Хөдөлмөрийн хуулийг уландаа гишгэсэн 103


Цуврал сурвалжилга


… Эрүүл мэндийн салбар хамгийн хүнд нөхцөлд байна. Энэ салбарт ажиллаж байгаа хүн бүхний эрх ашиг маш ихээр зөрчигдөж, Хөдөлмөрийн хууль огт хэрэгжихгүй байна. Харамсалтай нь энэ талаар ярих боломжийг маш ихээр хааж боож байгаа учраас энэ салбарт ажиллаж байгаа бидний хувьд ил гараад ярих боломж алга. Тиймээс манайд ирээд нөхцөл байдалтай танилцаад сурвалжилга хийгээд өгөөч. Үүссэн нөхцөл байдлыг гадагшаа гаргаж, эрх ашиг ярьсан хэн ч байсан ажлаасаа халагдах учраас танайд хандаж байгаа юм шүү… ийм хүсэлтийг хамт олноо төлөөлсөн эмч гаргав.
Нөгөө талаар бидний хувьд зун эхлүүлээд орхисон ажлаа дуусгаж хотын түргэн хэмээн даруухан нэрлэгдсэн даржин дарга нарын хөлд багагүй гишгэгдээд байгаа “мөнгөний далд уурхай” болсон газрын бугшсан бохирыг шахах ажил маань дуусаагүй байсан учир 103-ыг тойрсон ажлаа нөхөн сэргээхээр ээлжит цуврал сурвалжилгаа эхлүүлж байна. Түүнчлэн бид энэ удаагийн цуврал сурвалжилгаараа хөдөлмөрийн хуулиа баримталж ажилладаггүй зөрчил, хүний нөөцийн асуудал орхигдсон 103-ын тухай хөндөхөөр бэлтгэв.
Хуулийн хэрэгжилт нойл заалттай 103
Хотын түргэн буюу 103-т Хөдөлмөрийн хууль баримталж ажилладаг дарга, удирдлага байхгүй болоод удсан талаар тус байгууллагад ажилладаг хүмүүс ам уралдан ярихдаа ямар нэгэн байдлаар зураг хөрөг авахуулж, ярилцлага өгөх боломжгүйг учирлав. Харин дарга удирдлагуудын хувьд сэтгүүлч миний бие “хаанаас яваа нь тодорхойгүй захиалгат сэтгүүлч” хэмээн хардагдаж байгаа учир харагдах бараанаар зугтаж, хараагүй мэт өнгөрч, дуудахад сонсоогүй мэт хулжих нь харамсал төрүүлэх…
Гэсэн ч бид ажлаа хийх ёстой. Цуврал сурвалжилга учир нэрээ нууцалсан эх сурвалжуудаас авсан мэдээллээр ямартаа ч ажлаа эхлүүлэв. Нэгдүгээр асуудал, 103-ын дарга удирдлагууд өөрсдийнхөө цагийг хурууны хээгээр бүртгэдэг атлаа эмч, ажилчид, жолооч нарын цагийг хурууны хээгээр бүртгэдэггүй аж. Хальт харахад хэтэрхий шударга мэт энэ үйлдэл нь ачир дээрээ эсрэгээрээ байгаа нь эмгэнэлтэй. Учир нь 103-ын дарга, удирдлагуудаас бусад нь ажиллах цагаасаа 2-3 цагаар илүү ажиллах ёстой гэсэн бичигдээгүй хууль энд яс үйлчилдэг аж. Тиймээс эмч, жолооч нарын ажлын цагийг хурууны хээний машинаар бүртгэхгүй. Хэрэв хурууны хээгээр бүртгэчихвэл Хөдөлмөрийн хуулийн дагуу илүү цагийн мөнгө олгох болно. Харин энэ байгууллагад ажилладаг эмч, жолооч нарын хувьд ажиллах хуваарьт цагаас 2-3 цаг илүү ажиллах жирийн зүйл. Тэр бүү хэл хонож ажиллаад 3-4 цагийн дараа эргээд ажилдаа гарах нь хэвийн үзэгдэл учир “гэрийн бараа харахгүй, харсан ч халамжгүй, анхаар тавьдаггүй” гэсэн асуудал байнгад гэрт нь үүсэх учир ялангуяа залуу эмч, жолооч нарын хувьд байнгын сэтгэл санааны дарамттай ажилладаг гэнэ.
