Өлгүй өшиглөгдсөн шүдгүй арслан…

Монголын улс төр эргэхдээ хурдан, эдгэрэхдээ удаан. Улс төрчид нь урваж шарвах, ухаанаа алдаж шунахдаа гаргууд… өөртөө хэрэгтэй гэж үзвэл эцгээ барьж өгөхөөс буцахгүй шунал нь тэднийг улс төр гэх бохир эргүүлэгт шумбуулж, уурагтаа цадаагүй хурга эр хонь болсон ч майлдаг гэх эртний хэлцийн хатуу бөгөөд үнэн төрхийг харуулна.

Ингэж хэлэх болсон учир нь эрх баригч намын улс төрийн тоглолтод М.Энхболд эргэн орж ирсэн явдал юм. Тэр дардан замаар уулсын оргилд хүрч чадсан ч тухалж чадалгүй “газардсан”. Маш хатуу унаж, маш их шаналсан учир шокноосоо гарах гэж удаан шаналсан. Харин одоо шаналалаа эдгэрүүлэх гэж гэхдээ хүчтэй үед нь нөхөрлөж хүч алдрахад нь хаяж одсон олны хэл амаас хол замаар алсаас алхамаа дахин эхлүүлж байгаа нь сонин байв.

Эрх баригч намын хуваагдал даравч дардайж, булавч бултайсан энэ цаг үед эрхэм Ми дарга чимээгүйхэн орж ирэн сугалсан сэлэмийг хурцалж, цуцсан гарыг өргөж өгөхөөр хотын захаас өндийж орж ирэв. Тэр энэ удаа машид хянуур байгаа. Бас хамгийн үнэнч “хөлөө” бараадсан. Хөл түүнийг тосон авсан бол “нам” түүнийг угтаж авсан. Мэдээж үргэлжийн хяналттай, хоёр салаа замаар түүнд гэрэл гаргаж  байгаа. Учир нь өнөөдөр нийслэлийн МАН-д Д.Сумьяабазар “хэнздэж”, хотын даргад хүч хүрэхгүй, сандарч байна, аргагүй ч үгүй байх… Морин дээр сэлэм эргүүлэх нэг өөр, мориноос бууж төр төвхнүүлэх бүүр өөр.

Ах дүү гурван толгой хэчнээн эвтэй байж тоглолт хийлээ ч Улаанбаатар гэдэг их айлыг удирдаж явахад хүч хүрэхгүй сунах нь аргагүй. Улс төр өөрөө хатуу тоглоом. Хэрэв хотын удирдлагад алдаа гарч, хугацаанаа өмнө огцорбол Д.Сумьяабазарт монголын улс төрийн хаалга хаагдана. Түүний хувьд улс төрийн оргил нь Их хурлын гишүүн Засгийн газрын гишүүн болсон явдал байв. Үндэсний бөхөд хайртай, бөхийн өргөөнд бөх үзэж, улаанбаатар паласт зохиолын дуучдын тоглолт үзэж уярдаг малчин байгаад хүрээ бараадсан суурьшигчид ихтэй Сонгинохайрхан дүүрэгт ажил хийх, мундаг улс төрч байхаас илүү “уран барилдаантай, улсын аварга” иргэдэд итгэл төрүүлэхүйц харагдах нь ойлгомжтой учир их хурлын сонгуульд нээх зовлонгүй гарч ирдэг, сондгой азтай нэгэн.

Гэтэл энэ сонголт өнөөдөр түүнийг хоты дарга болох дараагийн сонголтыг хийхэд хүргэсэн. Учир нь сул гишүүн байснаас суусан газраасаа алт атгах сонголт бол Улаанбаатар хотын дарга байв. Үнэндээ сайн менежерүүд, сайн гүйцэтгэгчтэй бол дарга хэн байх нь хамаагүй хөгжил нь гольдролоороо урсчихдаг давуу тал хотод бий… харин энэ урсацыг олж хөндөх нь тухайн удирдагчийн мэдрэмж. Гагцхүү тэр мэдрэмж хотын шинэхэн дарга, улс төрч бөх тэр хүнд хэр байгааг цаашдын цаг хугацаа харуулах учир ингэсгээд орхиё.

Харин яг одоо харагдаж байгаа өнцгөөр бол шинэхэн хотын даргын түшиц нь М.Энхболд болж таарав. Энэ ч утгаараа тэрбээр 2020 оны орон нутгийн сонгуульд Э.Хуланд нэр дэвших квот олгохоор барахгүй, дүүрэгтээ төлөөлөгчөөр гарч ирэхэд нь тусалсан. Харахад бага зүйл мэт боловч яг өнөөдөр бол М.Энхболдод маш их тал зассан хүний эрсдэлтэй  алхам. Магадгүй түүний энэ үйлдэл намын даргын эсрэг кноп дарсанаас ялгаагүй, эрсэлдтэй “тоглоом”. Харин энэ тоглоомыг эхлүүлсэн хүн өнөөдөр хотын шинэхэн дарга болж таарав…

