Яруу найрагч С.Ариунзул: Хэнээс ч гуйгаагүй, хэнээс ч аваагүй шүлэг, дуунууд маань надад юунаас ч илүү үнэ цэнэтэй

Нутаг нэгтнүүд маань амьдралын эрхээр дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байна. Тэдний нэг яруу найрагч С.Ариунзултай цахимаар холбогдон ярилцлаа. Тэрээр БНСУ-д ажиллаж, аж төрж буй.                                     

-Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе…               

-Баярлалаа. Танай сайтын хамт олонд ч энэ өдрийн гэгээн мэндийг уламжилъя.               

-Сүүлийн үеийн уран бүтээлийн тань сонин сайхнаас сонирхъё…                 

-Сүүлийн үеийн гэснээс 2021 он миний хувьд уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан жил тохиолоо. “Санахын хайлан аав л ижий минь”, “Ангир дэлхий”, “Мэдрэмжээс дээгүүр”, “Хамгийн нандин хайр”, “Монгол гэр минь” зэрэг хэд хэдэн дуугаа өлгийдөн авлаа. Өмнөх жилүүдэд ажлын талбар дээр ихэнх цаг минь өнгөрч байсан тул зав чөлөө гарсан үедээ л сэтгэлд буусан ганц нэг шүлгээ тэрлэдэг байсан юм. Гэхдээ бүрмөсөн орхигдуулаагүй. “Намар аав”, “Миний хоёр эрдэнэ”, “Дурлал гэдэг…”, “Баясалтай яа” дуунууд маань төрж, дуунд дуртай монгол түмний минь сонорт хэдийнээ хүрчээ. 

Мөн эдгээр дуунаас гадна хөгжмийн зохиолч, СТА Ш.Өлзийбаяр багштай хамтран бүтээсэн “Хаан хайр”, СТА Н.Бат-Өлзий ахын аялгуу “Санан тэмүүлдэг эх орон”, СТА Б.Дамбадаржаа ахын зохиосон “Монгол гэр минь”, “Алаг дэлхийн хойморт”, “Эгшиг амилаах монгол дуу хуур минь”, СТА Н.Буяндэлгэрийн аялгуу “Хайрын зураг” зэрэг дуу маань мэндлээд удаагүй ч тодорхой төлөвлөгөөний дагуу нийтэд хүргэх гэж яарахгүй байгаа.                     

Бас жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур-34” наадмын нийтийн дууны төрөлд “Ангир дэлхий” дуу минь гуравдугаар байрын шагнал хүртлээ. Энэхүү нэр хүндтэй наадамд анх удаа оролцож, чамгүй амжилт үзүүлсэндээ маш их баяртай байгаа.         

-Ингэхэд та хөгжмийн зохиолчид, дуучдаас хэн хэнтэй хамтарч ажилладаг вэ?                           

-Та анзаарсан байх. Би утга зохиол судлаач, шүүмжлэгч мэргэжлээр их сургууль төгссөнөөс хойш өнөөг хүртэл дууны яруу найраг гэдэг туурвил зүйн бүтээлийг сонирхон судалж, шунан дурлаж бичсээр яваа хүний нэг. Эзэмшсэн мэргэжлээсээ уйдаж, урвасан удаа надад нэг ч үгүй. Дипломын ажил маань ч Ж.Бадраа агсны бүтээл дээр тулгуурласан “Орчин цагийн нийтийн дууны шүлгийн чиг хандлага” гэсэн сэдэвтэй байсан. 

Сургуулиа төгсөөгүй байхад анхны дуунууд  болох “Санаж амарлих ижий”, “Нутгийн танхил бүсгүй”, “Хун цагаан хайр” минь нийтийн хүртээл болсон гэвэл энэ арав гаруй жилийн хугацаанд Монголын олон арван хит дууг бүтээсэн МУАЖ А.Энхтайван, УГЗ Г.Энхбаяр (“хоовон”), АБТА, СТА Н.Янгиг агсан, СТА О.Эрдэнээ, Ц.Дашзэвэг, Ш.Өлзийбаяр, Н.Бат-Өлзий, Б.Хүрэлбаатар (Ховд), Б.Дамбадаржаа, Б.Бат-Эрдэнэ (Аранзаа), Цэн.Эрдэнэбат, Б.Энхзаяа, Н.Буяндэлгэр зэрэг шилдэг хөгжмийн зохиолчтой хамтран ажиллаж, нарийн тоолоогүй ч бүрэн хэмжээний хоёр ч тоглолт хийх урын сантай болжээ. Дуучид гэвэл мэдээжийн хэрэг миний дууг дуулсан бүх дуучинг нэрлэх нь зүйтэй. Учир нь дуу гэдэг урлаг үг, ая, дуучин гэсэн гурван нийлмэл хүчийн аль нэг нь л байхгүй бол хэрхэн амьдрах билээ. Золоор миний дуунуудыг энэ цагийн шилдэг гэсэн тодотголтой олон сайхан дуучин дуулсан нь надад маш их урам өгдөг. 