Мөн 103-ын дарга өдөр бүр хурал зарлаж хуралдах ч хурлаас гарч байгаа үр дүн алба хаагчдад огт тодорхойгүй байдаг бөгөөд 2-3 цагийг элбэг “зулгаах” атлаа гарт баригдаж, нүдэнд харагдах үр дүн хэзээ ч байдаггүй нь харамсалтай. Жижүүрт хонож ажилласан эмч нарын хувьд үзсэн хүмүүсийнхээ картыг программд бүрэн шивж оруулж байж гэртээ очих ёстой. Харин энэ нь хангалттай 2-3 цагийг авах учир ам гэртээ зориулах цагаас ямар ч үргүй хумслагддаг бөгөөд карт программд оруулаагүй бол “ажлаас нь хална” хэмээн дарамталдаг учраас
Гэтэл 24 цаг ажиллаж, гэртээ ирж байгаа залуу эмч нарт ажлаа тараад очиход хийх зүйл мундахгүй их. Үгүй ядаж л хүүхдээ хичээл сургуульд хүргэж, үргэлж орхиж явдаг гэрийнхэнийхээ хүнсний бүтээгдэхүүнийг цуглуулах асуудал байнга гарна. Харин алба хаагчдын энэ мэт асуудал удирдлага нэртэй сэтэртнүүдэд огт хамаагүй. Тиймээс 24 цаг дээр нэмээд 2-3 цагаар илүү ажиллаж үзлэгийн картаа заавал бичих ёстой гэсэн хатуу тулгалт үргэлжилнэ. Иймээс эмч нар даргын үзэмжээр гаргасан бичигдээгүй дүрийн дагуу хэдий ажлын цаг тарсан ч илүү цагаар ажиллах, хэрэв гэр рүүгээ ямар нэгэн шалтгаанаар явсан бол буцаж ажилдаа ирж амралтынхаа цагаас хомслон байж картаа бичих л ёстой. Учир нь картаа бичихгүй бол тэднийг ажлаас нь өчиггүй хална.
Үүнд, цар тахлын хүнд үед боломжтой бүх хувилбараар ажиллах, тэр дундаа цахимаар шийдвэрлэж болох зүйлийг заавал биеэр ажиллаж гүйцэтгэх шаардлага тавьдаг дарга, удирдлагууд 17.00 цагтай уралдан хуруугаа уншуулаад гэррүүгээ давхидаг гэж бол удирдлагуудын харалган шийдвэрээс болж “өвчтөн үзсэн үзлэгээ бид гэрээсээ буюу цахимаар хийх бүрэн боломжтой ч ажлаасаа халагдахгүйн тулд заавал илүү цагаар ажиллаж, ар гэрээ хаян ажиллах” шаардлагын дагуу 24 цагаар ажилласан эмч нарын хувьд багагүй хүндрэл учруулж байгааг тэд тодотгож байв.
