НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хэрэгтэй байна

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны үеэр эдийн засаг хүндэрсэн, иргэдийн орлого буурсан үед нэмэгдсэн өртгийн албан татварыг 5 хувь болгох шаардлагатай байгааг хэллээ.

Тэрбээр уг хуулийн төслийг өмнөх парламентад гишүүнээр ажиллаж байхдаа өргөн барьсан ч өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна гэв.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Өнөөдөр үдээс өмнө нэг асуудал хэлэлцээд завсарлах юм байна. Бид цар тахлын үед шуурхай ажиллах ёстой. Тиймээс УИХ-ын дарга АН-ын гишүүдийн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх хэрэгтэй байна. Миний өргөн барьсан хуурамч шатахууныг таслан зогсоох хуулийн төслийг хэлэлцээд нэг талд нь гаргаад өгөөч ээ. Ард түмэн хэцүү байна. Энэ үед нь хуурамч шатахуунаар машиныг нь эвдээд баймааргүй байна. Мэргэжилтнүүд, салбарынхан энэ асуудлыг олон жил ярьж байна шүү дээ.

Хоёрдугаарт НӨАТ-ын тухай хууль байна. Хүмүүсийн орлого багассан байна. Энэ үед энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй байна. Өдөр тутам авч байгаа бүтээгдэхүүн дээрээ 10 хувийн нэмэгдэлтэй байгаа чинь л хүнд байна. 5 хувь болгох хэрэгтэй. Та нарын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ чинь байндаа тусахгүй байна. Хэлэлцэх асуудал олон байхад томилгоо хэлэлцэж, хэн нэгэн даргыг авч ирж загнах л ажил хийж байна” хэмээн шүүмжилсэн юм.

+ There are no comments

Add yours