Та сонс л доо. Өнөөдөр дэлхийн сонгодог урлагийн тайзнаа Монгол улсынхаа нэрийг гаргаж яваа Б.Гомбо-Очир, Б.Монголхүү нараас эхлээд “Зууны манлай хос дуучин”, УГЖ С.Вандан, УГЖ Д.Дуламсүрэн, УГЖ Л.Болдбаатар, СТА Л.Чулуунбаатар, Б.Баяндалай, В.Баттулга, Б.Дуулим гээд найман настай балчраас наян настай буурлууд ч нэрийг нь дурсахад таньдаг, дуу бүхнийг нь даган дуулдаг, тийм мундаг авьяаслаг дуучид дууг минь дуулж байхад өчүүхэн би бахархахгүй, талархахгүй байхын аргагүй, бас их азтай, хувьтай хүн байгаа биз? 

Тиймээс анх шүлгээ өгсөн цагаас эхлээд дуугаа жигүүр урган нистэл нь хөгжмийн зохиолч, дуучин хоёртойгоо аль болох ойрхон байж, санаа оноогоо ярилцаж, он цагийн шалгуур давсан сайн бүтээл төрүүлэхийг хичээдэг.

-Та голдуу зохиолын дуучидтай хамтарч ажилладаг. Яагаад рок, поп хамтлаг, дуучидтай хамтардаггүй юм бэ?            

-Энэ тухай хүмүүс их асуудаг, “Чи дандаа зохиолын дууны шүлэг бичих юм. Рок, поп дууны шүлэг бичиж болдоггүй юм уу?” гэж. Энд бяцхан тайлбар хийх хэрэгтэй болов уу. Бидний мэргэжлийг мэдэхгүй хүмүүс нарийн сайн ойлгохгүй байж болох л юм. Эхлээд “поп” гэдэг үгийн үндсийг авч үзвэл популярный/popular (англи) буюу нийтийн, масс руу чиглэсэн гэсэн утга санаа гарч ирдэг. Тэгэхээр зохиолын дуу ч нийтийн, рок, поп дуу ч нийтийн л гэсэн үг. Рок, поп дуу нь орчин үеийн хөгжим дээр тулгуурласан, хэлбэрийн хувьд нийтийн дуунаас стиль, имиж нь өнгө төрхөөрөө олон янз байдгаараа онцлог. Нийтийн дуу нь монголчуудын нүүдэлчин ахуй соёлоос үүдэлтэй ардын дууны уламжлалаас салбарлан, язгуур хэв шинжээ хадгалж яваа гэдгээрээ ялгаатай. Гэвч агуулгын хувьд аль аль нь нийтэд зориулагдсан гэж ойлгож болно. 

Миний шүлгүүд хэлбэрийн хувьд ардын дууны шүлэглэх ур маяг дээр уламжлан, толгой, сүүл, аялга үгээр холбох аргыг ихээхэн ашигладаг тул нийтийн дууны шүлэгт илүү тохиромжтой байдаг. Гэхдээ сүүлийн үед энэ хайрцагнаасаа гарах гээд задгай шүлгүүд бичиж байгаа. Тэрний нэг илрэл нь “Миний найз бүсгүйчүүд”, “Дурлал гэдэг…”, “Хайрын зураг” зэрэг дуунаас анзаарч болно. Одоо поп чиглэлийн 2-3 дуу хийж байна. Эдгээр дуу маань цацагдаад эхлэхээр намайг цаашдаа рок, поп дууны шүлэг бичих чадвартай хүн үү, үгүй юу гэдгийг тодорхойлох байх.                   

-Нэлээн дээхэн нэгэн дуучин залуутай цахимаар холбогдсоноо олон нийтийн сүлжээнд тавьсан байсан…                     

-Миний хувьд дууны яруу найрагт мөрөө үлдээж эхэлсэн цагаас өнөөдрийг хүртэл олон сайхан уран бүтээлчтэй танилцаж, хамтран ажилласаар ирснийг өмнө дурдсан. Одоо би сэтгэлийн хөөрлөөр толгойдоо орсон үг үсгийг нийлүүлж, юу ч хамаагүй бичдэг эхлэн суралцагч биш. Өчнөөн мундаг эрдэмтэн багш, зохиолч, яруу найрагчаас номын дуу сонсон суралцаж, мэргэжил болгон эзэмшсэн. Дууны шүлэг бичнэ гэдэг бол хүссэн хүн бүхэн бичээд байдаг амар зүйл биш. Үг гэдэг маш хүчтэй зэвсэг. Өндөр мэдрэмж, нарийн ур, ухаан шаарддаг. 

Тодруулж хэлбэл дууны шүлэг бичдэг хүн дууны яруу найргийн онцлогоо мэддэг, хөгжмийн нарийн мэргэжлийн биш юм аа гэхэд наад захын мэдлэгтэй, сонсгол мэдрэмжтэй байх ёстой гэж боддог. Өөртөө ч энэ шаардлагыг тавьдаг учраас тархиа гашилтал бодож, сэтгэж бичсэн оюун санаа, авьяас билгээ ам хэлтэй хэн нэгэн нөхөрт элдэвлүүлж, доромжлуулмааргүй байна. Хэнээс ч гуйгаагүй, хэнээс ч аваагүй шүлэг, дуунууд маань надад юунаас ч илүү үнэ цэнэтэй.                        

-Ер нь таныг яруу найрагч болоход ямар хүчин зүйл нөлөөлсөн бэ?    

