Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээл авсан хэргээр А.Сүхбатын дүү А.Баттөгс АТГ-т шалгагдаж байна

Хөгжлийн банкнаас тэрбумаар зээл аваад “зэсрэгчид”-ийн нэрсийн жагсаалт олонд ил болж, иргэд цахим ертөнцөөр дүүрэн бухимдлаа илэрхийлж, төр засгаасаа шударга ёсыг нэхэх болсон энэ цаг үеүдэд нэгэн цагт Монголын Үндэсний бөхийн аварга хэмээгдэн монголчуудынхаа хайрыг булааж байсан УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “улсаа өрөнд унагаагчдын жагсаалтад багтан” гарч ирсэн юм.

Тэрбээр 2008 онд “Түгээмэл түмэн хишигтэн”  хэмээх төгөлдөр нэр бүхий ХХК-ийг байгуулан өөрөө гүйцэтгэх захирал нь болж байсан. Хожим 2010 онд уг компанийг төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр шилжүүлж, гүйцэтгэх захирлаар томилсон. Ингээд таван жилийн дараа компанийг үүсгэн байгуулагчаас өөрийн нэрийг хасаж, 2015 онд өөрийн дүү А.Баттөгс, түүний эхнэр Г.Буяндэлгэрийг захирлаар томилсон.

Харин 2017 онд бичиг баримтад дахин өөрчлөлт оруулан ганцхан Г.Буяндэлгэрийг гүйцэтгэх захирал болгон бусад нэрсийг нь хасан компанийн үйл ажиллагааны чиглэлийг авто зогсоол, авто засвар, зоогийн газар, зочиж буудал болгосон байдаг. Энэ олон өөрчлөлтийн дараа А.Сүхбат төрсөн дүү А.Баттөгсийн эхнэр Г.Буяндэлгэрийн нэр дээр бүртгэлтэй “Түгээмэл түмэн хишиг” ХХК-иар Хөгжлийн банкнаас 18.5 тэрбум төгрөгийн зээлийг 2020 оны долдугаар сард авсан байдаг.

Харин одоо А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК-д 14.9 тэрбум төгрөгийн зөрчил үүссэн байж болзошгүй учир АТГ-аас уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.  Энэ дашрамд өгүүлэхэд А.Сүхбатын хамаарал бүхий “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК нь 2017 онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас 800 сая төгрөгийн зээл авч байсан түүх бий. Эндээс харахад их хурлын гишүүн асан, их аварга А.Сүхбат авч болох бүх зээлийг өөрийн хамаарал бүхий компаниуддаа авдаг ч эргүүлж төлдөг эсэх нь их эргэлзээтэй бөгөөд нөхцөл байдал буруугаар эргэхэд уснаас хуурай гарахдаа гаршсан этгээд болж таарч байх шиг.  

Нөгөө талаар “Түгээмэл түмэн хишигтэн” ХХК буюу А.Сүхбатын хамаарал бүхий эл компани Өмнөговь аймгийн Цагаан хад, Гашуунсухайтын замд “Тайван зогсоол” /зогсоол, зочид буудал, хоолны газар/ байгуулж, хил дээр ажиллаж амьдардаг том оврын жолооч нарын мөнгийг “сааадаг” саалийн үнээ болоод удаж буй. Тав тухгүй, хэт үнэтэй, монополь эрхээ хэтрүүлэн эдэлдэг Тайван зогсоолын үйлчилгээний талаар жолооч нар төдийгүй Цагаан хадны хагас суурьшмал иргэд ч ам муутай нь даанч харамсмаар. Цар тахлын улмаас удаа дараа Хятадын талаас хилээ хааж, зөвхөн энэ чиглэлд ажиллаж амьдралаа залгуулдаг мянга, мянган жолооч нарын эрх ашиг хөсөр хаягдаж, хүнд нөхцөлд орж байгаа энэ үед Тайван зогсоол “онцгой нөхцлийг” үл ойшоож, үйлчилгээнийхээ үнийг хатуу барьдаг хэвээрээ байгаа тухай байнга суурьшиж ажилладаг жолооч, тэнд өдөр тутмын үйл ажиллагаа эрхэлдэг хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд хэлсээр буй.

Цар тахлын хорио цээргүй байхад Цагаан хадны НАБТ-ын талбайгаас өдөрт 600 машин гардаг ч хятадаас татаж байгаа нь энэ тоондоо дүйдэг учир нүүрсээ ачаад НАБТ-ын талбайгаас гарсан машинууд замдаа хамгийн багадаа дөрөв хонож хилээр нэвтэрч байв. Учир нь Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэлх 22 километр газарт зам дагуу 1800-2500 хүртэл машин дугаарлаж байдаг. Тиймээс өдөрт нэг машин 2-6 километр газар хороодог гэсэн үг. Энэ бол хятадын талаас дугаарлаж байгаа машинуудыг маш сайн татсан нөхцөлд гэж байгаа шүү дээ. Харин монголын нүүрс тээврийн машинуудаас хятадын гааль дээр хилээр гаргахыг хориглосон бараа, таваар илэрвэл нүүрс ачсан машинуудын цуваа 13 хүртэл хоногоор зам дээр дугаарлаж, жолооч нар сарын талыг машины кабинд өнгөрүүлэхээс өөр аргагүй байдалд ордог. Нэгэнт дугаарлалтад орчихсон машины жолооч нарын хувьд биеийн чилээ гаргах, бие засах төдий л машинаас бууна уу гэхээс зайлшгүй шаардлага үгүй бол кабиндаа байнга байна. Дангаараа 120 тонн, чиргүүлтэйгээ 240 тонн ачаа ачиж, хоёр улсын хилийн дунд 22 километрыг метр метрээр ахиж туулдаг жолооч нарын хувьд үүнээс өөр сонголт үгүй нь даанч харамсмаар…

