“ХҮН санал хуваагаагүй, улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН гэдгийг сүүлийн сонгуулиуд харууллаа”

УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүнгийн талаар Хөдөлмөрийн үндэсний намаас мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд “Нөхөн сонгуулийн дүнд бид нийтээрээ харамсаж байна. Сонгогчдын 40 хүрэхгүй хувь нь саналаа өгсөн байна. Эрх баригчид машин машинаар иргэд, дүүрэг, хороод, төрийн өмчийн компанийн ажилтан, албан хаагчдыг зөөж ажиллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байна. Маш олон хүнийг зөөсөн ч сонгууль ирцэндээ хүрсэнгүй. Ийм байдлаар цааш явах юм бол ардчилсан сонгууль, ардчилал нуран унах нөхцөл байдалд байна.

Иргэдийн 60 хувь нь сонгуульд оролцохгүй, саналаа өгөхгүй гэжээ. Иргэд маань эрх барьж байгаа намд бухимдлаа сонгуульд оролцолгүйгээр илэрхийлж байна.

Үнэндээ монголын ардчилал дүүрэг, хороо, сум, багийн дарга, тэдний дор ажиллаж байгаа албан хаагчид мөнгөний сүлжээний өмнө өвдөг сөхөрч байна.

Иймд бид өчигдрийн сонгуулийн дүнг үндэслээд дүгнэлт хийх ёстой. Монголын ардчиллыг хамгаалахын тулд дараах арга хэмжээг яаралтай авахыг эрх баригч  болон бусад намуудад уриалж байна. Үүнд:

  • Сонгуулийн холимог системийг яаралтай Үндсэн хуульд тусгаж, нийт мандатын дор хаяж 50 хувийн хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулах хэрэгтэй.
  • Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруула, намын хатуу гишүүнчлэлийг зогсоож, намуудыг ижил гараанаас үйл ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгоё.
  • Сум, дүүрэг, баг, хороог улс төрөөс хол байлгаж, иргэдээс шууд сонгодог байх зохицуулалтыг ажил хэрэг болгоё” гэв.

Түүнчлэн, “өчигдрийн нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялсан ч гэсэн хоёрдугаарт ХҮН намын нэр дэвшигч Б.Найдалаа орлоо. Гуравдугаарт нэгдэж нийлсэн АН буюу Э.Бат-Үүл баатар орлоо. Иргэд хоёрдугаарт ХҮН-ыг тавилаа.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ХҮН намаас нэр дэвшигч Д.Энхбат 20 гаруй хувь, АН-ын нэр дэвшигч 6 хувийн санал авсан.  Гэтэл АН-ынхан ХҮН нам манай саналыг хувааж байна гэсэн. ХҮН санал хуваагаагүй. Иргэдийн дэмжлэгийг авсан улс төрийн хоёр дахь хүчин бол ХҮН юм гэдгийг сүүлийн хоёр сонгуулиар иргэд баталгаажуулж өглөө” гэлээ.

+ There are no comments

Add yours