-Намайг дунд сургуулийн хоёрдугаар ангид ордог жил аав, ээж хоёр маань гэнэтийн шийдвэр гаргаж, малчин болсон юм. Тэр цагаас эхлээд би гэдэг хүн зун, намар нь хөдөө, өвөл, хавар нь суурин газар сурч боловсрох болов. Амралтаараа хөдөө гэртээ очихоор радио гэдэг юмнаас өөр харах, үзэх зүйл үгүй. Үе үе ээж, аав хоёрын хамаатнууд, найзууд ирнэ. Тэр тоолонд манайхаас үдэш бүр найр тасрахгүй. Хөдөөний шоу юм даа (инээв). 

Хоёр талцаж суугаад л дэмбээдэж, хуруудаад, дуулж, хуурдаад найрлачихна. Жинхэнэ амьд дуу хуурын тоглолт тэнд л болно. Тэгэхэд монголчууд бүгд дуучин, дуунд дургүй хүн байдаггүйг мэдэрсэн. Бас ээж аймаг, хот явахаараа дууны жижигхэн номууд байнга авчирна. Тэгээд өнөөх номуудаас харж байгаад мэддэг дуунуудаа ээжтэйгээ хоршоод их дуулна. Тэр үеэс л дууны яруу найргийг анзаардаг болсон юм шиг санагддаг. Багаасаа ийм орчинд өссөн хүн сонирхохгүй гээд яах вэ дээ. 

Одоо бодоход ээж минь хувь хүний хувьд зөв хүн болон төлөвшүүлэхээс эхлээд ирээдүйн яруу найрагч болон хөгжиж, боловсрох суурийг аль бага, хүүхэд наснаас минь тавьж өгсөн юм шиг санагддаг.                                                  

-Анхны шүлгээ хэдэн настайдаа бичив? Ямар сэдвээр бичсэнээ санадаг уу?                                    

-Намайг анх хорвоотой танилцуулж, номтой нөхөрлөх эхлэлийг тавьсан хүн бол миний аав, ээж хоёр. Бас тухайн үеийн Зуунмод сумын номын дэлгүүрийн худалдагч эгч нарыг би дурсахгүй өнгөрч яахин чадах билээ. Аав маань мужаан, ээж номын санч мэргэжилтэй, аймгийн номын дэлгүүрийн орос номын нярваар хориод жил ажилласан маш ухаантай эмэгтэй. Аав орой ажлаасаа ирээд, зуны амбаартаа монгол гэрийн хаалга, тоононоос эхлээд тэр үеийн айлуудын гэртээ тавьдаг бүх тавилгыг хийнэ. Шинэхэн нарсны үнэр сэнхийсэн тэр жижигхэн байшинд мод харуулдаад зогсож байгаа аавыгаа харж зогсохдоо “Том болоод аав шигээ хээгээ зохиогоод зурчихдаг зураач, зохион бүтээгч болно” гэж боддог байж билээ. 

Өглөө бүр ээжтэйгээ хамт ажил дээр нь очоод, худалдагч эгч нараар хүссэн үлгэрийн номоо уншуулдаг, сүүлдээ хүнээр уншуулах нь сонирхолгүй санагдаад, эгч нараараа үсэг заалгаж, нэгдүгээр ангид орохдоо хэдийнээ уншиж бичээд сурчихсан, үлгэрийн номоос халиад хүүхдийн зохиол уншдаг болчихсон байсан балчирхан үе миний хамгийн гэгээхэн, аз жаргалтай өдрүүд байж. Тийм азтай хувь тавилан хэн хүнд заяахгүй байх.

Гуравдугаар ангид байхад мартын наймнаар ангийн багш маань бага ангийнхны дунд зохиогдож байгаа ээжийн тухай шүлгийн уралдаанд оролцох даалгавар өглөө. Тэр уралдаанд манай ангийн ихэнх хүүхэд оролцсон.                                    “…Зүүдийг минь манаж зөндөө удаан хамт байгаарай, ээж ээ                    

Зөрүүд жаахан охин нь зөндөө их баярлуулна аа                                                       

Хайртай шүү, ээж ээ” гээд мэлмэртэл бичсэн миний шүлэг шалгарч, нэг сарын турш сургуулийн хүндэт самбарт байршсан нь надад цаашид бичих сэдэл өгсөн. Энэ шүлгээ ээжийнхээ зурагны ард бичиж хадгалчихаад гэрээ санах тоолонд гаргаж ирж хараад, их чимээгүй уйлдаг хүүхэд байв. Одоо ч хэвээрээ дээ. 

Гэхдээ дунд ангид ороод, сургуулиа сольсноос хойш яагаад ч юм бэ бичсэн шүлгүүдээ хүмүүсээс маш их нуудаг болчихсон. Яагаад тийм бүрэг байснаа ойлгодоггүй юм. Энэ байдал маань 2007 он хүртэл үргэлжлээд нэг л өдөр тэсэрсэн нь ээжийгээ хорвоогоос алдчих шахсан аймшигт өдрүүдээр эцэс болсон.                                               

-Яруу найргийн багшийнхаа талаар яриач…                                           

-“Намайг яруу найрагч, зохиолч болгож өгөөч. Би танд шавь оръё” гээд хадаг барьж, албан ёсоор ёсолсон багш надад байхгүй ээ. Гэхдээ МУБИС, “Монголын нууц товчоо” дээд сургууль, СУИС-д суралцсан жилүүдэд надад монгол хэлний зөв бичих дүрмээс эхлээд утга зохиолын шүүмж судлал, соёл судлал хүртэлх хичээлийг чин сэтгэлээсээ зааж, өдий зэрэгтэй бичих, туурвих ур чадварыг эзэмшүүлсэн эрдэмтэн багш нараа бүгдийг нь “Миний багш” гэж бардам хэлнэ.                                         

