“43 настай эмэгтэйн нас барсан шалтгаан нь урьдчилсан байдлаар вакцинтай ямар ч холбоогүй”

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэмбилэг цаг үеийн асуудлаар тайлбар өгч байна.

“Залуухан бүсгүй, эх харамсалтайгаар эндсэн таагүй мэдээ дуулгаж байгаадаа хүлцэл өчье. 43 настай эмэгтэй тавдугаар сарын 10-ны орой нас барсан. Тухайн эмэгтэй төрөөд 40 хонож байсан. 5-р сарын 9-ний өглөө вакцинд хамрагдаад 10-ны 21 цаг 40 минутын орчимд нас барсан эмгэнэлтэй тохиолдол гарсан. ЭМЯ, эрүүл мэндийн салбарын зүгээс гүн эмгэнэл илэрхийлье.

Олон нийтийн сүлжээгээр жирэмсэн, хөхүүл эмэгтэйд вакцин хийснээсс болж хүний амь нас эрсдлээ гэх ташаа мэдээлэл их тархаж байна. Энэ нь вакцинжуулалтын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа тул бид мэдээлэл хийж байгаа юм аа. Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн шалтгааныг тодорхойлох тусгай хороо ажилладаг.

Урьдчилсан байдлаар, нас барсан шалтгаан нь вакцинтай холбоогүй болох нь тогтоогдсон. Тэрээр тархины судасны цүлхэнтэй байсан ба цүлхэн хагарснаас болж, тархины хоёр талт бөмбөлөгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүссэн. Улмаар энэ нөхцөл байдлын улмаас нас барсан байна гэдэг урьдчилсан дүгнэлт гараад байна. Энэхүү эмгэгийн улмаас нас барах эрсдэл маш өндөр байдаг. Үхэл өндөртэй эмгэг байдаг. Жилд арав орчим хөхүүл, жирэмсэн ээж нарт энэ эмгэг тохиолддог, 2019 оны байдлаар цус харвалтын улмаас хоёр эх эндсэн статистик тоонууд байгаа.

Санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Оношоо мэдэхгүй явж байсан байх магадлалтай. Вакцинжуулалттай цаг хугацааны хувьд давхцаж тархинд цус харвасан байна. Энэ эмэгтэйн хувьд даралт ихсэх эмгэг бүртгэгдсэн, хяналтад байсан ийм эмэгтэй байна” гэв.

+ There are no comments

Add yours