Андлалын хөшөө, угтах хаалга биш амийг нь аврах “амьсгалын аппарат” хэрэгтэй байсныг одоо ойлгов уу?

Цар тахлын хүнд үе бидэнд өөрсдийнхөө чадал чансаагаа таньж авах, яг үнэндээ менежментийн хямралд орчихсон цүнх барьж, лифтээр өгсөж, мөнгөөр цутгасаар гэнэт дарга болчихсон мэргэжилгүй, туршилгагүй, хүний нинжин сэтгэл дутсан хүйтэн дарга нартай гэдгийг голд хүртэл ойлгууллаа. Халдварын буянаар уу, балагаар уу уушги орлуулах “есмо” гэдэг аппарат улсын хэмжээнд ганц байсныг мэдэж авлаа. Уурлаж хараасаар гурван аппараттай боллоо, хөөрхий.

Хүнээсээ олон хөшөө босгочихсон мөртлөө хол зам туулсан хүн очоод аятайхан аяга хоол идээд, амарч тухлаад гарах газаргүй аймаг олон доо. Тийм байж тэрбум, тэрбумаар тэмээ ямаа, гутлын хөшөө босгож, алт мөнгө шигтгэсэн хаалгаар угтдаг байсан ковидгүй зун одоо алга болжээ. Өнөөдөр аймаг болгонд халдварын тохиолдол бүртгэгдэж, орон нутгийн зарим эмнэлгийн эмч, ажилчид нь халдвар авч, өвчтнүүдээ дийлэхгүй болох эрсдэл тулгарч байна. Ийм үед аймгийн төсвөөр тэмээ ямааны хөшөө, алт мөнгөн угтах хаалга барьж аархахын оронд эмнэлгийнхээ тоног төхөөрөмж, орчин нөхцөлийг сайжруулах, хүний нөөцөө бэлтгэхэд бага болов ч анхаарахгүй яав даа гэж том хар жийптэй дарга нар маань хааяа нэг ичдэг болов уу?

Эмнэлгийн зориулалттай амьсгалын аппаратны дундаж үнэ 25-50 мянган ам.доллар буюу ойролцоогоор нэг тэмээ, эсвэл морь, магадгүй ганц шаазан ямааны хөшөөний үнэтэй тэнцдэг юм байна. Улс нь тахлын хүнд нөхцөлд байхад одоогийн шадар сайд маань уушги орлуулах есмо аппарат нэгийг, амьсгалын аппарат 20 ширхэгийг авах боломжтой мөнгөөр усаа өөрөө зөөдөг усан оргилуур төв талбайдаа барьсан билээ. Одоогийн ерөнхий сайд маань бас л андлалын өргөө ч гэнэ үү, аймшгийн цогцолбор ч гэнэ үү бас л нэг ирээдүйгүй шавар хөшөөг төрсөн нутагтаа хоёр тэрбумаар овоолсон. Эдгээр гутармаар, өгөөжгүй “бүтээн байгуулалт” нь аль аль нь гурван сая хүн амь насаа алдсан аймшигт цар тахлын үед бүтээгдсэн гэдгийг мартуузай, төсвийн мөнгө уйлдаггүй.

Монгол Улсад 1032 морь, 538 бөх, 341 нийгмийн зүтгэлтнүүд, хонь, ямааны хөшөө 1652, аргаль янгирын 123, 756 үхэр тэмээний, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 хөшөө байдаг гэх статистик мэдээлэл байна. Зөвхөн 1990 оноос хойш 2016 он хүртэл 26 жилийн дотор Монгол Улс сансарын 5 пуужин, атомын 2 цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг, 2500 сургууль, 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон байна гэж олон улсын Эмнести интернэшнл байгууллага дүгнэлт гаргажээ. Үүнээс хойш, таван жилийн дараа 21 аймаг, 365 сумдаа овоо олон шавар нэмж босгосон биз дээ.

Ковид-19-ийн халдвар дөнгөж эхлэхэд л улс маань ямар нэг юмаараа заавал дэлхийд тэргүүлэх ёстой гэсэн мунхаг философи барьж ажилласан билээ. Одоо хүссэнээр нь 100 мянган хүнд ногдох халдварын шинэ тохиолдлын тоогоор Монгол улс дэлхийдээ тэргүүлж байна. 100, 100 саяынхаа хөшөө, хаалганд мөргөөд энэ хэцүү цагийг гай үгүй давах биз дээ, ухаан нь ундарсан, урагшгүй дарга нар маань.

+ There are no comments

Add yours