ЭЦА: Хонконгд арван жилийн ял эдэлсэн иргэн их хэмжээний мөс хилээр нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон

Эрүүгийн цагдаагийн албанаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан шуурхай мэдээлэл хийлээ. Африк улсаас их хэмжээний мансууруулах төрлийн бодисыг шуудан илгээмжээр дамжуулан Монгол Улсын нутаг дэвсгэрт оруулж ирсэн хэргийн тухай мэдээлэл өглөө.

Хар тамхитай тэмцэх газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Зоригбаатар: “Он гарснаар эхний хагас жилийн байдлаар хар тамхины 76 гэмт хэрэгт 143 хүнийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд хураан авсан бодисын хэмжээ өмнөх оноос хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа.

2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Өмнөд Африкийн улсаас Монгол улсын хилээр 989.2 гр буюу их хэмжээний мөс гэх нэршилтэй бодисыг хууль бусаар улсын хилээр нэврүүлсэн хэргийг цагдаагийн байгууллага илрүүлсэн. Энэ хэрэгт Чингэлтэй дүүрэгт оршин суудаг Б болон Баянзүрх дүүрэгт оршин суудаг Э нарыг холбогдуулан шалгаж байна. Өнөөдөр иргэн Э-г хойшлуулашгүй ажиллагаа явуулж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тухайн иргэн нь 2010 онд Хонконг улсад хар тамхи зөөвөрлөсөн хэргээр 10 жилийн ял эдэлж, 2020 онд суллагдаад Монголд ирсэн.

Цагдаагийн байгууллага Интерполтой хамтран гадаад улсаад манай улс руу илгээсэн этгээдийг олж тогтоохоор мэдээлэл солилцон, хамтран ажиллаж байна. Энэхүү гэмт хэрэгт 5-12 жилийн хорих ялаар шийтгэдэг хуулийн хариуцлагатай” гэв.

+ There are no comments

Add yours