1143 хүнээс халдвар илэрч, 43-80 насны гурван хүн нас баржээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг танилцуулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн хоногт 7,102 хүнээс PCR шинжилгээ авахад 1,143 тохиолдол бүртгэгдлээ. Вакцинд хамрагдаагүй хэсгийнхэнд өвчлөл чиглэх нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, вакцин хийлгээгүй 18-34 насныхан болон 0-17 насныханд өвчлөл тохиолдож байгаа тул өөрийгөө болон хүүхдээ хамгаалахын тулд вакциндаа идэвхтэй хамрагдаж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

Улаанбаатар хотод 1,052 тохиолдол бүртгэгдсэн. Эдгээр тохиолдол нийслэлийн 150 гаруй хороо, албан байгууллага, батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болон хөдөө орон нутаг руу зорчихоор сайн дураар шинжилгээ өгсөн иргэдийн дундаас илэрч байгаа юм. Орон нутагт 91 тохиолдол бүртгэгдсэн” гэв.

Өнгөрсөн хоногт гурван иргэн коронавируст халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа. Тодруулбал

  • V сарын 19-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй
  • V сарын 17-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй
  • V сарын 13-нд онош нь батлагдсан 43 настай эрэгтэй ковид-19 өвчний нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Биеийн байдал нь хөнгөн 2487, хүндэвтэр 1665, хүнд 462, маш хүнд 122 хүн байна. Коронавируст халдварын улмаас 4727 иргэн эмчлүүлж байна, мөн 685 хүн эдгэрч, ажиглалтаас гарчээ.
2021 оны зургаадугаар сарын 2-ны өдрийн байдлаар Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдлын нийт тоо 60,372 боллоо. Үүнээс 51,448 нь эдгэрчээ.

+ There are no comments

Add yours