Бүлэглэлийн тэмцэлд тамиржсан албан тушаалын үнэ цэнэ

-МҮОНТР-ийн захирлын албан тушаалаар өөрийн уналтаа сэргээх гэсэн “Ми бүлэглэл” Г.Гэрэлийг зүтгүүлж байна-

  Өнгөрсөн хугацаанд хамгийн ихээр дуулиан тарьсан газар бол МҮОНТР болоод буй. Учир нь энэ телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүд хийгээд гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт ид өрнөж байгаа юм.  Үндэсний бөгөөд  олон нийтийн ганц телевизийнхээ агуулга, мөн чанарыг хадгалах үүднээс төрийн гурван инситуцээс Үндэсний зөвлөлд төлөөллөө оруулдаг хуультайг энэ дашрамд дурдах нь зөв байх.

Учир нь Үндэсний зөвлөлийн зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас  шинэ  гишүүдийг УИХ-ын чуулганаар өнгөрсөн баасан гарагт баталсан нь багагүй шуугиан тарьсан. Энэ шуугиантай зэрэгцэн  МҮОНТР-ийн Ерөнхий захирлыг сонгох асуудал   яригдаж эхэлсэн. Уг албан тушаалд  17 хүн нэр дэвшин өрсөлдөж буй.  Тэдний дунд  тоосоо өргөх  нь ч  буй,  толгодын цаана  тамир нь хүрэлгүй  торойж үлдэх нь ч байгаа харагдах.

 Үнэнийг хэлэхэд, саяхныг хүртэл МҮОНТР-ийн захирал хэн байх нь улстөрчдөд  тийм ч ач холбогдол бүхий зүйл биш байв.  Угтаа энэ албан тушаалын үнэ цэнийг нь мэдрүүлж, нөлөөллийн улс төрчдийн анхаарлын төвд оруулж өгсөн хүн нь Ерөнхий захирал асан Л.Нинжжамц гэдэгтэй  маргах хүн гарахгүй бизээ.

 Олон нийтийн мэдээллийн гүүр болсон Үндэсний  том телевизийг  гартаа оруулж, өөрсдийн дуу хоолой, байр сууриа илэрхийлэх  гол зэвсэг болгох гэсэн улстөрийн томоохон фракциуд ил цагаан хүчээ үзэн, хуйхтай толгойгоо маажин зүтгэцгээж буйгаас үзэхэд 17 нэр дэвшигчээс өнөөдөр гурав нь хол тасарч, хэн хүчтэй ар талтай нь их айлын хойморт залрах нь тодорхой болов. Ингэхэд шалгарсан гурав хэн нь хэн бэ?

 Нэгэн зүйл, УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн нутгийн С.Баярмөнхийг зүтгүүлж байгаа.  Нутаг нуга, танил талаараа гул барин  нэр дэвшигч  С.Баярмөнхийг олон нийт танихгүй шахам. Харин салбартаа болон улс төрчдийн дунд түүнийг “Халуун хөнжил”, “Сэрүүлэг” зэрэг шар  сониноор хэвлэл мэдээллийн салбарт  хөл тавьсан нэгэн гэдгээр нь андахгүй.  Тэрбээр ТВ-8 телевизийг хэдэн нөхдийн хамт үүсгэн байгуулсан ч замын дундаас  амбиц хөөн  МАН-ыг бараадсанаас харахад ч зах зээлийн эхэн  үед арилжааны жижиг телевиз байгуулчихаад хөл дээр нь босгож авч явж чадаагүй хүн  МҮОНТР-ийг удирдана гэдэг юу л бол гэдэг бодлыг төрүүлэх.

 Нэгэн зүйл, нэр дэвшигч хоёр дахь эрхэм бол  эдүгээ үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй хөтлөгч мэргэжилтэй Г.Гэрэл. Түүнийг илт мотордон зүтгүүлж байгаа улс төрчийг УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гэлцэж буй. Сүүлийн хоёр сарын турш Төрийн ордонд байрлах шахам өнжиж буй Г.Гэрэлийг наанаа дэмжиж байгаа нь Ж.Мөнхбат хэдий ч цаана нь МАН-ын хуучинсаг фракцийг хөшигний арааас удирдах М.Энхболд  командалж буй гэдэг.

