Даварсан дарга нарт ДАРУУЛГА хэрэгтэй!!!!

Газар нутгаа зарж, хууль бусаар хөрөнгөжсөн дарга нарыг цагдаагийн байгууллагаас илрүүлж, 2021 оны 11 дүгээр сарын 29-нд прокурорын зөвшөөрлөөр гэрт нь үзлэг, нэгжлэг хийснээр Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Бадраагийн гэрээс 300 сая төгрөг, их хэмжээний юань \ойрын эх сурвалжийн өгүүлсэнээр тоолох боломжгүй хэмжээтэй\, галт зэвсэг, хэрэгт хамаарал бүхий холбоотой бичиг баримтуудыг илрүүлэн хураасан. Мөн Ханбогд сумын нутаг Цагаан хадны суурьшлын бүсэд хууль бусаар газар авч, хятадуудад өндөр үнээр зарсан байж болзошгүй хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн байдаг. Мөн түүний төрсөн хүү Б.Наранболд, эхнэр Б.Сайнжаргалыг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар төрсөн хүү Б.Наранболдыг нь нягтлангийн хамтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 461 дүгээр хорих ангид түр саатуулаад буй юм.

Эл өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийтийнд Эрүүгийн цагдаагийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийснээр алт болон алтан эдлэлүүд нийтдээ 12 орчим килограммыг илрүүлэн хурааж авсан байдаг. Ингээд Б.Бадраа, Х.Нэхийт, Б.Бадраагийн эхнэр Б.Сайнжаргал нарын нэр бүхий иргэдийг Улаанбаатар хотод авчран Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт Эрүүгийн хэрэг үүсгэн байцаалт авч байгаа юм байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад, “Б.Бадраа, Х.Нэхийт нарын нэр бүхий хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгаж байгаа нь үнэн. Б.Бадраагийн хүү Б.Наранболдыг нягтлангийнх нь хамтаар 48 цаг түр саатуулах арга хэмжээ авсан байгаа. Прокурорын зөвшөөрөлтэй холбогдох хүмүүсийн гэрт хийсэн үзлэг хийсэн байгаа. Хэрэг мөрдөн байцаалтад байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Б.Бадраа гэж хэн бэ?

             Б.Бадраагийн хувьд анх удаа хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа биш юм. Түүнчлэн тэрбээр Өмнөговь аймгийн Засаг даргаар 12 жил ажиллаж, 2016 оноос эхлэн УИХ-д хүчээ үзэж МАН-аас нэр дэвшсэн Н.Амарзаяад ялагдаж байв. Харин 2020 оны сонгуулиар мөн л даагаа нэхсэн ч Өмнөговьчууд түүнд итгэл үзүүлээгүй хэдий ч орон нутгийн сонгуулиар АН орон нутагт ялалт байгуулсанаар аймгийн Иргэдийн хурлын дарга хэмээн албан тушаал хаших болсон түүхтэй. Нэгэнтээ, “би энэ улс төрөөс явна” хэмээн намчирхаж гоморхож байсан ч өнөөдрийг хүртэл аймгийн удирдах шатны албан тушаалтай зууралдаж салдаггүй Б.Бадраагийн хувьд орлогоо тодорхойлох боломжгүйгээр хөрөнгөжсөн явдал нь гэхэд хэтрүүлсэн болохгүй. Тэгээд ч Өмнөговь аймгийн үе үеийн удирдлагуудын хувьд бараг жишиг болохоо шахсан “гэнэт хөрөнгөжих”, “огцом баяжих” байдал хэрээс хэтэрсээр өнөөдөр ийнхүү захаасаа дэлбэрч, хууль хяналтын байгууллагаас анхааралдаа авч, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Түүгээр зогсохгүй хойшлуулалшгүй ажиллагаагаар түүний хүү Б.Наранболдыг нягтлангийн хамтаар 48 цаг баривчилж саатуулсан нь Б.Бадраа гэсэн хүний хууль бус олон үйлдэлд хяналт тавьж, хязгаар тогтоож эхэллээ хэмээн олон нийт үзэж, “Өмнөговийн удирдлагуудын холбогдсон хэрэгт хууль хяналтын байгууллага хэр шударга хандах бол…” гэсэн хүлээлтийг бий болгочихов.

Нэгэн зүйл, 2021 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал “Төрийн үйлчилгээний автомашинуудын хэвийн үйл ажиллагааг хангах хүрээнд” албаны автомашинаа шинэчлэхээр  257 сая төгрөгийн үнийн дүн бүхий тендер зарласан байдаг. Хамгийн гол нь тус тендерийн техникийн нөхцөл хэсэгт тусгайлан LEXUS LX570-тай дүйцэхүйц  “2017 он түүнээс дээш бол давуу тал болно”  гэж зааж, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1.3-т заасан “барааны тэмдэг, нэр, хэлбэр маяг, төрөл, гарал үүсэл, үйлдвэрлэлийн арга, үйлдвэрлэгч буюу нийлүүлэгчийг тухайлан заасан шаардлага, нөхцөл тавихгүй” гэсэн заалтыг  илт зөрчиж аархав.

