Ковидын шинжилгээг шүлсээр өгөхөд хоёроос гурван цагийн дотор хариу нь гарна

Шүлснээс КОВИД-19-ийг илрүүлэх дотооддоо үйлдвэрлэсэн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ. Энэ талаар АШУҮИС-ийн багш Г.Чимэдлхамсүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, Монгол эрдэмтдийн бүтээсэн коронавирусийг шүлснээс илрүүлэх оношлуурын сав нь 5 мл багтаамжтай. Вирус тээвэрлэгч улаан өнгийн шингэнтэй. Үүнийг ашиглан сараас дээш хугацаанд сорьцыг тээвэрлэх боломжтой хэмээн тайлбарласан юм. Одоогоор манай улс 4000 оношлуурын нөөцтэй байгаа аж.

Ковид-19-ийн шинжилгээг шүлсээр өгөх зөвлөмж, дараалал:

Шүлс цуглуулах савыг амандаа ойртуулан барьж, шүлсээ бага багаар гоожуулна. Шүлсийг савны дунд хэсэг хүртэл хийнэ. Юүлтүүрийг авч хаяна. Дараа нь шүлстэй савыг эргэдэг тагаар сайтар таглана. Шүлсний хэмжээг шингэн хэсгээр тооцно. Шүлсний хэмжээ хэт бага байж болохгүй. Мөн хөөсийг тооцохгүй. Шүлстэй савыг шинжилгээнд өгнө.

Шинжилгээний хариу 2-3 цагийн дотор гарна. Хариуг https://eruul.gerege.mn/public/eruul сайтаас авах боломжтой.

Төлбөр төлөх шаардлагагүй. Урьдчилан цаг авахгүйгээр шинжилгээгээ өгөх боломжтой. Шинжилгээг авах цаг богино болсон учир хүний бөөгнөрөл, дараалал үүсэхгүй. Иргэдийг бөөгнөрүүлэхгүйн тулд зай талбайг урьдчилан бэлтгэсэн. Лабораторид 10-12 хүн нэг ээлжид ажиллаж байна. Нэг хүнээс шүлсээр шинжилгээ авахад дунджаар 3-5 минут зарцуулж байна.

Иргэд бүртгүүлэх хэсэгт бүртгүүлснээр шинжилгээгээ өгөх боломжтой. Энэ оношлуурыг ашигласнаар эмнэлгийн ажилтнуудын халдвар авах эрсдэл буурна хэмээв.

Шүлсээр шинжилгээ өгөхөөс өмнө амаа зайлаагүй. Шингэн зүйл уугаагүй. Хоол идээгүй. Тамхи татаагүй байх ёстой. Шинжилгээнд өгөх шүлсийг хүчилж гаргахгүй. Амны хөндийд цугласан цэвэр шүлс байх ёстойг иргэд анхаарах хэрэгтэйг тэрээр анхааруулсан юм.

+ There are no comments

Add yours