Хагас нойртой явдагаас 103-ын жолооч нар осол гаргадаг
Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутагт дуудлагад явж байсан 103-ын машиныг Ачит сэлэнгэ машин ачлагын компанийн машин мөргөжээ. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй бөгөөд Баянзүрх дүүргийн замын цагдаагийн тасагт шалгаж байна. \эх сурвалж: 24 цаг.мн\
Сүхбаатар дүүргийн есдүгээр хорооны нутаг Их тойруугийн гудамжинд 07.00 цагийн орчим осол гарч тоёотой аука маркын машинтай иргэн түргэн тусламжийн машинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас түргэн тусламжийн эмч 46 настай Д толгой болон мөрөндөө гэмтэл авсан байна. \эх сурвалж: эгүүр.мн\
Хөдөлмөрийн тухай хуульд “шөнийн ээлжинд ажилласан ажилтанг зайлшгүй тохиолдолд улираан ажиллуулах бол ажлын 12 цагаас доошгүй хугацаанд ажиллуулна” гэсэн заалт байдаг. Харамсалтай нь энэ хуулийн заалт Хотын түргэнд огт хамаагүй гэнэ. Тиймээс эмч жолооч нарын хувьд 24 цагаар ажилласан нь хамаагүй, улирч ажиллах нь хэвийн үзэгдэл болсон гэнэ. Тэр ч утгаараа өглөө 8.30-д ажлаасаа буусан эмч үзлэгийн картаа бичиж дуусгах, жолооч нар машинаа хүлээлгэж өгөх гэх мэтээр сунжирсаар 12-13 цагийн орчимд гэртээ хариад эргээд 16.00 цагт ажиллахаар ирдэгээс ядаргаанд орох, ажлын бүтээмж сулрах, ар гэрийн харилцаа хүндрэх … зэрэг асуудал үүсэх нь олширчээ. Хамгийн гол нь маш хариуцлагатай ажиллах ёстой жолооч нарын хувьд олон хоногоор нойр дутуу ажилласанаас үүдэж зам тээврийн осолд өртөж магадлал ихэсдэг. Зам тээврийн осолд өртсөн жолооч нарын хувьд ажлын хариуцлага яригдахаас “тухайн хүнийг хэдэн цаг ажиллуулсан, яагаад нойр дутуу байж ажиллав…” гэх мэт хүн ёсны асуудал яригддаггүй учраас өөрийн шууд буруутай биш үйлдлийн улмаас буруутан болж, асуудал хүндрэх нь их. Тиймээс заримдаа энэ байгууллагад жолоочоор ажиллаж нэг л өдөр ялтан болж ч магадгүй нөхцөлд орохоос айдаг болсон… хэмээх үгийг өгүүлсэн эх сурвалж “та нар дуудлагын жолооч нарыг дагаад сурвалжилга хийгээрэй” гэдэг хүсэлт гаргасан. Тэр бүү хэл нэг биш нэлээд хоног явж байж жинхэнэ үнэнийг олно. Мэдээж ганц хоёр удаа яваад юу ч анзаарахгүй. Учир нь дарга нарын хамгийн айдаг зүйл бол сэтгүүлчид ирээд элдэвийг ухаж гаргаж ирээд амар заяа үзүүлэхгүй байх вий” гэхээс биднийг бүрэн хяналтад байлгадаг юм шүү дээ хэмээж байв.
Хотын түргэний бас нэгэн асуудал бол хүн хүчний нөөцөө бүрдүүлдэггүй зөрчил болсон байна. 103 жолооч нарын ажлын байрны тодорхойлолтод сарын 10 хоног 24/48 ажиллаж 10 гараа хийх ёстой. Гэвч 4-5 удаа улирааж сарын 15 хоногт нойргүй ажиллах хэвийн үзэгдэл. Хамгийн гол нь амралтын цаг нь тодорхойгүй, ажлын үндсэн цаг нь дууссан ч аар саар зүйлд дайчлагдсаар ихэвчлэн хагас нойртой ажилладагаас осол аваарь гаргах, эргээд энэ хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл үүсэх байдал маш олон гарсан ч удирдлагуудад хамаагүй мэт ханддаг хэмээн тэд гомдоллосон. Мөн алба хаагчдынхаа асуудалд анхаарал огт тавьдаггүй учир хүнд нөхцөлд өөрөөс шалтгаалах хариуцлага үүрч ажиллах жолооч нар ховордсон учир жолоочийн нөөц бүрдүүлдэггүй гэж байв…
Үргэлжлэл бий
Сэтгүүлч Х.Ганзаяа

+ There are no comments

Add yours