Монголын Олимпын хорооны булхайг уудлахуй дор…

Сэтгүүлч Х.Ган-Ялалт

Цуврал сурвалжилга-1

Үндэсний аудитын газраас Монголын үндэсний олимпын хорооны  үйл ажиллагааны аудит хийж, гаргасан дүгнэлтээс үзэхэд тэр чигээрээ “гүй” гэдэг төгсгөлтэй байсан нь анхаарал татсан юм. Үүнд, Олимпын хартийн хэрэгжилт хангалтгүй, зарим эрх зүйн акт нь хууль дүрэм, журамтай нийцээгүй. Олимпын хороо нь үйл ажиллагааны үндсэн зарчмаа хангалттай хэмжээнд баримтлан ажиллаагүй. Хянан шалгах зөвлөл нь чиг үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаа нь хангалтгүй.Үйл ажиллагааны хяналтгүй, мэдээллийн ил тод байдал хангалтгүй. Орлогын эх үүсвэрийг бодитой төлөвлөөгүй, хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, хөрөнгө оруулалт төсөл хөтөлбөрийн ашиглалт, зарцуулалт хангалтгүй… гэх мэтээр хоёр бүлэгт хуваагдсан аудитын дүгнэлтэд бүтэлтэй зүйл нэг байсангүй.

Хамгийн гол нь МҮОХ  2012-2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнгээр буюу 65 жилийн түүхтэй энэ байгууллагыг төлөөлж, удирдаж байсан хүмүүсийн үргэлжлэл сүүлийн 20 жилийн түүхийг хөгжүүлэхдээ зөвхөн өөрсдөдөө ашигтай байдлыг эрхэм болгосноос энэ байгууллагын цаашилбал энэ улсын спортын салбарын хөгжил дэвшлийг нэгдүгээрт тавьж бодлогоо боловсруулж чадаагүй нь ил анзаарагдаж байгаа нь нэн харамсалтай.

Баримт-1. Монголын үндэсний олимпын хорооны үйл ажиллагааны үндсэн зарчмууд Олимпын хартид нийцэж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, зарим эрх зүйн акт хууль дүрэм, журамтай нийцээгүй. Тус хороо нь Монгол Улсын нутаг дэвсгэрт олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилго бүхий, олимпын наадам, бүс, тив, дэлхийн тэмцээнүүдэд улсаа төлөөлдөг онцгой эрхтэй биеийн тамир, спортын салбарын бүлэг, давхаргын эрх ашгийг хамгаалах, нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулдаг, нийгэмд үйлчилдэг ТББ-аар байгуулагдсан. Гэсэн ч өнөөдөр хатуухан хэлэхэд спортын чиглэлээр Монгол Улсад орж ирж байгаа гадаадын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг “угаадаг” дамжуулагч төдий ажилладаг амьгүй албатуудын орогнодог амбаар мэт эмгэнэлтэй дүр зураг харагдах. Үүний хамгийн тод илрэл нь МҮОХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын гишүүдийн тоо нэг, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Д.Загдсүрэн агсан байх юм. Олимп, дэлхий, тивийн тэмцээнээс олон төрлөөр амжилт гаргаж байгаа Монголын мянга, мянган залуус Монголын Үндэсний  олимпийн хороонд  харьяалагддаг. Түүгээр зогсохгүй энэ хорооны Ерөнхийлөгч гэх өндөр албан тушаалыг 2008 оны Олимпын аварга Н.Түвшинбаяр гэх хүн хашиж байсан атлаа, байгууллагын албан ёсны бүртгэлд цэг таслал ч үгүй байгаа нь ХАРИУЦЛАГА гэдэг теором хамгийн ихээр алдагдсан газар гэдгийг баталж байна хэмээн үзэхээс өөр аргагүй юм.

No description available.

Баримт-2. Хамгийн их маргаантай хороо хаана байна гэвэл хамгийн түрүүнд Монголын үндэсний олимпийн хороог хэлнэ. Хэдийгээр олимп өөрөө улс төрөөс ангид нэгдмэл гишүүнчлэлтэй эв нэгдлийн билэг тэмдэг байх ёстой гэдэг ч МҮОХ шиг эв нэгдэлгүй, илт улс төржсөн байгууллага дэлхийн түүхэнд байхгүй. Үүний илрэл ч 2016 онд хуралдсан “Бүх гишүүдийн хурал”-аас илт байдаг. 101 гишүүнээс 68 гишүүн оролцож, хурлын бүрэлдэхүүнийг олимпийн бус төрлийн холбоод бүрдүүлж 2010 оны дүрмийг “шинэчлэн” баталсан энэхүү хурал нь Олимпийн хартын 23.3.3-д заасан “Үндэсний олимпийн хорооны гишүүд болон гүйцэтгэх удирдлагын санал хураалтад оролцогчдын олонхийн дүрмийн 1.2-т заасан Үндэсний спортын холбоод болон тэдний төлөөлөл бүрдүүлнэ” гэсэн заалтыг бүрэн утгаар нь зөрчсөн үйлдэл болсон байдаг. Ийм ч учраас өнөөдрийг хүртэл уг асуудал шүүхийн маргаантай байгаа аж. Нөгөө талаар улсын бүртгэлээс хасагдсан, тайлан өгөхгүй, тэмцээнд тамирчин явуулахгүй, угаасаа тамирчин байхгүй тэгсэн атлаа санал хураалтад оролцдог, хуйвалдаанд оролцдог, мөнгө авч санал өгдөг ХОЛБОО нэртэй төрийн бус байгууллагуудын тэргүүн гэсэн улс төрийн албан тушаалтнууд цөөнгүй бий. Эдгээрээс гадна орон нутгийн Олимпын зөвлөл гэсэн том нэртэй төрийн бус байгууллагуудын гишүүнчлэл ганц хүний бүрэлдэхүүнтэй. 21 аймагт 24 зөвлөл нэртэй ийм төрийн бус байгууллагыг төлөөлөгчид хурал болоход хотод ирж, тусгай хангамжинд тарвалзаж, наргиж байгаад “наргиан зохион байгуулагч”-ын талд гараа өргөж санал өгөөд орон нутаг руугаа одно. Ийм хүмүүсийн хувьд тамирчдын асуудал, олимпын хороонд үүссэн нөхцөл байдал огт хамаагүй байдаг нь дэндүү харамсалтай. /энэ асуудлыг ингээд орхиё, дараагийн цувралдаа эдгээр холбоо, зөвлөл, ТББ нэрээр оролцогчдын жагсаалтыг дэлгэх болно/

Баримт-3. Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендерийн үндэсний хорооноос гаргасан хөтөлбөр, НҮБ болон ОУОХ, ЕХ-ноос баталсан гэрээ, конвенцийн дагуу системтэйгээр үйл ажиллагааг зохион байгуулж, мэдээллийг түгээх спортод ялгаварлан гадуурхах, хүчирхийлэх хэлбэрийг эсэргүүцэж, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд аливаа сөрөг нөлөөллийн эсрэг тэмцэх үйл ажиллагаа хангалтгүй… хэмээн Аудитын дүгнэлтэд дурдсан байв. Ингэхэд, их спортод зүтгээд эх орондоо эргэж ирэхгүй болтлоо гадуурхагдаж, ганцаардсан тамирчдын тоо эрс нэмэгдэж байгааг та бүхэн анзаардаг уу. Дэлхийн дайдад монголынхоо нэрийг гаргаж, төрийн дууллаа хадаасан тамирчид зөвхөн “хангамж”-аас болж эх орноосоо татгалздаг гэж бодож байна уу? Үгүй юм. Учир нь хөлс, хүчээ, залуу нас, эрч хүч, гэр бүлээ хүртэл тойргийн гадна орхиж зөвхөн спортод амьдралаа зориулсан тэдгээр ТАМИРЧИД эв нэгдлийн бэлэг тэмдэг гэж цаасан дээр бичээд эрх мэдлийн төлөө  бүлэглэж нэгдсэн удирдлагуудаас болж ирдээдүйгээ эх орондоо биш харийн улсад харж, сонголт хийдэг болсон нь гашуун үнэн.

“Би өөрөө бэлгийн дарамтад өртөхөөсөө өмнө өртсөн нэг эмэгтэй тамирчиндаа туслахыг хичээн ажиллаж байсан ч санаснаараа ажлаа дуусгаж чадаагүй. Энэ тохиолдол бол сэтгэл санааны хувьд маш их цохилт болдог. Мартагдахааргүй, мөн ажил дээрээ гадуурхагддаг болдог тул ажлаасаа гарч дуртай ажил, зорилгоо бүгдийг нь орхих болсон нь харамсалтай”гэж “Эмэгтэй удирдагч санг”-ийн судалгаанд оролцсон тамирчин эмэгтэй “Спортын салбар дахь жендэр ба эмэгтэй тамирчдын эрх” судалгааны үеэр ганцаарчилсан уулзалтад оролцохдоо ярьсан байдаг. /эх сурвалж: https://news.mn/r/2231517/ Нийгмийн хамгийн гэгээлэг салбарынхны нэг болсон спортынхонд бэлгийн дарамт далд хэлбэрээр амь бөхтэй оршиж буйг “Эмэгтэй удирдагч сан”-гийнхан олон нийтэд ил гаргаж ирсэн бөгөөд спортын салбарт бэлгийн дарамт байгаа, гарч байсан тохиолдлуудын талаар хэлсэн бол бэлгийн дарамтад өртөж байсан ч өөрт нь муу зүйл тохиолдохоос айж, хэлэхээс татгалзсан 15, өөр тамирчинд ийм зүйл тохиолдсон талаар сонссон 20 тамирчин байгаа. Мөн энэ төрлийн дарамтад өртсөн талаар гомдол ирж байсан эсэхийг  Холбооны удирдах албан тушаалтнуудаас тодруулахад 50 хувь нь “Тийм” гэж хариулсаныг ч мөн тодотгож байв. Түүнчлэн 2011 онд хүндийн өргөлтийн тамирчин мөн 2012 болон 2015 онд буудлага, боксын эмэгтэй тамирчдаас бэлгийн дарамтад өртөж байсан бөгөөд тамирчин шүүхэд хандсан байдаг. Ялангуяа спортын ганцаарчилсан төрлийн тамирчин охидод ийм дарамт байнга ирдэг. Жүдо, чөлөөт бөх, хүндийн өргөлт зэрэг спортын төрлүүд нь өөрөө харилцан контакт дээр суурилдаг. Тухайн тамирчны биед нь дасгалжуулагч хийгээд хэн нэгэн хүрэхээс өөр аргагүй. Гэтэл биед нь хүрэх зайлшгүй нөхцлийг далимдуулах тохиолдол олон удаа давтагддаг болохыг эмэгтэй тамирчид өгүүлдэг.

No description available.

Баримт-4. МҮОХ нь тамирчид, дасгалжуулагчдыг хөгжүүлэх, амжилтыг ахиулах бүх нийтийн спортыг дэмжин хөгжүүлэх талаар ОУОХ-ны эв нэгдлийн сангаас хэрэгжүүлдэг, хөтөлбөр арга хэмжээнд хамруулах бэлтгэл ажлыг хангаж ажилласан. Ингэснээр хөтөлбөрийн хүрээнд тамирчдын бие бялдар, сэтгэл зүй, техник технологи, эрүүл мэнд, сэргээш, хориотой эм бэлдмэлийн тухай сургалтыг авдаг ч энэ талаараа тамирчдад мэдээлэл өгөх, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулдаггүйг аудитын дүгнэлтэд дурдсан байв. Түүнээс гадна МҮОХ нь бодлого, дүрэм, гишүүнчлэлдээ Допингийн эсрэг дүрэмд нийцсэн зохицуулалт боловсруулалт хийгээгүй. Тэгсэн атлаа Элэг эмнэлгийн үүсгэн байгуулагч Ж.Хатанбаатар ерөнхийлөгчөөр ажилладаг Монголын Үндэсний допингийн эсрэг холбоо нь Тамирчдад зориулсан “Шидэт ундаа” хэмээх үйлдвэрлэлийг маш нууц, мөн цөөн тоогоор гаргаж, таван жилийн турш туршиж, уг туршилтын хүрээнд монголын тамирчид олон улс, тив дэлхийн тэмцээнд маш амжилттай оролцсон тухай ойрын эх сурвалж өгүүлэв. Хачирхалтай нь энэ шидэт ундааны найрлагад орсон бүтээгдэхүүний талаар Ж.Хатанбаатар ерөнхийлөгч болон олимпын хорооны удирдлагуудаас өөр хүн мэдэхгүй, дэлхийн бүү хэл монголын стандартад ч бүртгүүлээгүй гэхээр “тамирчны нэмэлт бүтээгдэхүүн” гэсэн нэрээр хэчнээн хүний эрүүл мэнд, амь насанд аюултай байж болох бүтээгдэхүүнийг “Шидэт ундаа” нэрээр үйлдвэрлэж, ашиг олсныг таах боломжгүй байгаа юм. Тиймээс энэхүү Шидэт ундааны талаар МҮОХ болон Монголын допингийн эсрэг холбоо гэх хоёрхон хүний гишүүнчлэлтэй байгууллага тайлбар өгөх биз ээ.

No description available.

Баримт-5. Аудитын дүгнэлтэд МҮОХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт, сахилга хариуцлага дутагдаж байгааг хатуу анхааруулсан байв. МҮОХ-ны жилийн төсвийг 2012-2016 онд гүйцэтгэх зөвлөлийн хурлаар, 2017-2018 онд гишүүдийн хурлаар тус тус баталсан ч 2019 онд төсвөө батлаагүй байсан аж. Ингээд МҮОХ-ны төсөв, гүйцэтгэлийг найман жилээр авч үзэхэд  2014-2018 онд батлагдсан төсвийг 6.6-474.6 сая төгрөгөөр хэтрүүлсэн. 2019 оны төсвийг 2012 оны хурлын нэгдүгээр тогтоолыг үндэслэж баталчхаад батлагдсан төсвөөс 1.298.8 сая төгрөгөөр хэтрүүлж, төсөвт тусгаагүй 125.2 сая төгрөгийг зарцуулсан. Тушаал, шийдвэргүй, гэрээ хэлцэл, гүйцэтгэлийн тайлангүй, албан томилолтоор ажилласныг нотлох баримтгүй зэрэг анхан шатны баримтгүй 1.983.3 сая төгрөгийн гүйлгээ хийсэн. Ажилтнуудын ажлын үр дүнг үнэлэлгүйгээр урамшуулал дур мэдэн олгосон. Тамирчдын хүч чадлыг нэмэгдүүлэх үйлчилгээтэй нэмэлт бүтээгдэхүүн авахад зориулж Соёл, спорт аялал жуулчлалын яамнаас олгосон 200 сая төгрөгийг  нотлох баримтгүйгээр зарцуулсан. Үүнд, Уламжлалт анагаах ухаан, оюун санааны хөгжил санд 100 сая, Тамирчин нөхөн сэргээх сувилалд 19.8 сая, нягтлан бодогч Л.Жаргалд 80 сая… гэх мэтээр.

No description available.

Баримт-6. МҮОХ нь 2004 онд 67.720м2 талбай бүхий эзэмшил газартай байснаас Нийслэлийн Засаг даргын таван удаагийн захирамжаар өөрчлөлт оруулснаар 3.666 м2 газар үлдсэн байна. МҮОХ-ны эзэмшилд байсан 67.720 м2 газраас 2008 оны наймдугаар сарын 25-нд Нийслэл өргөө ХХК-д 3600 м2 талбайг 15 жилээр, Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр 27.632 м2 талбайг 2011 оны дөрөвдүгээр сарын 21-нд таван жилээр, Монголын бэйсболын үндэсний холбоонд 11.678 м2 талбайг таван жилээр, Монголын регбигийн холбоонд 14.156 м2 талбайг таван жилээр, Олимп сургалтын төвд 4.017 м2 талбайг таван жилээр, Тамирчин нөхөн сэргээх сувилалд 2.971 м2 талбайг таван жилээр тус тус 2012 оны зургадугаар сарын 13-нд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамжаар тараасан байдаг. Харин 2014 оны нэгдүгээр сарын 27-нд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхээс МҮОХ-ны эзэмшлийн газраас 30*20 метрийн харьцаатай газрыг Нийслэл өргөө ХХК-д шилжүүлсэн холбогдох заалтыг хүчингүй болгож, 3.600 м2 талбайг МҮОХ-д эргүүлэн өгөх шийдвэр гарсан байдаг.

No description available.

Харин олимпийн аварга Э.Бадар-Ууганы өмч болох Өөжин-мед эмнэлэг нь өмнө нь Тамирчин нөхөн сэргээх сувилал хэмээн тамирчдад зориулан МҮОХ-ноос санаачлан ОУОХ-ноос дийлэнх санхүүг нь гарган бариулсан барилга байж. Харамсалтай нь нөгөө л илүү харсан шуналтнуудын санаанд багтсанаар Тамирчин нөхөн сэргээх төвийг Тамирчин ХХК болгон МҮОХ-ны Захиргааны дарга, хуулийн зөвлөх Б.Наранцэцэгт шилжүүлэн хувьчилж, дараа нь Э.Бадар-Ууганд зарсан /шилжүүлсэн/ байна.

No description available.

Харин энэ хэрэгтээ МҮОХ-ны дарга агсан Д.Загдсүрэнд “МҮОХ-ны өмчлөлд байсан газар, байшинг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, ашиг олох зорилгоор бусдад худалдан борлуулсан” хэргээр шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэн шүүхээс 2014 оны нэгдүгээр сарын 27-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 266 дугаар зүйлийн 266.2 дахь хэсэгт зааснаар түүний албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасч, жирийн дэглэмтэй хорих ангид гурван жил хорих ялаар шийтгэсэн байдаг.

Үргэлжлэл бий…

+ There are no comments

Add yours