Учир нь Монгол Улс төдийгүй дэлхий дахинд коронавиурсийн цар тахал газар авч, улс даяараа айдастай, хатуу хөл хорионд байж, улс орны эдийн засаг хүнд хэцүү байхад болон Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар “цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүлэх”-ийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад анхааруулсан энэ үед Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Б.Бадраа хэмнэлтийн горимд орж ажиллах Засгийн газрын шийдвэр болон холбогдох хуулийн заалтыг зөрчиж, дураараа аашилж, 257 сая төгрөгөөр машинд авч ямбалахаар тендер зарлаж байв.

Газрын наймаа буюу Цагаан хад…

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Цагаан хад суурьшлын бүсэд хамгийн үнэтэй зүйл бол мэдээж газар. Харин энэ газрыг үнийг нь тэнгэрт хадааж, хэнд эзэмшүүлэхийг мэддэг эрх мэдэлтнүүд бол Ханбогд сумын Засаг дарга, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хоёр гэхэд хилсдүүлсэн болохгүй. Юмны эзэн сумны занги шиг даналзах энэ хоёр хүний “дохиогоор” Монголын маань шимт хөрсний нэгээхэн хэсэг болсон газар хэр их үнээр зарагдах нь ёстой л хувь тавилан гэж болно. Учир нь Цагаан хаданд НАБТ буюу Нүүрс ачиж буулгах талбай маш чухал. Хятад, Монголын хилийн зурваст оршиж, нүүрс хэмээх хар алтны урсгалын гол тэнхлэг болсон энэ сууринд 15 орчим мянган жолооч ажиллаж, амьдардаг. Энэ суурьшлын бүсэд үйл ажиллагаа эрхэлдэг бүртгэлтэй 110 компанид нүүрс тээвэрлэлтийн жолооч нар хамаарагдана. Эдгээр компаниудад бүртгэлтэй жолооч нар нь монголчууд хэдий ч жинхэнэ эзэд нь хятад хүмүүс. Компанийн байршил Улаанбаатар хотод тэр дундаа Хан-Уул дүүрэгт орших өндөр түрээстэй оффисуудад байрладаг. Нийслэлийн Хан-Уул дүүрэгт Авто тээврийн үндэсний төв байрладаг. Уг төвийг бараадсан үнэтэй оффиссуудад байрлах эдгээр компаниудын гол ачааг нугалж, “мөнгөн бороо оруулагчид” нь монгол жолооч нар. Тэд хотоос 800 гаруй километрт орших Цагаан хаданд орон гэрээ мартан зүтгэсээр хилээр гаргаж байгаа нүүрс шигээ харагддаг гэхэд хэтрүүлсэн болохгүй.  Нүд шүд нь гялалзсан 15 мянган жолоочийн хувьд 65-70 тоннын хүнд даацын машинаар хоёр улсын хилийн хооронд тээвэр хийж нэг рейсээсээ 600.000-1.500.000 төгрөгийн цалинтай ажилладаг.  Цагаан хаданд тээвэрт явж байгаа машинуудын хамгийн хуучин нь 80.000.000-100.000.000 төгрөгийн үнэтэй. Он залуу, шинэ машинууд бол 300.000.000 хүрнэ. Ийм машинуудыг гаалийнхан болон авто тээврийнхэн л “эзэмшинэ”. Гэхдээ тэдний эзэмшил гэж хүмүүс мэдэхээс цаасан дээрх бүртгэлээс мянга хайгаад хамаарал олдохгүй. Учир нь төрийн нэрийн өмнөөс алба хашиж байгаа энэ хүмүүсийн хувьд давуу талаа ашиглаж, амьжиргаандаа “нэмэр” болгож байгаа нь хууль бус үйлдэл биш ч хууль ёсны ажил биш учир аливаа нэг шалгалт, үзлэг, хэл амнаас хол байлгахын тулд “төөрдөг байшин” шиг “утас хөврүүлж” байгаад тэд эзэмшлээ хамгаалахаа маш сайн мэднэ.

Энэ бүхнээс илүү “мөнгөн бороо” асгаруулагч бол Цагаан хаданд орших  НАБТалбай юм. Нүүрс ачиж буулгах талбай буюу НАБТ нь Цагаан хаданд хамгийн ашигтай бүсийн нэг юм. Тэр ч утгаараа Цагаан хаданд бүртгэлтэй НАБТ-н эзэд ихэвчлэн хятадууд. 20 гаруй талбайн 90 хувь нь монгол нэртэй хятадуудын эзэмшилж байдаг бөгөөд өндрөөрөө долоо орчим метр ногоон тороор торлохоос өөрөөр тохижилт байхгүй хэдэн арван га энэ талбайд буулгасан нүүрсний тонн тутмаас хоёр ам.долларын татаас авдаг гэхээр энэ талбайг авахад багагүй үнэ төлөөд ч хамаагүй өөрийн болгох гэж зүтгэх нь аргагүй юм, хятадуудын. Харин энэ газруудын зөвшөөрлийг хэн хэрхэн гаргав? гэдэг асуултад нэгмөсөн хариулт авахаар Монголын хууль хяналтын байгууллагууд ажиллаж эхэлсэн сайшаалтай юм.