Үргэлж уулзаад хамт байгаагүй ч зориод очиход халуун дотноор хүлээн авч, үр хүүхдээсээ ялгалгүй алдаа оноог минь зөвлөдөг, сургадаг байсан ажил, уран бүтээлийн минь хамгийн сайн зөвлөгч бол “Монголын нууц товчоо” дээд сургуулийг үүсгэн байгуулагч, хөдөлмөрийн баатар, АУЗ, төрийн соёрхолт Д.Пүрэвдорж (агсан) багш болон миний нутгийн эрхэм ах, хөдөлмөрийн баатар, АУЗ, төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн (агсан) ах маань байсан.                      

-Та яруу найрагчдаас хэн хэнтэй илүү дотно харьцаатай байдаг вэ?                   

-Одоо ч цахим орчин хөгжөөд, хүссэн үедээ хэдэн тоо цохиод, видео дүрсээр ярьчихдаг болсон болохоор шаардлагатай бол ярья гэсэн зохиолч, найрагчидтайгаа холбогдох амархан болж дээ. Гэхдээ өнөөгийн нөхцөл байдал маань яруу найрагчдаас илүү хөгжмийн зохиолч хэдэн ахтайгаа дотно байдаг гэвэл үнэнд ойрхон.                                             

Өдрийн ихэнх цаг үйлдвэрийн ажлын урт өдрүүдээр үргэлжилдэг учир гэртээ ядарч ирээд л унтчихдаг. Амарч байгаа үедээ утас шөрмөсөөр ярихаас илүү чимээ аниргүй орчинд агаар салхинд гарч, тархиа амраахыг боддог. Монголдоо очихоор хүссэн, хүсээгүй уулзаж, учраад явах байлгүй дээ.  

-Олон хит дууны шүлэг бичсэн найрагч маань арай л цөөн номтой юм шиг…                                                      

-Тийм ээ, 2010 онд маш их эр зориг гаргаж бүтээсэн “Ижил заяа” номоос өөр ном хэвлүүлээгүй. Учир нь би одоо ч өөрийгөө маш их чамладаг. Нэгэнт хийж байгаа бол хийсэн шиг хийхийг зорьдог. Ганц нэг хуудсыг нь сөхөж хараад л “Энэ ч дээ гээд гологдохооргүй юм хийх юм сан” гэж хичээдэг. Өөртөө тавьсан энэ шалгуур бас номоо хэвлүүлэхээс түрүүлээд дуунууддаа анхаараад байгаа зүйл бий. Уг нь хоёр ч номынхоо эхийг бэлдсэн. “Бийрийн мөр шиг өдрүүд” гэдэг номын маань өмнөтгөлийг АУЗ Б.Лхагвасүрэн ах гараараа бичиж өгсөн нь одоо ч хадгалаатай байгаа.                                                     

-Та “Зууны манлай хос дуучин” Вандан, Дуламсүрэн нарын “Ижил заяа” дууны шүлгийг зохиосон. Энэ дуу бүтсэн түүхийн талаар яриач…  

-Товчхондоо бол аав, ээж хоёртоо зориулж бичсэн. 2009 оны намар хичээлээ тараад, аавындаа очоод амарч байтал ээж “Хоолоо хийж байгаарай” гэчхээд гадуур ажилтай хүн шиг гараад явчхав. Ээжийг гараад удаа ч үгүй байтал аав байсхийгээд л “Ээж нь хааччих вэ?” гэж асуучхаад дүлий хүн шиг суугаад байх юм. Би ч “Аав одоо юун сүртэй юм бэ, ирэхийн хооронд” гэсэншүү юм бодчихоод тоосон ч үгүй. Нэг их удалгүй ээж ч ороод ирлээ. “Аав таныг байсхийгээд л хаачив, хаачив гээд байх юм. Хардаад байдаг юм уу?” гээд цаашлуултал ээж “Тамхи нь дуусчихаад байж ядаж байхгүй юу. Өөр яадаг юм бэ” гэж байна. “Өө та тэгээд нэг их чухал ажилтай хүн шиг гарсан. Тамхинд явчихаад ирж байгаа юм уу?” гээд үгээ гүйцэд хэлж дуусаагүй байтал аав тэндээс суудал дээрээсээ өндөлзөн, гар хөлийг нь жаахан хүүхэд шиг дагуулж хараад л, яриа хэл ороод жигтэйхэн. 

Тэгтэл ээж “Битгий надаас нуугаад хүн амьтнаас тамхи гуйж татаад бай. Санаа зовмоор юм” гэснээ цүнхнээсээ блок тамхи гаргаж өгөхөд аавын хурдан гэгч нь тосон авч, баярласан, хайрласан нүдээр ээжийг яаж харсныг та харсан ч болоосой. Тэр үеийн ээжийн аавд хандаж буй байдал, аавын нүдийг харсан хэний ч сэтгэлд хайрлахгүй, хүндлэхгүй байхын аргагүй тийм дулаахан, уяруухан санагдаж билээ.

