Хоёр төрлийн хүмүүс байдаг гэвэл Та ямар төрөлд нь багтах бол…

Сошиалаар дүүрэн “Гэм зэм”… Үзсэн бүхэн тасалбарынхаа зургийг постолж, өөрийнхөө үзэл бодлыг нийтэлсэн энэ долоо хоногийн сүүлийн өдрийн өмнөхөн “Русский Дом”-ын дэргэдэх Орфей театрыг зорив. Сэтгэл хөндүүр, тэгсэн атлаа хэтэрхий ч гэмээр хүлээлттэй, сэмхэн догдлон байж, зорьсон болохоор тэр үү өөрийн эрхгүй зүрх түг түг хэмээн чанга цохилж байгаа нь өөрт мэдрэгдсэн тийм нэгэн соньхон мэдрэмжтэй үдшийн 19.00 цагт суудлаа эзлэв, Гэм зэмийнхэн… Үнэндээ миний хувьд нэг л догдлоод байсан учир гарах цагаас өмнө, 17.30 цагт ирсэн л дээ… Тиймээс үзэгчдийг суудалд урьсан хаалга нээгдэхэд хамгийн түрүүнд танхим руу орж ирсэн юм… 

Энэ зууны эхэнд Петербургийн саарал гудамжийг донсолгосон аймшигт хэргийн шүүх хурал эхлэх нь тэр… Танхимд шүүгч орж ирлээ, БОС гэх ширүүн дуутай зэрэгцэн үзэгчид суудлаасаа өндийхтэй зэрэгцэн хойд эгнээний суудлаас хоёр гурван хүний цагаа олоогүй инээдтэй зэрэгцэн чимээгүйхэн ярагдсан хөшигний араас хот донсолгосон алуурчин Р.Р. Раскольниковын хоёр давхарт гартаа гав гинжтэй гашуудаж, цөхөрч эцсэн төрх, нэгдүгээр давхарт түүний өмгөөлөгч бачимдаж сандарсан, байн байн жихүүц нь хүрэв үү гэмээр биеэ сэгсэрч бухимдсан Разумихин, хохирогч бүсгүйчүүдийн хойноос гашуудан шаналсан гэхээс илүү ур чадвар, үзэсгэлэн гоодоо эрдсэн гэмээр цэл залуухан улсын яллагч Алена Ивановна нар “угтах”нь содон атлаа сонин шийдэл байлаа …

… Петербургийн их сургуулийн оюутан Родион Романович Раскольников долдугаар сарын 06-ны өдөр Алена Ивановна, Елизаветта Ивановна хэмээх эгч дүүсийг сүхээр цавчин онц хэрцгийгээр амийг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, хэргийг шүүн таслах ШҮҮХ ХУРАЛ-ын тов товлогджээ. Эгч дүү хоёрын амийг онц хэрцгийгээр хөнөөсөн алуурчин хүний амийг хөнөөгөөд зогсоогүй, эд зүйлс дээрэмдсэн нь тухай албаны эх сурвалжаас мэдээлэл авсан иргэдийг ихэд цочроосон бөгөөд олон нийт цочролоос гараагүй байхад гэмт хэргийн сэжигтэн Р.Р. Раскольников өөрийн биеэр ирж хэргээ хүлээсэн нь Петербург хотыг доргиосон их шуугиан дэгдээсэн юм. Дашрамд дурдахад Петербург хотод өмнө нь энэ хэргээс ч илүү харгис хэрцгий аллага гарч байсан ч яг энэ хэрэг шиг ийм том дуулиан дэгдээж байгаагүй бөгөөд чухам яагаад энэ хэрэг ингэтлээ олон нийтийн анхаарлыг татаж хот даяар дуулиан дэгдээсэн нь сонин?

