Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болсон. Хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлж байна.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гаргасан хилийн боомтуудтай холбоотой шийдвэрийг танилцуулав.
Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн хоёр өдөр миний бие болон Засгийн газрын, УИХ-ын зарим гишүүн Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд боомтуудад үүссэн нөхцөл байдалтай танилцан чиглэл өгч ажиллаа.
Гашуунсухайт боомтын хувьд, 2021 оны аравдугаар сард Шадар сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаал, батлагдсан журмын дагуу Ганц мод, Гашуун сухайт боомтын хооронд чингэлэг тээвэр болон бөмбөлгийн зохион байгуулалтад орсон тээврийн хэрэгслүүдээр нүүрс тээвэрлэн гаргаж эхэлсэн.
Ингэснээр тус боомт дээрх нүүрс тээврийн асуудал харьцангуй сайн эмх цэгцдээ орсон байна. Үүний үр дүнд сүүлийн 3-4 хоног Гашуунсухайт боомтоор тогтмол 400-500 тээврийн хэрэгслээр нүүрс экспортолсон. Мөн өнөөдөр 600 орчим тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэн гаргажээ.
Цаашдаа энэ ажиллагаа улам тогтворжиж, сайн үр дүн өгснөөр тээврийн хэрэгслүүдийн тоог аажмаар шат дараатай нэмэх боломж бүрдэнэ. Тиймээс манайхаас ажиллаж байгаа боомтын бүрэн эрхт захиргаа Ганц мод дахь Хятадын талын боомтын захиргаатай хамтарч ажиллаж, сайн үр дүн гаргах боломжууд нээгдэнэ гэж үзлээ.
Замын-Үүд боомтын тухайд, төмөр замаар ачаа тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа. Гагцхүү урд хөршөөс наашаа орж ирэх бараа материал тээвэрлэх ажил зогсонги байдалтай байна. Харин урдаас тавьсан шинэ нөхцөл шаардлагуудыг бид судалж үзэхэд жолооч нарыг аль болох хооронд нь уулзуулахгүйгээр бараа материалыг чингэлгээр хилийн “0” цэг дээрээс татаж авах шинэ горимд шилжихээр хариу явуулсан.
Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын талаас бараа материалыг хоёр улсын хилийн 0 цэг дээр чингэлэг бараа тавина. Үүнийг манай талаас мөн тавцанд тээврийн хэрэгслүүдээр хилийн 0 цэг рүү орж чингэлгээр татан авах шинэ горимд шилжихээр боллоо.
Эрээн хотод сүүлийн долоо хоног коронавирусийн шинэ тохиолдол илрээгүй нь сайн хэрэг. Цаашид 14-20 хоног ажиглаад шинээр илрэхгүй бол дээрх горимоор бараа материалаа татан авна гэж харилцан тохиролцсон.
Мөн Шивээхүрэн боомт дээр Гашуунсухайт дээр барьж байгуулсантай адил чингэлэг терминалын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Тодруулбал, есөн хувийн байгууллага нэгдэж улсын төсвөөс нэг ч төгрөг гаргалгүйгээр хийж буй уг бүтээн байгуулалтын ажил одоогоор 80 хувьтай байна. Энэ сардаа багтаж, 100 хувийн гүйцэтгэлд орох бөгөөд одоогоор Хятадын талтай хэрхэн ашиглах талаар харилцсан хэлэлцээр хийж байна.
Энэхүү терминал ашиглалтад ормогц чингэлгээр нүүрс зөөвөрлөх экспортын ажил явж эхэлнэ гэсэн хүлээлттэй байна” гэв.
More Stories
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын 81 дүгээр чуулганы Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар...
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар бороо, нойтон цас орно
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Хур тунадас: 16-ны өдөр Увс, Ховд, Завхан,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