Тэр үйл явдалд миний сэтгэл хөдөлсөн ч ээжид “Та ингээд өөгшүүлээд байхаар энэ хүн яаж муухай тамхинаасаа гарах юм бэ?!” гэвэл “За яах вэ дээ. Аав чинь ямар тамхи татахаас өөр архи дарс ууж, айл хотоор хэсүүчлээд, авгай хүүхэн эргүүлэх биш. “Одоо боль” гээд болиулчихвал өчнөөн жил хар утаанд идэгдсэн уушиг нь болохоо байна биз. Тамхиа дуусчихаар байх суух газраа олж ядаад, юмаа гээчихсэн хүн шиг гарч орж гүйгээд байхаар нь өрөвдөөд байдаг юм” гээд өмөөрөх шинжтэй хэлж байна шүү. Тэгээд тэр оройдоо                              

…Тулганы галаа хамтдаа ноцоож                      

Тооноо өргөсөн ижил заяа                                             

Томоогүй алдааг минь уучилж хайрласан                    

Тэнгэрлиг хань минь чамдаа хайртай                                          

гээд “Ижил заяа” дууны шүлгийнхээ дахилтыг бичсэн. Хамгийн хачирхалтай нь тэр шөнө унтаж байхдаа бадгаа зүүдлээд сэрчихсэн. Мартахгүйн тулд маш хурдан босоод бичиж тэмдэглэсэн дээ. 

Дараа нь ээж, аав хоёртоо хэлэлгүй “Ижил заяа” номоо цагаан сарын өмнөхөн хэвлүүлж, гэрийнхэндээ бэлэг барьсан. Маш их эр зориг гаргаж бүтээсэн ном маань надад их урам, эрч хүч, ололт амжилт, авчирч, тэр жилийн хит парадыг тасралтгүй өнгөлсөөр 2011 оны нийтийн шилдэг дуугаар шалгарсныг дурсахад таатай байна. Н.Янгиг багш маань тансаг аялгуу хийж, Вандан ах, Дууяа эгч хоёр маань ч гайхалтай сайхан амьдруулж, амьдрал, уран бүтээлийнхээ замналаар дүрсжүүлэн, түмэнд хүргэснээр дуу маань гарсан даруйдаа хит болсон түүхтэй. 

Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог гэж зүгээр ч нэг хэлээгүй үг гэж боддог юм. Тийм учраас намайг түмэнд таниулж, өдий зэрэгт хүргэх жигүүр ургуулсан энэ дуундаа, энэ нэрэндээ би маш их хайртай. Одоо ихэнх хүн намайг С.Ариунзул гэхээс илүүтэй Ижилзаяа гэдэг нэрээр маань таньдаг, мэддэг болсон.                                           

-Таныг хамгийн их зовоосон, хамгийн их удаж байж олонд хүрсэн дуу гэвэл…                      

-Ер нь ямар ч уран бүтээл хүний зүрх сэтгэлээс урган гарахдаа багагүй цаг хугацаа, орон зайг туулж бүтдэг. Хөгжмийн найруулга хийхэд тодорхой хугацаа орно. Хамгийн удаан хүлээлгэж олонд хүрсэн дуу гэхээр “Санан тэмүүлдэг эх орон”, “Ангир дэлхий” дуу минь юм уу даа. Үнэндээ нэг их удаагүй л дээ. Маш их бодож, бясалган, бас уйлж бичсэн шүлгүүд болохоор яараад л, хурдан сонсчих гээд хүлээгээд л, хүлээгээд л…                                             

Ер нь шинэ дуунуудаа анх сонсоход үр минь төрснөөс ялгаагүй тийм нандин, сэтгэл нялхраад уйлмаар ч юм шиг, дуугаа сонсох тусам дурлах тэр үеийн мэдрэмж үнэхээр гоё.          

-Зохиосон дуунуудаа сүүлийн үед дуулдаг болоод байна уу?  

-Дуучдын дэргэд миний дуулах гэж юу байх вэ дээ. Гэхдээ дуулдаггүй монгол хүн гэж байхгүй. Багадаа цэцэрлэг, сургуулийн бүх л арга хэмжээнд идэвхтэй оролцдог, дуулдаг хүүхэд байсан. Одоо бол зүгээр л өөрөө өөртөө дуучин. Өнгөрсөн хавар энд (БНСУ-д) байдаг найз эгчийн хүсэлтээр “Бурхны хайр” гэдэг шүлгэндээ ая зохиогоод, дуулсан. Үг, аяа зохиогоод, дуулсан анхны уран бүтээл минь л дээ. Захиалгын бүтээл байсан болохоор хааяа өөртөө л дуулаад явж байгаа. Бас АУЗ П.Бадарч ахынхаа “Цэцэгчний хүслэн” дууг санаандгүй байдлаар ямар ч бэлтгэлгүй ганцхан удаа дуулж бичүүлснийгээ цахим хуудастаа байршуулсан чинь нэлээн хандалт авсан байна билээ. Өөр дуулсан дуу байхгүй ээ (инээлээ).                                               

-Уран бүтээлд чинь аав, ээж, эх орны сэдэв голлодог ч сүүлийн үед  хайр сэтгэлийн сэдэв рүү ороод байгаа ажиглагдсан…                                           

-Хэрвээ та сонссон бол   СТА Ц.Дашзэвэгийн аялгуу,

Харцанд чинь би дурласан болохоор                          

Хээрийн цэцэг шиг замыг чинь тосдог юм аа                                                                       

Эрвээхэй болон өмнүүр чинь нисээд                      

Энгүй хайраа илчлэх юм сан                                                              

гэсэн үгтэй “Хун цагаан хайр” дуу маань хайрын сэдэвтэй анхны дуу минь. Бас                      

Дэлбээгээ нээсэн цэцэг шиг                                                             

Дэрвэж ургасан сормуус дээр чинь                            

Хээрийн гоёхон эрвээхэй                                                          

Буугаад нисэв үү амраг минь                                                                     

гээд УГЖ Л.Болдбаатарын дуулсан “Нутгийн танхил бүсгүй” гэдэг дуу ч бий. 

Эдгээр дуу маань тухайн цаг үедээ нэлээн хүчтэй дуулагдсан. Одоо ч мартаагүй, энд тэнд явахад эдгээр дууг минь амьдруулсан хоёр дуучнаас гадна аймаг, орон нутгийн театр, чуулгын дуучид төдийгүй энгийн иргэд ч дуулж байгааг сонсоход таатай байдаг.                                         

Хайр бол ямар ч уран бүтээлчийн мөнхийн сэдэв. Таны дурдсанчлан миний дуунуудад эх орон, ээж, аавын сэдэв зонхилдог ч энэ бүхний ард миний эх орноо гэсэн халуун сэтгэл, халуун хайр оршиж байгаа гэж бодож байна.

-Ер нь хайр гэж юу вэ? Нууц биш бол та одоо дурлачхаад байна уу? 

-Хайрын тухай шүлэг бичихээр зарим найз маань “Дурлачихаа юу?” гэж асуудаг. Би үгүйсгэдэггүй, бас “Тийм” ч гэдэггүй. Яагаад гэвэл миний нас залуу, сэтгэл минь бүр цэл залуу, зүрх маань дурлалдаа ч, уран бүтээлдээ ч шатаж байна. Тийм болохоор би өдөр бүхэн дурлаж, өдөр бүхэн шүлэг бичиж яагаад болохгүй гэж? 

Яах вэ, нас минь жилээс жилд нэгээр нэмэгдэж байгаа ч миний сэтгэлийг, миний оюун санааг тоогоор хязгаарлаж, хэмжиж болохгүй. Тэгвэл би найрагч байгаад яах юм бэ?! Тийм биз дээ? Дурласан хүндээ зориулж, шүлэг, дуу бичээгүй найрагч, хөгжмийн зохиолч гэж бараг байхгүй биз. Дуучид ч ялгаагүй. 

Тэнгэрт тултлаа магтуулчихаад, тэнэг гэж дуудуултлаа хаягдаад уйлж, гансарч бичсэн шүлгүүд ч надад байдаг. Гэхдээ энэ бол орчлонд цор ганц хувь бүтээгдсэн С.Ариунзулын зүрхний бичээс. Тэр бичээс давтагдахгүй. Хамаг сэрэл мэдрэмжээрээ амталсан зовлон, жаргалынхаа дууллыг би л бичихгүй бол өөр хэн бичих вэ?                                

-Ингэхэд таны онгод хэзээ ордог вэ?                           

-Би бичье гэсэн үедээ суугаад бичиж чаддаг. Нэг эхэлсэн бол заавал дуусгаж байж сэтгэл амардаг. Ийм үедээ аль болох ганцаараа, тайван орчинд байх дуртай. Тэрнээс биш онгодоо оруулж байна гээд согтууруулах ундааны зүйл хэрэглэх, тамхи татах, кофе уух гэх мэт ямар нэг өдөөх үйлдэл хийдэггүй. 

Нэг санаа олчихвол утас юм уу дэвтэртээ бичээд хадгалж үлдээнэ. Боломжгүй байвал аль болох мартахгүйн тулд үргэлжлүүлж бодоод, ой санамждаа авч үлдэхийг хичээдэг. Тэгээд бусадтай харьцаж байхдаа ч, ажлаа хийж байхдаа ч дотроо чимээгүй боддог. Тийм учраас тархиа их чилээнэ шүү.            

-Таны бодлоор онгод гэж юу вэ?                                      

-Онгод гэдэг зүйлийг нарийн ойлгодоггүй. Ер нь анхаарал төвлөрөх эгшин гэж хэлж болох байх. Миний хувьд сэтгэлийнхээ дуудлагаар л, хүссэн үедээ бичдэг. Тэр үед толгойд маш олон үг уралдаад л, урсаад л ороод ирдэг. Заримдаа тийм шүлгүүд маань аятайгаа бичигдэх тохиолдол ч бий. Яг тийм байдлаар “Бурхны хайр” гэдэг шүлгээ аятай нь бичээд, дуу болгож үзлээ. Сонссон хүмүүс байтугай би маш их гайхсан. Ичмээр дамшиг даа гэдэг шиг миний ая зохионо гэж юу байх вэ дээ. Хөгжмийн найруулгыг хийж өгсөн хөгжмийн зохиолч И.Эрдэнэбуян ахдаа л маш их баярласан. Онгод нь мөн эсэхийг мэдэхгүй ч намуухан сайхан дуу болсон шүү.                                     

-Та Солонгост ажиллаж, амьдардаг. Наана чинь яруу найргийн тэмцээн, уралдаан хэр болдог вэ?                                                     

-2008 оноос БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаадын зохиолч, яруу найрагчдын дунд яруу найргийн тэмцээн, уралдаануудыг уламжлал болгон зохион байгуулж ирсэн юм билээ. Энэ уралдаанд Монгол, Солонгос улсын утга зохиолын соёлын холбоо 2019 оноос хамтран оролцож, улмаар “Олон орны яруу найргийн наадам” нэртэйгээр албан ёсоор зохион байгуулах болсон.                          

-Таныг нэлээн хэдэн тэмцээн, уралдаанд түрүүлсэн гэж сонссон…                                                         

-Монголд байхдаа би уралдаан тэмцээн, наадамд нэг их оролцож байгаагүй. Харин өнгөрсөн намар энд байдаг монголчуудынхаа хүсэлтээр дээр дурдсан “Олон орны яруу найргийн наадам”-д эх орноо төлөөлөн оролцож, “Хайрын зураг” шүлгээрээ дэд байрт шалгарсан. Энэ шүлэгт минь Н.Буяндэлгэр найз маань маш тансаг аялгуу хийж, Б.Баяндалай маань амьдруулснаар их гоё дуу болсон. Одоо хит болж байгаа. 

Энэхүү наадамд Солонгос, Хятад, Япон, Узбекистан, Мьянмар, Вьетнам, Бангладеш, Филиппин, Индонез, Энэтхэг зэрэг олон орны зохиолч, яруу найрагчид, иргэд оролцсон байсан. Дараа нь Валентины баяраар зохиогдсон хайрын захидал бичих уралдаанд оролцож түрүүлсэн. Улмаар “Дэлхийн иргэн форум” гэдэг газраас дэлхийн хүний өдөрт зориулж зохион байгуулсан уралдаанд “Цэрэг эгчийн дууль” бүтээлээрээ амжилттай оролцсон. Энэ уралдаан олон улсын шинжтэй учраас байр эзлүүлдэггүй. Цар тахлаас шалтгаалаад цахим хэлбэрээр явагдсан тул гарын бэлгээр урамшуулсан.               

-Бай шагнал нь хэр вэ?             

-Нэг их биш ээ. Гэхдээ бай шагналаас илүүтэй эх орныхоо нэрийг дуудуулаад амжилттай оролцсон маань нэр төрийн хэрэг байсныг хэлэх нь зүйтэй болов уу.

-Ингэхэд та шүлгүүдээ худалддаг уу? Хамгийн их үнэ хүрсэн бүтээл чинь…                                                      

-Би өмнө хэлсэн, “Миний оюун санаа, миний бүтээл үнэ цэнэтэй” гэж. Тэглээ гээд надад хэн нэгнээс “Миний шүлэг тийм үнэтэй” гэж тодорхой үнэ хэлээд, талх зарж байгаа худалдагч шиг зарсан шүлэг, дуу байхгүй. Яах вэ, захиалгын шүлэг, дуу хийхэд үнэ ханш яригддаг. Энэ үед ихэвчлэн “Миний алган дээр тавих урамшууллаас илүү хамтран ажиллах хөгжмийн зохиолч, дуу бичлэгийн студийн төлбөрийг анхаараарай” гэж хэлдэг. 

Нүдээрээ хараагүй ч үнэ ханш тогтоогоод, уран бүтээлээ үнэлдэг хүмүүс байдаг гэж дуулсан. Өөрийгөө үнэлж чадаж байгаа нь зөв ч аливаа уран бүтээл хөлс мөнгөтэй хутгалдаад, хэл аманд өртөөд эхлэхээрээ үнэ цэнээ алддагийг хэд хэдэн хүний бодит жишээнээс мэдэх тул тийм зүйлд дургүй. Харин ч эсрэгээрээ чанарын шаардлага хангасан сайн бүтээл хийхийн тулд хамтран зохиогчидтойгоо ярилцаж байгаад боломжоороо дэмжихийг хүсдэг.                   

-Таны бодлоор дууны шүлэг сонгодог яруу найраг байх ёстой юу? Аль эсвэл…                               

-Дуу бол урлаг. Энэ урлагийн гоо сайхныг мэдэрч, сэтгэл алдран дурласан цагаасаа эхлэн судалж, суралцаж яваагийн хувьд хэлэхэд хүн төрөлхтний оюун санаанаас үүдэж, сая сая хүмүүний сэтгэлд хүрч хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн сонгодог бүтээлүүд шиг монгол дууны амин сүнс болсон яруу найраг ч бас сонгодог байх ёстой гэж үздэг. Дуу бол үг, аялгуугаараа хөгшин залуу, эр эм ялгаагүй ямар ч хүний сэтгэлийн хөгийг алдруулж чаддаг сэтгэл зүйн маш хүчтэй эм. 

Энэ эмийн гол орц, найрлага болох яруу найраг цэвэр тунгалаг байж гэмээнэ сайн аялгуу төрнө, сайн дуу төрнө. Хүний сэтгэлийн чинадад нэвтрэх тэрхүү сүнслэг чанар хийгээд зүй тогтол нь уран яруу, утга санаа нь төгс төгөлдөр байж гэмээнэ өнгөрсөн цагт ч, өнөөдөр ч, ирээдүйд ч үнэ цэнэтэй жинхэнэ сонгодог бүтээл болно гэж боддог.                                  

-Үргэлжилсэн үг рүү орох бодол бий юу?                   

-Мэдээж хэрэг, мэргэжлийн сургууль төгссөн хүний хувьд зохиолч, нийтлэлч хүний эзэмшвэл зохих бүх ур чадварыг тодорхой хэмжээгээр суралцсан гэж хэлж болно. Тайз, дэлгэцийн бүтээл их сонирхон судалж байна. Богино хэмжээний хоёр кино зохиол бичсэн. Цаг нь болохоор хүчээ үзнэ гэж төлөвлөсөн зүйл бий.                                                

-Таны шүлгүүд Солонгосын ном товхимолд багтсан гэсэн байх аа?                            

-Дээр өгүүлсэн наадамд шалгарсан бүтээлүүдийг товхимол болгож хэвлүүлсэн байсан. Тэр товхимолд “Хайрын зураг”, “Амьдрал ийм л сайхан” шүлгийг маань солонгос хэлээр орчуулж хэвлэсэн.                      

-Хоёулаа ярилцлагынхаа сэдвийг өөрчилье. Солонгост ажиллаад хэр удаж байна вэ?                    

-Дөрвөн жил гаран болж байна.                                  

-Нууц биш бол ямар ажил хийдэг вэ?                         

-Нуух юу байх вэ дээ. Энд ирсэн хүмүүсийн ихэнх нь маш олон төрлийн ажил хийж сурдаг. Би ч бас тэдэнтэй адилхан юм юм л хийж үзэж байна. Эхний жил гаруйн хугацаанд “Хьюндай-Киа” компанийн салбар, уул уурхайн машины сэлбэгийн үйлдвэрт, дараа нь мөн л энэ компанийн бас нэгэн салбар болох машины рулийн аппарат хийдэг үйлдвэрт ажиллалаа. Одоо биед арай хөнгөн юм уу гээд гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрт ажиллаж байна. 

-Монголдоо хэзээ ирэх вэ?                                                          

-Нарийн хугацаа товлоогүй ээ. Ямартай ч дэлхий нийтийг хамарсан муухай өвчин намдаад, иргэд маань тайван амгалан суугаад, тоглолт концертоо үздэг, айх айдасгүй болсон цагт очиж, юу хийж бүтээснээ тайлагнана даа гэж бодож байгаа. Яг одоо эх орондоо очих гэж яарахаас илүү эндээ өвдөж зовчихгүй, эрүүл саруул байж байгаад харих маань л чухал байна даа.

-Ярилцлагын төгсгөлд сүүлийн үеийн уран бүтээлээсээ сонирхуулаач…                           

-ТОЛИНД ТУСАХ СҮҮДЭР                                     

Санаа алдан, толинд тусах дүрээ харж зогсох нь ээ                              

Сэтгэл минь хорин жилийн өмнөх шигээ ч          

Санчигт минь гучин хэдэн хаврын зул хонгор цэцэгс хэдийнээ хагдарч                               

Хацарт минь гучин намрын сүүдэр энгэсэгт дарагдахааргүй тодорчээ.                                   

Арван есхөн настай, амьдрал үзээгүй нялхаараа                                     

Аавын зэмлэлээс зөрүүдлэн, төрсөн гэрээсээ мордсоноос хойш                                                                

Сайхан ханиас илүү сайн ээж л байх гэж хичээсэн                                   

Арван есөн өвлийн жихүүн жаварт жиндээд дасчээ                     

Үс минь бууралтаж…               

Үгнээс ид шид хайдаг сэтгэл минь яруухнаараа                               

Зүс минь гундаж…                   

Зүрхнээс үнэнийг нэхдэг итгэл минь гэнэн хэвээрээ                           

Нас минь нэмэгдэж…             

Хайраас хайр хэлхдэг инээд минь ялдамхнаараа                            

Харц минь тогтож…                    

Амьдралаас аз жаргал хүсдэг бүсгүй ааль минь л харин залуугаараа                                  

Үүлэн чөлөөний нар шиг                                               

Гэрэлтээд бөхдөг аж хүмүүний амьдрал гэдэг                                                    

Үргээд нисэх шувууд шиг                                               

Дэрвээд одох он цаг аж залуу нас гэдэг                   

Дүрэлзтэл асчихаад              

Зул шиг жаргадаг “Хорвоогийн жам” аж хүмүүний амьдрал гэдэг                                                                            

Салхи шиг шуурчихаад            

Нуур шиг налайдаг “Сэтгэлийн улирал” аж залуу нас гэдэг                       

Санаа алдан, толинд тусах дүрээ харж зогсох нь ээ                               

Хэлхсэн мөр бүхнээс нь сэтгэлийнх нь хөг ундарч                                           

Бүтээсэн дуу бүхнээс нь зүрхнийх нь бүлээн аялгуу цохилдог                         

Ээж болчихсон хэрнээ ээждээ л үнсүүлж тайтгардаг                                    

Эрх хонгор төрхтэй “Эгшиглэнт бурхны үр” инээмсэглэн өөдөөс ширтэх юм…                                  

-Баярлалаа. Тантай ярилцахад таатай байлаа. Уран бүтээлийн амжилт хүсье.                                              

Ярилцсан Ш.Эрдэнэтөр

+ There are no comments

Add yours