Чингис монгол уу, Хятадын Чингис үү…

-Чингис хааны түүх, өв соёлыг алдана гэдэг эх түүхээ алдаж байгаагаас ялгаагүй-

Чингис хаан дэлхийн хүн… ийм үг сонсоогүй Монгол хүн ховор байх. Харин  энэ дэлхийн хүний эх нутаг, удам, үргэлжлэл болсон Монголчууд өнөөдөр урд хөршдөө Чингис хаанаа бага багаар алдсаар “муулуулж байгаа хонь” шиг чимээгүйхэн “ярагласаар” уусан живсээр… Нэгэнтээ монголын нэр яруу найрагч “Монголын радио хятадаар мэндчилсэн өдөр би үхнэ…” хэмээн асаж шатаж шүлгэлж байсан тэр цаг үе хэдийнэ мартагдаж, урдаг соёлын нэрт зүтгэлтнүүд, энэ улсын ирээдүйн түүхийг бүтээх идэр залуучууд бүгд суралцах, мөнгөтэй болох нэрийдлээр хятадын хүчтэй бодлогын буулганд орж, хөвөрсөн дээс шиг хилийн чинадад мөрөө зурайлгаад багагүй хугацаа өнгөрлөө. Мөнгөнд дөрлөгдсөн монголчуудын цувааны мөр жим биш зам болж, сүүлдээ цардмал зам шиг улам тодрох нь ил тод болсон энэ цаг дор Чингис хааныг өөриймшүүлэх гэсэн хятад бодлого аажим аажмаар хэрэгжсээр, илүү хүчээ аван долингоршиж байна. Ингэхэд Монголчууд бидний хамгийн нандин өв соёл юу вэ. Найман настай балчраас наян настай өтгөс хүртэлх бүх л насныхан хамгийн сайн мэддэг Чингис хаан бидний нандин өв соёл мөн үү гэсэн гашуун асуултын хариултыг өнөөдөр хаанаас эрэхээ ч мэдэхээ байхдаа тулж…

 Миний мэдэх олон танил нөхөд маань, бүүр мэргэжил нэгт үеийнхэн, дүү нар маань ч  сүүлийн найман жилд буюу 2012 оноос эрчимтэйгээр Хятад-Монголын соёлын солилцооны дагуу Бээжин болон бусад хотод суурьшиж, тэтгэлэгтэй оюутан болон суралцаж, төгсөх болсон.  Тэд ирээд санаатай, санамсаргүй аль нь болохыг мэдэхгүй ч ихэвчлэн төрийн болон улс төрийн албанд ажилладаг нь анзаарагддаг. Тус улсын Засгийн газрын тэтгэлэгтэйгээр суралцаж, төгсөж ирсэн оюутнууд тухайн улсынхаа талаар үргэлж эерэг мэдээлэлтэй байж, эерэг мэдээлэл түгээх нь лавтай. Саяхан хятадад сурч, төгссөн найз маань хамт сурч байсан өвөрмонгол найзтайгаа уулзахад хамтдаа байж таарав. Тэдний яриан дунд өөрийн эрхгүй анхаарал татсан нэг зүйл бол “Монголчууд Чингис хааны музей барих гэж байгааг Хятадын соёлын хорооны нөхдүүд их анхаарч байгаа. Магадгүй, бариулахгүй удаашруулах, гацаах явуулга ч их хийсэн…” гэдэг өгүүлбэр байсан юм.

Тусгаар Монгол Улс нийслэлдээ Чингис хааны музей барих яагаад хятадуудын анхаарлыг татаж, үйл ажиллагааг саармагжуулахад тэд анхаарах ёстойг ойлгоогүй ч Хятадын Ордост байдаг Чингис хааны онгон гэх музейг дэлхий даяар Хятадын Чингис гэсэн сурталчилгаатайгаар хийдэгийг тухайн музейг үзсэн монголчууд бүгд мэднэ. Тэр ч утгаараа анх тус музейг барьж эхлэхэд олны танил хүмүүс, нөлөөлөл бий болгох гэж оролдож, эсэргүүцэж байсны “алсын удирлага” урд хөршид байсан нь үнэн бол мөн харамсалтайяа.  Монгол Хятадын хамтын ажиллагаа гэсэн сайхан хэллэг, харилцааны ард Хятадын соёлын төв хороо урлагаар дамжуулан манай улсад олон жил тасралтгүй “зөөлөн хүчний” бодлого явуулсаныг мэдэх нэг нь мэдэх ч амаа хамхих нь их.