Хэрийн улс төрд чимээ гаргахгүй алсарсан М.Энхболд МҮОНТР-ийн захирлын албан тушаалд ийм их анхаарал тавьж, аядуу зөөлөн зангаа мартаж улайрч, хийсэн бүтээсэн маруухан ч хий нь олдвол захирлын суудалд суучих санаатай “дэрвэлзэх” Г.Гэрэлийг зүтгүүлж, ингэж их анхаарал хүч тавьж байгаа нь олон хүний гайхлыг төрүүлж, бас бухимдуулж байгаа гэдэг. Тийм ч учраас балиашиглан, лоббидон улайран зүтгүүлэх  ажлын хэсгийн ахлагчаар Ж.Мөнхбат гишүүнийг сонгосон нь ч бас энгийн зүйл биш болж таарч буй юм

Бас нэгэн хоржоонтой зүйл нь МҮОНТР-ийн захирлын сонгон шалгаруулах ажлын хэсгийг Ж.Мөнхбат удирдаж байгаа гэнэ. Ёстой л улайрна гэж үүнийг л хэлэх байх гэмээр. Энэ хүмүүст МҮОНТР-гийн ирээдүй чухал биш, түүнд ажиллаж байгаа 800 алба хаагчид бүүр сонин биш, тэр бүү хэл  Г.Гэрэлийн  удирдан зохион байгуулах ур чадварыг нь онцолж үзсэн хэрэг ерөөсөө ч биш. Гагцхүү  унтаж буй бар нойрноосоо сэрэхэд түүнийг түмэнд зарлах  дуулгавартай хүүхэлдэй болгох тухай асуудал чухал байгаа гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл,  Ми. Энхболдын фракц  улс төрд өөрийн тоонотыг дугуйлахын тулд алсаас хөдөлж,  түүндээ олон нийтийн  мэдээллийн энэ том хэрэгслийг ашиглахаар тооцсон тооцоолол нь эндээс хөдөлж эхэлсэн нь энэ.  Тэгээд ч  МҮОНТР-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамцыг  орлогч   Г.Гэрэлээр солиход нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгддөггүйтэй агаар юм шүү дээ.

 Нэгэн зүйл, МҮОНТР-ийн захиралд нэр дэвшигч гурав дахь хүн буюу хамгийн магадлал өндөр боломжтой нь  Н.Дэмбэрэл. Түүнийг Засгийн газар уг албан тушаалд  дэвшүүлсэн.   МАН -ын будилж төөрч явсан он жилүүдэд мань хүн  намаа өөрчилж шинэчлэх тухай ярьж явсныг нам  нь ч журмын нөхөд нь ч мартаагүй гэдэг юм билээ.   Мөн дээрх хоёр нэр дэвшигчээс илүү нь хэвлэл мэдээллийн байгууллага  хэн нэгний дохиогоор биш  олон нийтийн эрх ашигт нийцсэн байх учиртай гэдгийг эрхээ биш  мэддэг, мэдэрдэг нэгэн.  Төр, засаг олон нийтийг хооронд нь хагаралдуулахгүй мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх  үндсэн үүргээс хазайхгүйгээр баг хамт олныг самууруулалгүй удирдаад аваад явчих хүн гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх  тооцож, олж хараад ийшээ зүтгүүлж яваа гэх.

Дашрамд хэлэхэд Н. Дэмбэрэл Засгийн газрын хэвлэл мэдээллийн албыг удирдаж явсан нэгэн. Түүнчлэн багагүй хугацаанд улс төрийн намын ПИАР-ийг хариуцаж, хөтөлж, агентлагийг удирдаж явсан намтартай. Мөн  эрх баригч намын удаа дараагийн улс төрийн ялалтыг түүний хийсэн ажилтай  холбож үнэлдэг гэх мэтээр түүнийг уг албан тушаалд очсон байхад сөрөг дүр бага харагдах давуу талтай.

Хамгийн гол нь МҮОНТР нь улс төрийн сүүдэр, хөшигний ардаас удирдуулах ёсгүй. Үндэсний болоод олон нийтийн эрх ашгийг хамгаалж, ажиллах эрхэм зорилт чанарыг хадгалах үүднээс  төр зангаргаа харуулах хэрэгтэй нь чухам үнэн. Эс тэгвээс улс төрийн хөшигний араас тал  тохой татсан бүлэглэлийнхэн юу чаддаг, мэддэг нь хамаагүй өөрийн гэсэн хүнээ шургуулахаар эрээ цээргүй довтолж, ичсэн нүүрэндээ эргээд төрөө хуйхлах сүүдрийн бүлэглэлийн санаархалд ичгүүрийн зогсолт алга. Их идсэний дараа өнж гэж эцэг өвгөд маань зүгээр нэг сургаагүй хэмээн боддог юм…

 

+ There are no comments

Add yours