Ноёд группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Т.Ариунаа нарын суулт үргэлжилж байна

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж, МУГЖ дуучин Т.Ариунаа нар хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө суулт өчигдөр оройноосхийж эхэлсэн билээ. Тэд Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд 3 шаардлага хүргүүлсэн юм. Шаардлага биелүүлэхгүй бол өлсгөлөн зарлахаа мэдэгдэв.

1.БНХАУ-ын иргэний ₮47 тэрбумын мөнгө угаасан хэргийг шалгах

2. Өөрт учирсан ₮25 тэрбумын хохирлыг шийдвэрлүүлэх

3. Ёс зүйгүй прокуроруудыг шалга, хариуцлага тооцох

“Ноёд” группийн Ерөнхийлөгч Г.Буяндорж “Одоогоор биеийн байдал сайн байна. Шөнө -16-18 градус байсан. Хөдөлгөөнтэй байсан учраас даарсангүй. Сайн санаат, биднийг дэмжиж байгаа хүмүүс халуун арц, чацаргана, банштай цай хийж ирсэн. Монгол Улсад шударга ёс байдаг гэдгийг би мэдрүүлэхийг хүсч байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль бус үйл ажиллагаанд хэлмэгдсэн. 

Би 2011 оноос хойш 100 гаруй удаа өргөдөл гомдол гаргаж өгчээ. Нэг прокурор нь надаас 100 мянган ам.доллар өгөхийг шаардсан. Өргөдөл өгсний дараа 6 зүйл ангиар гүтгэсэн гэх мэт хэрэг үүсгэсэн. АТГ-аас гомдлыг маань шийдвэрлэсэн талаарх мэдэгдлийг албан ёсоор өгөөгүй байна. Тэд хүсвэл 3 цагийн хооронд шийднэ, хүсэхгүй бол 3 жил 30 жилийн турш ч сунжруулна. Тиймээс би хүлээж байна. 72 цагийн дараа гэхэд хариу өгөхгүй бол өлсгөлөн зарлана. Цахим болон гараар гээд 6000 орчим хүн биднийг дэмжиж гарын үсэг цуглараад байна” гэв. 

МУГЖ дуучин Т.Ариунаа “Үүнийг зөвхөн бидний асуудал хэмээн харж болохгүй. Энэ нь олон хүний хэмлэгдсэн асуудлыг мөн хөндөж байна. Хэлмэгдсэн, эрх нь зөрчигдсөн маш олон хүн бидэнд ирж гомдлоо тайлсаар байна. Би олон ээжийн төлөөлөл болж энд сууж байна. Монгол орон шоронгоор дүүрлээ. Эр нөхрийнхөө араас хөөцөлдөж, олон удаагийн дарамтад манай гэр бүл, үр хүүхдийн мань бага нас өнгөрсөн. Олон гэр бүлийн хаалганы цаана ийм дүр төрх бий. Гэр бүл амар амгалан, эрүүл л байвал болдог. Бид 10 жил хүлээсэн учраас хэд хоног өлсөх, даарах бол асуудал биш. Тиймээс 72 цагийн дотор хариуг өгөхгүй бол би нөхрийнхөө хамт өлсгөлөн зарлана. Би 9 жил уран бүтээлээсээ хөндийрсөн нь амраад байгаадаа биш надад ар гэрийн асуудал байсан учраас хэсэг завсарласан юм” хэмээлээ.

+ There are no comments

Add yours