Нэгжлэгээр илэрсэн хөрөнгө…

Харин Б.Бадраа, хүү Б.Наранболд нарын гэрт нь прокурорын зөвшөөрлөөр нэгжлэг хийх явцад эх үүсвэр нь тодорхойгүй хууль бусаар олсон 300 сая төгрөг, юань, үнэт эдлэл, зөвшөөрөлгүй галт зэвсэг, сум гарсан. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт өндөр зэрэглэлийн олон тооны орон сууцтай \20 гаруй\, үл хөдлөх хөрөнгө, өндөр үнэтэй автомашинууд худалдан авсан. \Кристалл таун хотхоны доод давхарын машины гражид гялгар уутыг нь аваагүй LEXUS LX570 маркын таван машин\, мөрийтэй тоглож, хууль бусаар олсон мөнгийг хувиргаж, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэж хуулийн байгууллагаас урьдчилсан байдлаар тогтоож, үргэлжлүүлэн шалгаж байгаа гэдэг.

Түүнчлэн Б.Бадраа 2012 онд Өмнөговь аймгийн Засан даргаар ажиллаж байхдаа жилийн 16 сая төгрөгийн орлоготой,  нийтийн хоёр орон сууцтай, нэг үйлчилгээний зориулалттай оффистой, 195 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууцтай, 18 сая төгрөгийн автомашинтай, 3.5 сая төгрөгийн малтай, 45 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 10 сая төгрөгийн хадгаламжтай гэсэн бол 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ, 38.400 сая төгрөгийн орлоготой,  хоёр тэрбум 805 саяар үнэлэгдэх хоёр орон сууцтай, үйлчилгээний зориулалттай нэг оффистой, хурдан удмын 38 морьтой, 55 саяар үнэлэгдэх малтай, гурван төрлийн өмчлөх газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, 147 сая төгрөгийн хадгаламжтай, “Эрдэнэт хивс” ХК, “Эрдэнэс таван толгой” ХК, “Эрхэм нар” ХХК, “Говил” ХХК, “Түвшин наран” ХХК,” Говийн долгион” ХХК-иас 142 сая төгрөгийн авлагатай байв.

            Нэгэн зүйл, нутгийн иргэд, Өмнөговийн дарга нар сүүлийн жилүүдэд идэж уусан, ихэрхэж гайхуулсан байдлаар амьдрах болсон. Гэнэт л баахан баян дарга нар дуугарч ядаад л нутаг орны хөгжил гэхээсээ илүү “энэ дарга тэгж баяжсан гэнэ”, “ийм машинтай, тийм хаустай” гэхээс өөр юм ярихаа байсан, нутгийн иргэд. Нутгийн хөгжил дарга нарын хэр их хөрөнгөжсөнөөр хэмжигддэг бол манай аймаг “тасарсан” хөгжилтэй орох байх. Энэ дүүрч гэхэд Өмнөговь аймагт амьдарч байгаа иргэн бид заримдаа эх нутагтаа байгаа эсэхдээ эргэлзэхэд хүрдэг. Аймгийн гудамжаар баахан жийп бөөн сүртэй тоос татуулаад хэд хоног давхилдана. Юу вэ, хэн бэ гэхлээр цаад талын гаалийн дарга Зян байна гэнэ. Удалгүй ахиад л цуваа, тоос шороо манараад явчихна. Хэн бэ гэхээр Бугатын цагдаагийн Жоу дарга гэнэ. Энэ мэтээр Жан, Мин, Жоу дарга нарын ирж, буцах бөөн тоос, сүр бараанд хэсэгтээ баахан даруулна. Ингээд л удалгүй, манай Өмнөговийн цагдаа, гааль, боомт, хил, орон нутгийн дарга нарын ээлжит зугаалга хилийн цаана үргэлжилж, хамтын ажиллагаа, туршлага солилцож байна гээд баахан дайлуулж цайлуулж, амарч зугаалсан тухай мэдээнд дарагдана. Хэсэг удаагүй манай дарга нарын “хүүхэн, бөөлжис, баас шээстэйгээ хутгалдсан зураг” задрах гэж байгаа тухай явган яриа шуурга мэт  тархаж байгаад чимээгүй болно. Б.Бадраа бол Бадамжунайгаас дутахгүй хөрөнгөжсөн. Хамгийн муухай нь бүх орлого ашиг нь газартай холбогдсон байдаг… гэх мэтээр их ам муутай мэдээлэл өгч байсныг энд мөн дурдах хэрэгтэй байх.

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

+ There are no comments

Add yours