Үүний илрэл ч   Үндэсний болон арилжааны телевизүүдээр өдөр болгон гарч байгаа олон ангит хятад кинонууд  байна. Түүнээс гадна, X-Түц хамтлагийн Солиот эх кино, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч аснуудын хятад улсад зурсан санамж бичгүүд, Ши Жинь Пин Монголд ирээд буцсаны дараа жил бүр 100 сэтгүүлчийг Хятадаар аялуулж, цаашид 5000 хүргэх зорилготой гэж ил мэдээлэл гаргах болсон. Мөн Монгол Улсад Хятадын жил соёлын өдөрлөгүүдийг жил алгасахгүй зохион байгуулдаг гэх мэт бүх нүдэнд харагдаж, гарт баригдахгүй их хэмжээний санхүүжилттэй явагдсаар байна.

Нэгэн зүйл, Улс үндэстэн байхын утга учир, оршин тогтнохын үндэс суурь нь тухайн хүмүүсийн хэн бэ гэдэгт оршдог гэдэг. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэж ярих дуртай монголчуудын хувьд аливаа зүйлд сайн мэддэг юм шиг мөртлөө бас мэддэггүй ч юм шиг ханддагаараа сонирхолтой ард түмэн. Харин энэ араншинг мэддэг урд хөршийн зөөлөн бодлого алсуураа уяагаа чангатгасаар өнөөдөр улайм цайм Монголоо гэх үндэсний үзлийг хязгаарлах, Чингис хаан Хятад хүн байсан гэх тархи угаалт далд биш ил явагдах боллоо.

Нэгэн зүйл, Ордост орших хятадуудын барьсан Чингис хааны онгон гэх музей. Музейн тайлбарлагч өвөрмонгол, “Чингис хаан энэ газарт ташуураа унагаж байсан учраас энэ хөшөөг босгосон, энэ бол Чингис хааны эдэлж хэрэглэж байсан ийм ч юм тийм ч юм…” гээд л тайлбарлаж гарна. Ингэж эхэлсэн яриа цаашилсаар “Чингис хаан гэдэг бол хятад хүн байсан, хятад гүрний нэгэн хаан байсан…”  гэсэн зальжин үгээр танилцуулгаа дуусгана…

 Нэгэн зүйл, Чингис хааны музей байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас санхүүжилт гаргаж, хуучин Байгалийн түүхийн музейн суурин дээр барьж эхэлсэн. Харин энэ ажиллагааг эсэргүүцэгчид олны танил, улс төрч этгээдүүд ч байсан төдийгүй, багагүй санхүүжилтэй зорилттой зохион байгуулагдсан ажиллагаа байсан.

Нэгэн зүйл, Хятадуудын хийсэн Чингис хаан гэдэг олон ангит киног та бид бүхэн сайн мэднэ. Уг кинонд зарим нэгэн түүхийг гуйвуулсан нь “жижигхэн” баримт. Харин хамгийн ноцтой бөгөөд анхаарах ёстой зүйл нь гэвэл Хятадууд энэ киног улсын төсвөөс ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө гаргаж хийсэн төдийгүй дэлхийн олон улс орны хэл дээр орчуулж дэлхий даяар цацаж, сурталчилсан. Ингэснээр тэд “Чингис хаан бол хятад хүн байсан” гэдэг тунхаглалын суурийг дэлхий даяар цутгаж байна. Харин монголчууд бид Чингис хаанаа архины шил, зочид буудлын хаяг болгосноор өөрийг хийсэнгүй.

Нэгэн зүйл, Монголчууд бид “Чингисийн Монгол” гэж хашхирах  биш юм. Мөн Монголыг дэлхийн улс орнууд Чингисийн Монгол гэж ойлгодог байх уу аль эсвэл Хятадын Монгол гэж ойлгодог байх уу гэдэг чухал. Харин шинэ үеийнхэнд өмнөх үеийн түүх хэрхэн яаж бичигдэхийн торгон зааг дээр бид өнөөдөр амьдарч байна. Бид Чингис хаанаа хятадын соёлд уусган алдаад араас нь өөрсдөө уусах уу, эсхүл…

 

+ There are no comments

Add yours