Магадгүй, оюутан Р.Р. Раскольниковын хоёрхон сарын өмнө Петербургийн мэдээ сонинд илгээсэн нийтлэлээс болов уу? Магадгүй тэрхүү нийтлэлд, “аугаа үйл хэргийн төлөө цус урсгах нь зайлшгүй хэрэг, аллагын зорилго нь аргаа зөвтгөж болно” гэсэн дүгнэлтээс болов уу?…? Раскольниковын энэхүү бодлын улмаас  мөнгө хүүлэгчийн амь насанд халдсан байх магадлал өндөр хэмээн мэдэмхийрэгч олширч байсан тэр л цаг дор өндөр хүү тооцдог, барьцааны эд зүйлсийг луйварчдаар дамжуулан дамладаг байсан хөгшин хатагтай бусдын гарт алагдсан нь хотын ядуусын хувьд баяртай мэдээ байсан гэхэд хэтрүүлсэн болохгүй юм… Уй гашууд автаж бөхийсөн бахим чийрэг биетэй, цонхигор царайтай Раскольниковын шанаа гүрэлзэж, хацарны нь арьс татвалзах агаад  үсээ сүлжиж тойруулан хавчсан улсын яллагчийн гарт жижиг хутганы ирэнд зүсэгдэн хальслуулах алим байгаа хэдий ч харц нь сэжигтэн дээр очтол, чих нь хажууханд уугичин бачимдан байж үйлчлүүлэгчээ өмгөөлөх өмгөөлөгчийн үгсийг үг гээхгүй сонсох нь гайхалтай. Цэл залуухан, гялалзсан нүдтэй, ганган хээнцэрхэн Алена Ивановна шүүх хурлын танхимд ЦУУРАЙТАЖ байлаа. Амьсгал даран чагнахаас аргагүй болтол мэтгэлцэх мэтгэлцээнийг аймшигтайгаар шаналж, бүхий л биеэрээ цурхиран бөхийх залуухан оюутан Раскольниковын хүнд амьсгал, хүйтэрч сааралтах нүүрний хувирал … \алуурчинд дурладаг юм байжээ хэмээн бодогдож байсан шүү, үнэндээ\

Тэд дэндүү хайрламаар үнэхээр хайрламаар дүрээ бүтээж байв. Маш хариуцлагатайгаар цааш үргэлжлэх жүжигт улам уусан живсэн үзэгчдийн суудал аниргүй нам гүм… Харин өмгөөлөгч, улсын яллагч хоёрын мэтгэлцээн дэндүү сонирхолтой дэндүү өрнүүн үргэлжилсээр жүжгийн нэгдүгээр үе завсарлахад өөрийн эрхгүй гүнзгий амьсгаа авсан. Над шиг олон үзэгч чимээгүйхэн санаа алдаж, чих тавин завсарлага дуусахыг хүлээж байсан нь гайхамшигтай. 15 минутын завсарлагын дараа дүр бүрийн монолог ээлж дараалан “шидэгдэж” амьсгал авахын аргагүй сонирхолтой шийдлүүд ар араасаа ээлж, ээлжээрээ “нүдсээр”… 

Гал цогтой, ганган хээнцэр Алена Ивановна түр завсарлаж, бяцхан биеэ үнэлэгч Сонягийн эцэг Мармеладовын монолог зүгээр л галзууруулчихаа шахав. Амьд хөгжмийн аязад алгуурхан өгүүлэх монолог, микрофоноо хөлтэй нь өргөж, салгалан чичрэх, цовхчин орилсон жаахан охиныхоо биеэ үнэлж олсон бутархай зоосоор сүүлчийн хундагыг худалдан авч залгилах өчлийн сүүдэрт үнэндээ тэр ганцаараа цээжээ ярьж, зүрхээ ураагүй, зритель тэр чигээрээ чимээгүйхэн мэгшиж байх шиг зүрх салгалсан нь гайхалтай. Монологийг ингэж шийдэж, ингэж хийдэг юм гэдгийг тултал нь харуулсан Мармеладов, мөрдөгч бүсгүйг ихэрлүүлэн довтлуулж, Лужиныг тайчуулж, Сонягийн үзэсгэлэнг хоёр тайзыг ашиглаж тодруулж, зүрхээ үхүүлж, хүчээ барсан Раскольников хэргээ хүлээхийн өмнө дийлдэшгүй их хүчийг хэрхэн туулж байгааг жирийн сандлыг хүчлэн чирч, мөрлөн зүтгэж, мөрөн дээрээ тохож, давхар тайзны шатаар арайхийн өгсөн гарсан тэр хэсэгхэн хугацаа тэр чигээрээ Петербургийн саарал шөнийг нүдэнд буулгаж, зүрхэнд хоногшуулсан үйлдэл байв…

