Мөнгөтэй хятадууд Монголын хилээр орж ирэхэд хориг үйлчлэхгүй !!!!!!!!

С.Баяр 

Монголын хилээр нэвтэрсэн хятадууд нэрстэйгээ, очих компанийх нь бүртгэлтэй нь жагсаалт байж байхад гүрийсээр л байх уу, Я.Содбаатар сайдаа!!!!! Монголын хил хаалттай учир хятадууд манай улсад орж ирээгүй…Хятадууд манай улсын хилээр орж ирээгүй…Хятадуудыг монголын хилээр оруулж ирэхийг хориглосон…Хятадууд шөнө болгон 4-5 автобусаар Монголын цагдаа нараар хамгаалуулж ирж байна…Хятадуудыг хилээр хууль бусаар нэвтрүүлж байгаа автобусыг цагдаа нар хамгаалж байна…Цагдаа нар хятадыг хамгаалж, хилээр оруулж ирж байгаа нь арай дэндлээ…

 

Монголын хил монголчууддаа хаалттай байна…  энэ бүхнийг та бүхэн өдөр бүхэн хэдэн арваар нь цахим мэдээллийн баазаас уншиж, уурлаж, жигшиж, бас арай ч үгүй байх… гэж бодоод л өнгөрч байгаа байх. Тэгвэл үнэхээр ийм зүйл байна уу гэдгийг сурвалжилж өнгөрсөн өдрүүдэд нэлээд ажилласан.  Яг ингэж ажиллаж байхад бямба гарагаас ням гараг шилжих шөнийн 02.00-04.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутагт орших Хинан зочид буудалд хилээр оруулж ирсэн хятадуудыг цагдаа нарын хамгаалалтад буудлуулах гэж байгаа гэдэг мэдээлэл ирсэн юм. Энэ дагуу уг асуудлыг мэдэж байх ёстой төрийн хэд хэдэн байгууллага дээр очсон боловч “хятад” гэдэг үгийг сонссон л бол “мэдэхгүй” гэдэг үгийг хэлээд хөөж, дарга нар нь өрөөндөө байгаа атлаа үүдний жижүүртээ үүрэг өгөөд гутлын хоншоор ч босго давуулахгүй хөөж байв.

Хамгийн эмгэнэлтэй нь уг мэдээллийг хаанаас авав, ийм мэдээлэл чинь улсын нууцад хамаардаг гэх мэтээр сүрдүүлэх гэж оролдох ч тохиолдол гарав. Ёстой л би Монгол Улсад амьдраад байна уу, хятадын аль нэг мужид амьдраад байна уу гэж бодтол олон асуудалтай тулгарсан ч багагүй мэдээлэл цуглуулж авсанаа уншигчидтайгаа хуваалцаж байна. Хүлээн авна уу.

Анх 2020 оны нэгдүгээр сарын 31-ний Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор /агаарын, төмөр замын, автозамын/ Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй. Мөн гуравдугаар сарын 2-ны хүртэл Монгол Улсын иргэд урд хөрш рүү явахыг хориглох” шийдвэр гаргаж байв. Түүнчлэн урд хөрштэй хиллэдэг бүх боомтоор Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл нэвтрүүлнэ. Гуравдугаар сарын 2-ныг хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ. Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй хэмээн мэдэгдэж байв.

Үнэндээ энд яригдсанаас хойших хугацаанд дээр тогтоол, шийдвэрийн гүйцэтгэл хэн дээр мөрдөгдөв гэж асуувал Монголчуудад л гэж захын хүн хэлэх байх. Монгол Улсын хилээр Монгол хүн нэвтрэх, хөл хориотой зэрэгцүүлэн гаргасан хөл хориог хэн хамгийн сайн баримталж байв гэвэл монголчууд байсан. Ийм ч учраас өнөөдрийг хүртэл дотроосоо аймшигт тахал алдагдаагүй дэлхийн цор ганц улс болж байгаа биз, манайх. Энэ маш сайн зүйл. Гэхдээ монголчуудад хатуу тэр шийдвэр, тогтоол, гүйцэтгэл хятадуудад яагаад мөрдөгдөхгүй байна вэ. Яагаад хятадууд Монгол Улсын хилээр ямар ч бартаа саадгүй нэвтэрч орж ирдэг, ирээд зогсохгүй Монголын цагдаа нарын хамгаалалтад тарвалзаж байгааг тайлбарлаад өгөх өөрийн толгойтой эрх мэдэлтэн манайд алга. Дэндүү харамсмаар биш гэж үү.

Дашрамд хэлэхэд, 2020 оны нэгдүгээр сарын 8-наас өнөөдрийг хүртэл давхардсан тоогоор мянга орчим хятад иргэд манай улсад зорчсон тухай мэдээлэл чих дэлсэв. Тэр бүү хэл тэл ингэж зорчсон иргэдийн дийлэнх нь “хөрөнгө оруулагч, хувийн зорилгоор” зорчиж байгаа гэнэ. Харин манай эрх баригчид онцгой байдлыг хариуцсан шадар сайд нь “зөвхөн хариуцлагатай албан тушаалтнууд” хилээр нэвтэрч ирж байгааг мөн маш хатуу хяналтад байгааг хэлж байсан нь ийнхүү худлаа болох нь тэр.

Монголд ирсэн хятадууд ихэвчлэн хятад эзэдтэй зочид буудлуудад өдрийн нэг хүн 300 юанийн төлбөртэйгээр тусгаарлагдаж байгаа юм байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Баянгол дүүрэгт байрлах  Тото зочид буудалд нийт 62 хятад иргэн байгаагийн 57 эрэгтэй, 5 нь эмэгтэй, нисэхад байрлах ЭМЖ зочид буудалд нийт 30 хятад иргэн байгаагаас 24 нь эрэгтэй, 6 нь эмэгтэй, Хинан зочид буудалд 31 эрэгтэй,  Орентел зочид буудалд 71 эрэгтэй, 8 эмэгтэй, нэг хүүхэд, Ханду зочид буудалд долоон эрэгтэй, Хабул, Новотел, Энхсаран зочид буудалд нийтдээ 75 хятад иргэн тусгаарлагдсан байгаа юм байна. Харин Ти Жи Эс зочид буудалд өнгөрсөн баасан гарагт буудаллахаар захиалга өгсөн хятад иргэдийг хилээр нэвтрүүлээгүй түдгэлзүүлээд байгаа бөгөөд магадгүй энэ долоо хоногийн эхээр ирнэ хэмээн хүлээж байгаа тухай мэдээлэл ирсэн юм.

Ти Жи Эс болон Хинан зочид буудалд баасан гарагт буудаллахаар захиалга өгсөн ч ирээгүй байгаа хятадуудын хувьд хоёр автобусаар 70 гаруй хүн ирэхээр ярьж байсан юм байна. Гэтэл баасан гарагт Шадар сайд Я.Содбаатар, Монгол Улсад ажиллах хүчин хятадаас оруулж ирэхтэй холбоотой асуудал бүрэн хяналтад байгаа. Зөвхөн удирдах албан тушаалтан, инженер техникийн ажилтнуудыг оруулж ирж байна…” хэмээн мэдэгдсэн нь бодит байдлаас хэтийдсэн гэдгийг Монгол Улсын хилээр нэвтэрч орж ирсэн хятад иргэдийн бүртгэлийн хуудас харуулж байна. Түүнчлэн цаасан дээр хараар бичсэн энэ мэдээлэл Монголын төрийг төлөөлж байгаа Шадар сайдын мэдээлэл хоёр яагаад зөрчилдөж байгааг олон үггүй тайлбарлаж байна хэмээн харахаар өөр аргагүй байдал мөн үүсч байгаа юм. Учир нь 2020 оны аравдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсын хилээр нэвтэрч, Монголын цагдаагийн алба хаагчдын хамгаалалттай зочид буудлуудад хүргэгдэж, мөн цагдаагийн хамгаалалттай 21 хоног тусгаарлагдсаныг энэхүү бүртгэлээс тодорхой харж болно. Түүнчлэн эдгээр иргэд гэхэд л эрхэм Шадар сайдын хэлээд байгаа зөвхөн удирдах албан тушаалтнууд ч биш түүнчлэн инженер техникийн ажилтнууд бүр биш гэдэг нь бас тодорхой байгаа юм. Энэ бүртгэл дээр “хөрөнгө оруулагч, хувийн зорилгоор зорчих гадаар иргэдийн жагсаалт” гэсэн байгаа. Мөн монголын ямар компаниудад ирж байгааг ч хүснэгтэд тодорхой харуулсан байгаа учир би энд тайлбар гаргах нь илүүц гэж үзлээ.

Зөвхөн эндээс харахад л иргэддээ ээлгүй эрх баригч төрийн харалган араншин мөнгөтэй хятадуудад шалны дэвсгэр шиг л долигнож байгааг харуулахаас гадна муу л бол мухрын овоохой болсон улс төржсөн цагдаагийн дарга нар тангараг өргөсөн жирийн албан хаагчиддаа тушаал өгөн хятадуудыг “мануулж” байгаа нь арай л дэндсэн, аргаа барсан “доромжлол” болж байгааг хэлэхгүй өнгөрч даанч чадсангүй.

Эзэнгүй төрийн эмгэнэл үү, мөнгөнд сөхөрсөн муйхар шуналын заадас уу… арай л дэндүү, арчаагүй эрх баригчид өнөөгийн Монгол Улсыг эрх барьж байгаагийн эмзэглэл ажээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

+ There are no comments

Add yours