Монгол Улсын төлөө зүтгэе…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Гавьяа нь хоцорч, гай нь түрүүлж олонд хүрдэг цөөн албаны нэгт алба хааж, үеийн хийгээд үе илүү хүмүүстэй мөр нэгтгэн сэтгэл гарган зүтгэж үзсэн гурав гаруй жил миний л хувьд амьдралын шанд тод мөрөө гаргасан цаг хугацаа байсан хэмээн боддог юм. Сэтгүүлч тэр дундаа хууль эрхзүйн чиглэлээр бичиж байсан сэтгүүлчийн хувьд хууль хяналтын байгууллагад ажилд ороход хүндрэлтэй сандралтай зүйл бага байсан хэдий ч аргагүй л аавын хүү, ээжийн охины шандас сорьдог алба учир ухааны хийгээд мэдлэгийн түвшин балчирдах, гэнэдэх зүйл олон байсныг нуухгүй ээ. Онож, алдаж явсан ч ойр зуурхан мэт өнгөрсөн тэр л хугацаанд “Монгол Улсын төлөө зүтгэе” гэдэг үгийг зүрхээрээ хэлж чаддаг болсон маань энэ албанд ажилласан гавьяаны хамгийн том, хамгийн эрхэм ухаарал мэт. Энэ бүхнийг ингэсхийж орхиод нэгэн зүйлийг өгүүлэх учир нь “энэ жил цагдаагийн байгууллагад ямар жил тохиож байгааг чи анзаарсан уу” хэмээгээд инээмсэглэсэн эрхэм хурандаа “албаны тогоонд чанагдсан хүн байна даа, урам өгөөд цагдаагийн байгууллагын болж бүтэж байгаа, алба хаагчдынхаа хийсэн бүтээсэн гавьяанаас олон нийтэд хүргэх тал дээр анхаараач хө” гэсэн нөхөрсөг атлаа нэхэл хатуу саналыг тавьсан нь өнгөрсөн долоо хоногт байв. 

Хүн хэлэхээс нааш санахгүй, цааш чичихээс цааш цоорохгүй гэдэгчлэн нээрээ, 100 жилийн босгоо давж байгаа түүхэн энэ жилд таван мөр холбоод нэгэн цагт эгнээнд нь алхаж л явсан албаа магтахад яахав дээ гэсэн бодлын үзүүрт, “100 жилийн ойгоо угтаж байгаа цагдаагийн албаны шинэчлэлийн тухай…” бичих нь бас нэгэн сэдэв юм даа гэсэн бодол шургах. Энэ л шургасан бодлын мухарт Цагдаагийн ерөнхий газар гэсэн сайт руу орж, шинэ хуучин мэдээллийг эргүүлдэх зуураа “олсон” арай бүтээлч, хамаагүй шинэ мэдээллээс хуваалцмаар санагдав. Хуваалцах мэдээллээ нэгтгэж, нягталж байх зуур, хар нүдний хажуугаар гарахын аргагүй мөр зурвас таарсан нь Цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдоржийн “өмнөх онтой харьцуулбал нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 26.8 хувиар буурсан” хэмээн Өдрийн сонины сэтгүүлчид өгсөн ярилцлага байв. 

2021 оны хувьд Монгол орон даяар онцлогтой, хүнд жил байгаа гэхэд болно. Магадгүй цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхэнд алба хаагчид хамгийн их “хамгаалалтад гарсан” жил ч байсан байх. Дэлхий нийтэд тархсан коронавирус /Ковид-19/ цар тахлын энэ хүнд хэцүү цаг үед цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн турш жилийн дөрвөн улирал үүрэг гүйцэтгэсэн хэдий ч үндсэн чиг үүрэг болох гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлж ажилласнаар гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд улсын хэмжээнд 7.0, нийслэлд 9.4, орон нутагт 2.3 нэгжээр өссөн байна. 