Ямар их хөдөлмөр, ямар их хайр, яасан гоё шийдлүүд байваа. Зүгээр л очоод үзээрэй хэмээн өөрийн эрхгүй уриалмаар, зовлонд унасан Раскольников алуурчин гэхээсээ илүү АРДЫН БААТАР лугаа алдаршсан шалтгаан юу байсныг өөрийн нүдээр харж, зүрхээрээ мэдэрч, чихээрээ сонсож, нүдээрээ харцгаа. Одоохон “Русский Дом”-ын дэргэдэх Орфей театрт оч хэмээн өөрийн эрхгүй хашгирмаар тэр догдлолыг би одоо ч гэсэн дахин мэдрэхийн тулд огт танихгүй найруулагчийг тэвэрч үнсмээр санагдаж байна. 

“Хоёр төрлийн хүмүүс байдаг нь гашуун үнэн. Эхний төрөл нь байгалиасаа дорд, өөртэйгөө л адилхан хүмүүсийг төрүүлэх цор ганц зориулалттай материал төдий эгэл хүмүүс. Нөгөө төрлийн хүмүүс нь жинхэнэ буюу дээд, аугаа хүмүүс. Тэд өөрийнхөө орчин, хүрээлэлд шинэ соргог үг хэлэх авьяас билэгтэй хувьсгалч хүмүүс. Аугаа хүмүүс хуулиас давсан үйлдэл хийдэг, ирээдүйг сайн сайхан болгохын тулд өнөө цагийг сүйтгэдэг. Македоны, Александр, Юлий Цезарь, Наполеон. Энэ аугаа буянт үйлстнүүд, хүн төрөлхтнийг тохинуулагчдын дийлэнх нь онцгой, аймшигтай цус урсгагчид байсан нь гайхалтай…” хэмээн Петербургийн мэдээ сонинд оюутан Р.Р. Раскольников нийтлүүлсэн нийтлэлдээ шигтгэж… Ингэхэд та аль төрөлд нь хамаарах бол?

Гэм зэм жүжгийн ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд, Монголын театрын урлагийг хөгжүүлэх, олон улсын харилцааг шинэ түвшинд хүргэх, урын санг баяжуулах, боловсон хүчнийг чадавхжуулах, театрын боловсролыг олгох, театрын үзэгчдийг нэмэгдүүлэх, театр нийгмийн бодлого, чиглэлийг баримталж ажиллах нь урлагийн боловсролтой нийгмийн төлөө тавьсан зорилго. ҮЗЭГЧИД бол энэ жүжгийн нөгөө тал юм. Үзэгчид хэчнээн их ирэх тусам, зорин ирж үзэх тусам зорилгодоо хүрэх алхам нэгээр урагшилж байгаа” хэмээн даруухан өгүүлсэн нь бас л мундаг. Ингэхэд, Гэм зэм жүжгийн ерөнхий продюсерээр Төмөрсүхийн Ариунчимэг, Зөвлөх продюсерээр Амгалан Ринчинович Базархандаев, Урансайханы удирдаачаар Хорлоогийн Отгонтуяа, Ерөнхий зураачаар Лхагвасүрэнгийн Батбилэг ажилласан бол Зохиолч нь Ядамсүрэнгийн Баяраа гэдгийг сануулах нь зүйд нийцэх бизээ. Харин сэжигтэн Раскольниковын дүрд Л.Лхагва, өмгөөлөгч Разумихины дүрд Д.Түвшинбаяр, улсын яллагч Алена Ивановнагийн дүрд Д.Ганцэцэг, бяцхан биеэ үнэлэгч Сонягийн дүрд Г.Золзаяа, Б.Должинсүрэн, сэжигтэн Раскольниковын дүү Дунягийн дүрд Х.Баярмаа, сэжигтэн Раскольниковын ээж Пульхерия Александровнагийн дүрд Г.Урнаа, бяцхан биеэ үнэлэгч Сонягийн эцэг Мармелодовын дүрд П.Эрдэнэзаан нар байгаа. Тэдэнд маш чангаар маш ихээр алга ташна, би. 

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours