Л.Баттөр: “Халдварын тохиолдол цаашдаа буурахгүй, IX сарын дундуур оргилдоо хүрнэ”

Халдварын тархалт, цаг үеийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийн Өдрийн сонинд өгсөн ярилцлагаас хүргэж байна.

Л.Баттөр: “Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд Япон руу явуулсан сорьцод зөөвөрлөгдсөн дельта вирус бүртгэгдсэн. Гэхдээ тэр үед дотоодын халдвар байгаагүй. Зургаадугаар сард Япон руу дахин явуулсан 160 сорьцын 38-ынх нь хариу ирсэн. Арван хувьд нь дельта вирус байгааг тогтоосон. Мөн альфа болон Монголд тархаж байгаа өвөрмөц хувилбар байна гэсэн мэдээ авсан. Вирус нэг хүний биеэс нөгөөд орохдоо хувьсаж өөрчлөгдөж байдаг. Ийм вирус тодорхой хувийг эзэлж байна.

Бид тавдугаар сараас эхлэн PCR-т суурилсан мутаци хувилбаруудыг илрүүлэх шинжилгээ хийж байсан. Үүнийгээ баталгаажуулахын тулд Япон улс руу сорьц илгээгээд MJS шинжилгээгээр баталгаажуулж байгаа.

ДЭМБ хэрэв MJS-ийн шинжилгээ хийх боломжгүй бол PCR-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг хийж болно гэж үзсэн. Одоо бид альфа, дельта вирусийг илрүүлэх шинжилгээг PCR-т суурилан хийж байна. Япон улс руу явуулсан сорьцууд PCR-т суурилсан шинжилгээний хариутай таарч байгаа.

Тэгэхээр бид дараагийн мутаци хувилбарыг илрүүлэх сорьцыг шинжилгээнд явуулах, үлдсэн шинжилгээнийхээ хариуг хүлээх ямар ч шаардлагагүй. PCR-т суурилсан мутаци хувилбараа илрүүлэх шинжилгээнд үндэслээд шийдвэрүүдээ гаргаад явах нь илүү цаг хугацаа хожно. Тиймээс улсын хэмжээнд байгаа сорьцуудаас дээж авч PCR-т суурилсан мутаци хувилбар илрүүлж байгаа.

Өдөр бүрийн тохиолдлын тоо их байх тусам дельта хувилбар хурдан тархах магадлалтай. Тохиолдлын тоог бага түвшинд бариад байвал дельта хувилбар тархах эрсдэл нь бага байна. Долоо хоногт арван хувиар нэмэгдээд байгаа зүй тогтол харагдаж байна.

Орон нутгийн тухайд 10-50 хувьд нь дельта вирус илэрч байгаа. 50-иас дээш хувьд дельта илэрсэн аймгуудад үнэлгээ хийгээд үзэхэд ойрын хугацаанд аялал жуулчлал хурим найр, баяр наадам ихэссэнтэй холбоотой байна. Зөвхөн бөх барилдах, морь уралдахыг зөвшөөрсөн. Гадаа болохоор эрсдэл багатай гэж үзсэн хэрэг.

Гэтэл нэг гэрт 10, 20-уулаа тойрч суугаад айргаа тойруулж уугаад найр хурим хийгээд байхаар халдвар улам нэмэгдэнэ шүү дээ. Тэнд нэг вирустэй хүн дуулахад л тэр гэрт байгаа бүх хүн зэрэг халдвар авах эрсдэлтэй.

Сүүлийн хоёр долоо хоногийн хувьд тогтвортой буурч байсан тохиолдлын тоо маань жигд болоод ирсэн. Энэ бол цаашдаа буурахгүй, ихсэх магадлалтай гэсэн дохио.

Буцаад өгсөх нь тодорхой болчихлоо. Бидний тооцоолж байгаагаар есдүгээр сарын дундуур хамгийн оргил үедээ орно. Магадгүй зургаадугаар сарын оргил үе шиг халдварын тоо өдөрт 2,500-3,000-д хүрч болзошгүй. Гэхдээ нөхцөл байдал ийм болох уу, үгүй юү гэдэг нь иргэдийн цэвэр ухамсрын асуудал.

Юун түрүүнд вакциндаа бүрэн хамрагдах хэрэгтэй. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс маань вакцин хийлгээгүй эрүүл мэндийн шалтгаантай иргэд болон хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалж байна гэсэн үг.”

Эх сурвалж: “Өдрийн сонин”

+ There are no comments

Add yours