орон сууц 3.6 тэрбум, эмнэлгийн барилга байгууламжийн нийт үнэлгээ  18.1 тэрбум, тавилга, эд хогшил 27.8 тэрбум, эргэлтийн хөрөнгө 231 сая, тоног төхөөрөмж худалдан авахаар шилжүүлсэн төлбөрт 15 тэрбум, эмнэлгийн ерөнхий төлөвлөгөө хийсэн зардалд 27 сая төгрөг хэмээн задалсан байв.

Ц.Даваацэрэн ийнхүү албан тушаалаар олгогддог эрх мэдлээ давуулан эдэлж, улсын өмч 64.8 тэрбумын хөрөнгийн эмнэлгийг хувийн компанид шилжүүлэхдээ  урт хугацаат авлагаар бүртгэж, 18 жилийн турш тодорхой графикт тусгасан дүнгээр төлөхөөр нууцын нууц гэрээг “Медипас” компанийн захирал Ядамсүрэнгийн Энхчулуунтай  байгуулсан байдаг. Ингэхдээ жилд 2-5 тэрбум төгрөгийн төлбөрийг эргүүлэн тооцож авах бөгөөд ямар нэг хүү тооцохгүйгээр гэрээ хийсэн. Түүнчлэн авлагын үнэ цэнийн бууралтыг жилийн найман хувийн дискаунтаар тооцож, 32 тэрбум төгрөгөөр хорогдуулан бүртгэлд тусгасан байна.

 Уг гэрээнд заасан ажлын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” компанийн Ерөнхий захирлын тушаалаар “Эрдэнэт медикал” төв эмнэлэгт оруулсан хөрөнгийг эргэн төлөх нөхцөлтэйгөөр “Медипас” компанийн балансад шилжүүлж, Эрдэнэт үйлдвэрийн балансаас хасах шийдвэр гаргаж нийтдээ 69.9 тэрбум төгрөгийн барилга, орон сууц, дэд бүтэц, тоног төхөөрөмж зэрэг хөрөнгийг шилжүүлэн өгсөн байдаг. Ингээд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2017 оны А/80 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө болон зөвлөх үйлчилгээний зардлыг тооцон шилжүүлж эцсийн байдлаар 64.8 тэрбум төгрөгийн үлдэх өртөг бүхий дүнгээр компанийн балансаас хасч, авлагаар бүртгэсэн луйврыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар ийнхүү улсад эргүүлэн авчирч, төрийн өмчид бүртгэн хүлээлгэн өгсөн юм.

Дашрамд дурдахад, 2019 оны аравдугаар сард Эрдэнэтийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэнг АТГ-аас саатуулан цагдан хорих 461 дүгээр ангид хорьж, шалгаж эхэлсэн. Авлигатай тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албанаас хамтарсан ажлын хэсгийнхэн Ц.Даваацэрэнд “албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй” хэрэгт холбогдуулан шалгаж, холбогдох хэрэгт нь эрүүгийн хэрэг үүсгэн 2020 оны дөрөвдүгээр сард яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байдаг. Харин Улсын ерөнхий прокуророос уг хэргийг хянаж, яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд шилжүүлсэн ч 2020 оны зургадугаар сард нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг.

  Ц.Даваацэрэнгийн хувьд ганцхан эмнэлгийн “асуудалтай” этгээд биш юм. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа Эрдэнэт үйлдвэрийн  зэсийн овоолгыг тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагааны хамаарал бүхий “Ачит-Ихт” компанид 100 хувь зүгээр өгчихсөн гэдэг. Тиймээс түүнийг төрийн эзэмшлийн 34 хувиас татгалзах замаар авлига авсан хэмээн АТГ-аас шалгаж эхэлсэн ч тэгсхийгээд нам жим болсон байдаг нь учиртай.

Эрдэнэт үйлдвэрийн зэсийн овоолгыг П.Цагааны “Ачит-Ихт” компанид өгсөн, оффшор бүсэд байршуулсан дансууд руугаа олон сая ам.долларын гүйлгээ хийсэн… хэргээр шалгагдаж байгаа Ц.Даваацэрэнгийн хувьд “албан тушаалаа урвуулан ашиглаж, авилга аваад гаршсан этгээд” гэлцэх нь түүнд холбогдох хэрэг хэрхэн шийдвэрлэгдэж байгаа нь тодорхойгүй удааширч байгаатай холбоотой гэх. Нөгөө талаар “Ачит Ихт” компанийн зүгээс ашиглаж буй Эрдэнэт үйлдвэрийн овоолгыг “Ядуу агуулгатай балансын бус хүдэр” хэмээн тодорхойлсон нь хэрэгцээгүй, харьяалалгүй, хаягдал хүдэр гэх ойлголтыг төрүүлж буй. Гэтэл учир мэдэх хүмүүс, “Исэлдсэн болон бага агуулгатай зэсийн хүдэр” хэмээгээд энэ хүдрийн овоолгоос  П.Цагааны хамаарал бүхий компани “котодын цэвэр зэс” гаргаж авдаг.  Бага агуулгатай болон исэлдсэн хүдрийн овоолгууд нь Эрдэнэт үйлдвэрийн ажил үйлчилгээний үр дүнд бий болгосон, газрын гадаргуу дээр байгалийн төрхөөрөө баялаг биш баялаг тул тус үйлдвэрийн өмч. Тэгээд ч Эрдэнэт үйлдвэр энэхүү хүдрийн овоолготой холбоотой байгаль орчны нөхөн сэргээлтийг хариуцаж ажилладаг хэмээн ойрын эх сурвалж өгүүлсэн. Ямартай ч Ц.Даваацэрэнгийн хүчээр өөрийн хамаарал бүхий “Ачит ихт” компанид өгөгдсөн маш ашигтай исэлдсэн хүдрийн овоолгуудаас олсон ашгаараа 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай катодын зэсийн үйлдвэрийг 2014 оны аравдугаар сард барьж байгуулан нээсэн байдаг. Ингээд зогсохгүй уг үйлдвэрийн 66 хувийг “Ачит ихт” компани эзэмшиж, жилдээ 10 мянган тонн катодын цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэртэй болж, хэзээ ч дундрахгүй их хөрөнгийг хурааж эхэлсэн байдаг. Харин уг үйлдвэрийн 34 хувийг “үйлдвэрийн дүрмийн санд хөрөнгө оруулахгүйгээр шууд эзэмших” нөхцөлтэйгээр Эрдэнэт үйлдвэр эзэмшихээр гэрээ байгуулан 2014 оны наймдугаар сард 1/154 дугаартай албан тоотоор “хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэл, санал, гэрээний төсөл”-ийг Эрдэнэтэд хүргүүлсэн байдаг… ийм л хэтэрхий мэргэн жараахайнууд төрд шургалж, ашиг ихтэй өндөр албан тушаалыг эзэгнэж арван биш зуун жилээр хаанчлах шуналтайгаар үгсэн тохиролцож, хамтран бүлэглэж явах нь хэдийн үзэгдэл болох шахсан нь даанч харамсалтай.

Ямартай ч эхнээсээ өндөр албан тушаалд төрийг төлөөлж суучхаад төрсөн биеэ баяжуулж, хөрөнгөжүүлэх гэж үхэлдэн тэмцдэг бүлэглэл, этгээдүүдийг бага багаар таньж авч буй нь сайшаалтай л гэе дээ.

Сэтгүүлч Д.Пүрэв

+ There are no comments

Add yours