Мөн ийм ачаалалтай байдаг учир энэ зам дээр ажиллаж байгаад машиндаа нас барсан золгүй тохиолдолд өртсөн жолооч нар ихэвчлэн идэр насны эрчүүд. Уг нь Цагаан хаднаас 2.5 километрт  “Тайван зогсоол” хэмээх цогцолбор байгуулагдаад дөрөв дэх жилдээ золгож буй. Монгол Улсын Засгийн газрын “Авто зогсоолын цогцолбор байгуулах тухай” 2018 оны 101 дүгээр тогтоолын дагуу нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлж байгаа 15 мянга орчим жолоочийн ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг үр дагаврыг бууруулах, Гашуунсухайтын замаар нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан чихэлдэн зогсох нүүрсний тээврийн хэрэгслийг нэгдсэн зохион байгуулалттай зогсоолд зогсоож, Төрийн нэг цэгийн үйлчилгээг хүргэх зорилгоор Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутагт “Тайван зогсоол” цогцолбор төслийг хэрэгжүүлсэн нь энэ. Уг зогсоолд нүүрс тээврийн 2000 машин зогсох хүчин чадалтай гэдэг. Харин Цагаан хадны НАБТ-ын талбайгаас Хятадын Ганц модны боомт руу нүүрс тээвэрлэж, хилээр гаргах зөвшөөрөлтэй 3500 орчим машин байдаг бөгөөд уг зогсоолыг бүрэн ашиглахад зам дагуу эгнэж зогссон машины 70-аас дээш хувь нь багтах бүрэн боломжтой гэж байгаа.

Ийм л мөнгөний урсгалыг амдаж байгуулсан уг бүтээн байгуулалт А.Сүхбат хэмээх аварга нэрээр ард түмэнд дархлагдсан бөх гишүүнийх. Магадгүй ийм бүтээн байгуулалтыг ийм урсгалд ингэж оруулж чадах хүн А.Сүхбатаас өөр хүнд тэр бүр олдохгүй байх. Тэр ч утгаараа өөрийн нэр хүчээ ашиглан байгуулсан энэ цогцолбор нэрнээс цаашгүй, иргэдэд хүрч үйлчилж чадахгүй байгаа учир нь кабинаараа гэрээ хийж, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж таван төгрөг олдог жолооч нарын хувьд байрлаж үйлчлүүлэх бүү хэл бараа нь харагдахаас цаашгүй “тэнгэрийн үнэтэй”. Дүүрч үнэ дагаж чанар байж болох атал үнэндээ хүрэхгүй чанартай “Тайван зогсоол”-ын зочид буудал нь нийтийн нойлтой хоёр ортой өрөө нь гэхэд 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, таваг хоёрдугаар хоол 15.000-35.000 төгрөг, шөлтэй хоол 9.900-19.000 төгрөгийн үнэтэй. Цагаан хаданд ажиллаж байгаа машинуудыг хамаарах 140 гаруй компани БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай. Хятадын компанид Монгол жолооч нар нэг рейсийг 1.800.000 төгрөгийн цалинтайгаар ажилладаг атлаа “бэлэн”-гийнхэн  гэж хочлуулж, богинын тээвэрт явна. Тэд Тавантолгойн нүүрсний уурхайгаас Цагаан хаданд тээвэрлэгдэж ирээд НАБТ-д буулгагдсан нүүрсийг эргүүлэн ачиж Хятадын хилээр гаргана. Ингэхдээ жолооч нар машинаасаа бараг буухгүй шахам, маш эрсдэлтэй, хүнд нөхцөлд ажиллаж байхад ганцхан шөнө хоног төөрүүлэхэд өрөөндөө нойл бүү хэл угаалтуургүй газарт зөвхөн орон дээр унтсаныхаа төлөө 150.000 төгрөг төлнө гэдэг хэрээс хэтэрсэн шунал биш гэж үү, А.Сүхбат аварга аа?

Мөн энэхүү онцгой эрх мэдлийг түүнд өгсөн одоогийн Засгийн газрын тэргүүн ч мөн хууль шатны байгууллагад шалгагдах ёстой бөгөөд зохих ёсны хариу тайлбарыг өгөх нь шударга ёсонд нийцэхээс гадна цаашид энэ мэт нэр нүүрээ ашиглагчдад сургамж болох ёстой бус уу, Л.Оюун-Эрдэнэ сайдаа?

Түүнчлэн нэгэнт л А.Сүхбаттай холбогдох хэргийг шалгаж байгаа юм чинь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Цагаан хаданд өөрсдийн ноёрхлоо тогтоосон “Тайван зогсоол”-д хамаарагдах асуудлыг шалгаж, гэр бүлээ орхин амьдралын төлөө зүтгэж байгаа жолооч нарын үгийг сонсох нь хэргийг шударга шүүж, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэхэд нэмэр болно хэмээн хууль хяналтын байгууллагын анхааралд хүргэх нь сэтгүүлч миний хувьд зүйн хэрэг билээ…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours