Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх 2020 оны 03 сарын 27-ны өдрийн корона вирусын нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах үеэрээ “Энэ хүмүүсээ гадаадад хаяж, би үхэхээр чи үх гэж хаяж болохгүй. Иймд Монгол улсын Засгийн газар гадаадад байгаа иргэдээ, нэн тэргүүнд нялх нойтон хүүхэд, ахмад настнууд, эмэгтэйчүүд, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүний нутагт эмчлүүлээд гацсан, хөрөнгө мөнгөгүй, идэх хоолгүй, орох оронгүй, оочих аягагүй болчихоод байгаа ард иргэдээ татаж авна. Монгол хүн эх орноо зорих эрхтэй. Энэ бол Үндсэн хуулийн хүрээнд хийгдэж байгаа ажил. Монгол хүн байтугай монгол морь эх орон руугаа гүйдэг юм. Тиймээс бид бололцоотой бүхий л арга хэмжээг авна” хэмээсэн билээ.
Энэ уярам үгтэй, сүржин утгатай мэдэгдлээс хойш есөн сар буюу 270 хоног өнгөрч, Монгол улс жил гаруйн хугацаанд 20 орчим мянган иргэнээ хоёр дахин өндөр төлбөртэй нислэгээр татан авалт хийж, дэлхийд байхгүй 35 хоногийн карентинд хорьсон байна. Энэ бүтэн жилийн хугацаанд Ерөнхий сайд маань өөрөө хоёр удаа нам даргалж сонгуульд оролцоод амжсан мөртлөө он гарахад долоо хоног дутуу байхад бүтэн жил гадаад оронд гацаж байгаа Монгол иргэдээ Монголын төр авчирч амжсангүй, чадсангүй. 11 сарын байдлаар гэхэд Зөвхөн Солонгос улсаас л эх орондоо ирэх хүсэлт 3998 хүн гаргаад байна. Дотооддоо халдвар алдаагүй гэсэн шалтгаанаар Монгол иргэддээ Монгол улсынх нь хилийг бүрэн хааж сардаа нисдэг тавхан нислэгээр нь өөрсдийн хамаарал бүхий хүмүүс, танил талаа түрүүлж татаж олон Монгол айлд амьдын хагацал үзүүлжээ, харамсалтай.
11 сарын 11-нд Монгол улсад дотоодын анхны халдвар илэрлээ гэх үндэслэлээр тусгай үүргийн нислэгүүдээ цуцалж, гадаадад гацсан иргэд нь орон гэргүй, идэх хоолгүй, өвлийн хүйтэнд тодорхойгүй хугацаар гацаж, дараа дараагийн төлөвлөгөөт нислэг мөн л тодорхойгүй хугацаагаар зогсжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтад “Монгол Улсын иргэн гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно.”, мөн Арван зургадугаар зүйлийн зургаа дахь заалтад “эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй”, гэж тус тус заасан. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 13 дугаар зүйлийн 2-т “Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.”, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 12 дугаар зүйлийн 4-т “Хэний ч эх орондоо ирэх эрхийг дур мэдэн хасч болохгүй.” гэж заажээ.
Дураараа хурандаагаар даргалуулсан УОК, ГХЯ ардчилсан, бүрэн эрхт Монгол улсын 70 гаруй мянган иргэний эх орондоо ирж очих язгуур эрхийг ноцтойгоор зөрчиж, тэдгээр хүмүүсийн амьдралд удаа дараа, олон удаа төвөг учрууллаа. Тэднээс ганц удаа уучлалт гуйсангүй, элчин сайдын яам нь орон байраар туслалцаа үзүүлсэнгүй, мөнгө төгрөгөөр дэмжсэнгүй тэдэнд ердөө “тодорхойгүй байдлыг” шинэ жилийн бэлэг болгож өгчээ.
2020 оны 03 сард бусад улсуудын иргэдээ татан авчирсан жишээнээс дурьдаж үзвэл Их Британий засгийн газар 75 сая долларыг корона вирусын улмаас эх орондоо ирж чадалгүй гацсан сая гаруй иргэдээ татан авах чартер нислэгийн төлбөрт зарцуулахаар төлөвлөжээ.Харин Герман улсын гадаад хэргийн сайд: “Бид нэг өдөрт 30-40 онгоц нисгэж гадагшаа аялахаар явсан иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулж байна. Египтээс гэхэд л 35,000 иргэн, Мороккогоос 5000 иргэн, Аргентин, Филлипин, Малдиваас мянга мянган иргэн эх орондоо буцах хүсэлт гаргасан. Тиймээс 50 сая еврог гаргаж, чартер нислэгээр иргэдээ авчирна. Арав, арван мянгаар нь иргэдээ авчрах тул нилээд хэдэн өдөр зарцуулах бололтой” хэмээсэ юм. Энэ мэтээр дэлхийн олон улс орнууд иргэдээ татан авч ирэхэд их анхаарал хандуулж, их ч мөнгө зарцуулжээ. Гэтэл бидний хэдэн Монголчууд нислэгийнхээ мөнгө, тусгаарлах байрны төлбөрөө хүртэл даалгасан дансанд нь хамгаа шавхаад хугацаанд нь төлсөн байхад мөнгийг нь аваад, нислэгийг нь хоёр удаа цуцалж тохуурхлаа.
2020 оны 09 сарын 11-ны байдлаар 35 тусгаарлах байранд 3646 иргэнийг тусгаарлан ажиглаж байсан байна. Гэвч Улаанбаатар хотод амралтын газар, жуулчны баазыг тооцолгүй, зэрэглэлтэй болон зэрэглэлгүй ойролцоогоор 9000 өрөө буюу 266 зочид буудал үйл ажиллагаа явуулдаг юм байна. Цар тахлын үед зочид буудал, амралтын газрын үйл ажиллагаа хаагдсан байхад нэг иргэнийг хоногийн 50,000 төгрөгөөр тусгаарлачих байр баймаар л юм даа. Бүтэн жилийн хугацаанд тусгаарлах байрны тоогоо ч нэмэгдүүлж, үр дүнтэй ажиллаж чадаагүй хүмүүсээс хариуцлага нэхэх үү? Эсвэл энэ л манай улсын “бололцоо” гэсэн гачлантай үгээ хэлсээр иргэдээ талцуулсаар байх уу? Хүйтрэхээс өмнө тусгай үүргийн нислэгээ нэмж, илүү олон иргэнээ татан авах сэтгэл байсангүй нь харамсалтай.
Б.Хонгорзул
More Stories
Мансууруулах бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт, хэргийн...
Түймрийн эрсдэл өндөртэй цаг үед иргэн бүр хариуцлагатай байж, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг сануулъя
Онцгой байдлын байгууллагад энэ 7 хоногт буюу 14-17-ны өдрийн хооронд 4 аймаг, 1 дүүргийн нутаг дэвсгэрт нийт 8 удаагийн ой,...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид,...
Японд 20 настай монгол дадлагажигч ослоор амь насаа алджээ
Японы Хирошима мужийн Күрэ хотын дайрганы үйлдвэрт туузан дамжуургын механизмд татагдан орсон 20 настай Монгол Улсын иргэн амь насаа алдсан...
Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл ирэх сард эхэлнэ
Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ? Төрийн албан хаагч Хувиараа бизнес эрхлэгчид Залуу гэр бүлүүд Ахмад настан 4 ба...
Аюулт үзэгдэл,ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.09.07-2026.09.13) нийслэлийн 8 дүүрэг, 14 аймгийн 27 суманд аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгдсэн...