Түүнчлэн нэгэн тоо дурдахад, 2021 оны эхний долоон сарын байдлаар  цагдаагийн байгууллага иргэн, аж ахуйн нэгжээс 289.445 дуудлага, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэснээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 134.648 гомдол, мэдээлэл шалгасан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22.041 буюу 14.1 хувиар буурсан ба үүнээс гэмт хэргийн шинжтэй 31.619 /23.5 хувь/, зөрчлийн шинжтэй 99.109 /73.6 хувь/ буюу нийт гэмт хэрэг, зөрчил 20.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ үзүүлэлт нь цагдаагийн байгууллагыг үнэлэх гол шалгуур юм гэхэд буруудахгүй. 

Мөн өөрийн хаяг, байршлаа мэдэхгүй байгаа иргэнд яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын “What3words” компанитай хамтран ажилласанаар 2021 оны тавдугаар сарын 08-наас Монголын цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлж эхэлснээр гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай илрүүлэхэд дэмжлэг болж буйн илрэл нь тус төвийн “105” тусгай дугаарын утсанд “Зайсангаас Богд уулын Түшээ гүн оргил руу гурав, 11 настай хоёр хүүхдээ дагуулаад 09.00 цагийн үед гараад, төөрчихлөө. Модон дунд зургаан цаг орчим явсан ч ойгоос гарч чаддаггүй, хүүхдүүд маань айгаад, өлсөөд уйлаад байна, туслаарай…” гэсэн дуудлагын дагуу ажиллаж, төөрсөн иргэний байршлыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар тодорхойлж, утсаар газарчлан олж, яаралтай тусламж үзүүлж чадсан байдаг. Бас, энэ сарын 11-ний 00:40 цагт тус төвийн “102” тусгай дугаарын утсанд “Шарга морьтоос хойшоо нэлээн яваад айлын зуслангийн байшинд ирсэн чинь, манай нөхөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд байна. Би маш их айж байна. Зуслангийн байшингуудын дунд, харанхуйд байршлаа мэдэхгүй байна. Утсаар олон дахин ярих боломжгүй байна, туслаарай…” гэх дуудлагыг “3 үгт хаяг”-ийн тусламжтайгаар байршлыг тодорхойлон цаг алдалгүй очиж, тусламж үзүүлж, үйлдлийг таслан зогсоож, дуудлага өгсөн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалсан тухай эх сурвалж өгүүлсэн юм. 

Дашрамд дурдахад, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын нийслэл Лондон хотод 2013 онд бүтээгдсэн “what3words буюу 3 үгт хаяг” нь байршлыг тогтоох хамгийн энгийн шийдэл юм. “3 үгт хаяг”-ийн технологи нь дэлхийн гадаргууг 3х3 метр дөрвөлжнүүдэд хувааж тус бүрд нь гурван үгийн хослолыг оноож өгснөөрөө давуу талтай, шинэлэг хаягжилтын технологи юм байна. “3 үгт хаяг”-ийн “what3words” программыг гар утсандаа үнэ төлбөргүй суулгаж, дэлхийн 45 хэл дээр ашиглах боломжтойгоороо давуу талтай гэсэн шүү. 

Цагдаагийн байгууллагын иргэд олон нийтэд тэр бүр ил гараад байдаггүй бас нэгэн үйл ажиллагаа нь Гэрч хохирогчийг хамгаалах хэлтсийнхэн гэж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан, заналхийлсэн, өгсөн мэдүүлэгт нөлөөлсөн, нөлөөлж болзошгүй тохиолдолд гэрч, хохирогчийн хүсэлт мөрдөгч, прокурор, шүүгчийн шийдвэрээр хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлдэг энэ хэлтсийн алба хаагчид цагийн халаагүй ажилладаг онцлогтой. Иргэд амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах хүсэлтийг хэрхэн гаргах болон гэрч, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаарх анхан шатны мэдээллийг түргэн шуурхай өгөх зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс “Чатбот” үйлчилгээг үйл ажиллагаандаа ашиглаж эхэлсэн нь орчин цагийн цагаа олсон үйлчилгээний нэг гэхэд болно. Тэр ч утгаараа, хүний амьдралд юу ч тохиолдож мэдэх учир хэрэв танд тусламж хэрэгтэй бол “Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтэс” фейсбүүк хаягаар /https://www.facebook.com/gerchkhokhirogch/ хандан мэдээлэл авах боломжтой юм билээ шүү.

+ There are no comments

Add yours