Л.Оюун-Эрдэнэ: Улс төрчид нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн цуваа 21 аймаг руу хөдөллөө. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Иргэн та вакцин хүлээж болох ч найм, есдүгээр сар хүртэл хойшилж магадгүйг анхааруулж байна. Тиймээс эртхэн хийлгэх хэрэгтэй. Одоо байгаа вакцинаа хийлгэх нь цаг хугацааны хувьд хамгийн эрсдэлгүй.

 Иргэд маань хэт эрхлээд байж болохгүй. Бусад улсууд ямар байна, интернет рүү ороод үз. Вакцинжуулалтаас өөр ямар ч гарц байхгүй. Вакцинжуулалт ихсэх тусам халдварын тоо багасна. 

Төрийн тэргүүний сонгуульд бид хүндэтгэлтэй хандалгүй яахав. Гэвч үүнийг дагаад улс төрийн хөөсрөлт бий болж ажлаа хийж байгаа хүмүүс рүү дайрч байна. 

Улс төрчид та нар нэг ч вакцин авчирч, үйлдвэрлэж нэмэр болж чадахгүй бол гай битгий бол. Вакцин татан явалтын явцад зарим улс төрчийн хайхрамжгүй байдал нөлөөлсөн. Үүнийг цар тахлын үеэр улс төржүүлэхгүйг хичээж байна.

Миний хувьд асар их тэвчээр гаргаж байна. Би бас тийм тэвчээртэй хүн биш. Шаардлагатай үед нь тэдгээр гишүүдийг зарлана. Цар тахлын үед буруу мэдээлэл өгөх нь эх орноосоо урвасан хэрэг шүү. Тиймээс улс төрийн алиа салбадай нарт анхааруулъя. Цар тахлын нөхцөл гайгүй болох үед хэлэх ёстой газарт нь хэлнэ” гэв.

+ There are no comments

Add yours