Нэгэн зүйл, тэр Монголын улс төрд тэр дундаа одоогийн эрх баригч намын “босс” байв… Эрх баригч намын тод өнгө, эх захгүй улс төрийн “гол тоглогч” байв. Түүний ажлын өрөөний улаан хивсний буланд хөлөө тавихыг “их хувь заяанд тооцож, намын тогоонд долоогчийн эгнээг бүрдүүлэгчид түүний Их тэнгэрийн аманд байрлах ээлжит гэрийнх нь хаалгаар орох зөвшөөрөл олдоход элгээр мөлхөж орох шахаж гөлөлзөж, шарвалздаг байв… Энэ бүхэн 2018 оны 12 дугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилсэн юм…

Маш их долигнол, түүнийг бүтээсэн албан тушаалын, эрх мэдлийн оргилд гарсан тэр он цаг … тэндээ зогсоогүй юм. Учир нь түүнийг хүрээлсэн олон яг л шил хагарах шиг, дотроосоо өтсөн гүзээтэй тос шиг асгарч, задрахад … яг хажууд нь цагираглан хэвтчихээд гөлчийтөл долоож байсан залуу нохдод бариулахдаа зүгээр л “нүдний аяга дүүрэн нулимстай, нуруугаа бөгтийлгөн алхсаар” гараад явчихсан… Тусгаар тогтнолын ордон хэмээн МАН-ын байраас… хурлын танхимаас… яг л цаст уулын цагаан барс цаг нь ирэхээр шоргоолжны хоол болдог шиг… тэжээж, тэтгэж гаргаж ирсэн “залуу улс төрчид”-дөө бариулсан түүнийг өмөөрөгсөд ямар ч эрх мэдэлгүй, намын хөлийг бүрдүүлэгч, анхан шатны сул гишүүд л байлаа….

Өвлийн эхэн сарын хүйтэн өдөр 2018 оны 12 дугаар сарын 20-нд МАН-ын Бага хурлаар Удирдах зөвлөлийн гишүүдийн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Д.Хаянхярваа, Су.Батболд нарыг хасаж,  Д.Сумъяабазар, С.Амарсайхан нарыг нэмсэн. Эл өдөр бас нэгэн шийдвэрийг Бага хурлаас гаргасан нь УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа огцрох нь зүйтэй гэсэн МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналыг 95 хувь нь дэмжсэн тогтоол гаргасан юм. Хэдийгээр бага хуралд намаас гишүүн хөөх, хасах асуудлыг Хяналтын Ерөнхий Хороо нь оруулж ирэх тухай төлөвлөгөөгүй байсан  гэдэг ч нэг л мэдэхэд бүх асуудал гэрлийн хурдаар болж, хэзээ ч унахгүй мэт дүнхийж байсан М.Энхболд гэдэг хүн бөхийх бүү хэл бүр эргэж харж чадахгүй дүүрэн нулимстай намын байрнаасаа гарч одсон юм…

Нэгэнтээ их найрагч агсан О.Дашбалбар, ажилчин, оюутнуудын дунд өхөөрдүүлж, эх орон гэдгийг 40, 50 мянгатаар төсөөлж өссөн суурин хүмүүжилтэй М.Энхболд, сайд дарга нарын хүүхдүүд босгыг нь давдаг нийслэлийн нэгдүгээр арван жилийн пионер Энхболд, их сургуулийн сүрчиг ханхлуулсан дэгжин оюутан Энхболд, багш аавын хамаарал, сэхээтэн нөлөөний ихэмсэглэлтэй гомдомхой, зуумхай Энхболд нэг л өдөр гав ганцаараа үлдсэн юм.

Эрдэмтэн багшийн хүүд төрийн алба үргэлж дардан байж, ажлын тохилог контор, албан тушаалын зөөлөн суудлаар шат дараалан өгссөөр дүүргийн орлогчоос нийслэлийн Засаг дарга. Нийслэлээс Улсын их хурлын танхим. Гишүүнээс эхлүүлээд Хурлын дарга, Ерөнхий сайд хүртэл шат алгасахгүй өгсөж явсан мөнхийн мэт бөхөлзсөн хүндлэл, тойрсон тонголзол, үүсгэсэн бүлэглэлийнхээ өргөж гаргасан дардан хонгилоор алхсаар 2018 оныг хүргэсэн түүний хувьд “60 тэрбум” гэдэг том пайз зүүгээд их улс төрөөс өшиглөөд гаргачихна чинээ санаагүй явсан ч биз.

Үндэсний хэмжээний залуучуудын их нэгдэлийг байгуулж төлөвшүүлсэн, хэзээ хойно нь нэг л мэдэхэд түүний хажууд зэрэгцээд сууж байсан нөхөр өвлийн идэр хүйтэнд намын тугаа толгойдоо ороон түүний эрх барих бүлэглэлийн төлөө талбай дээр тэмцэж  байсан. Харин хэсэгхэн хугацааны дараа өөрийг нь улс төрөөс унагааж, арчиж хаяхаар хүмүүсээ турхирч, түүгээр барахгүй авч хаясан. Авсан бүхнийг нь буцааж, булааж авахдаа “60 тэрбум” гэдэг тод тамга дарж “баалж” чадсан. Амаргүй ч туулах л тавилан байсан биз гэж бодож болох ч арын хаалгаар улс төр рүү дэвхэрч байгаа дараагийн үед сургамжтай хатуу түүх… гэвч улс төр гэх хар даавуугаар нүдээ боосон цүнх баригчдад өндрөөс унах дарга нар биш эрх мэдэл, их мөнгө эгээ л царанд овоолсон чанасан мах шиг харагддаг нь гачлан…

+ There are no comments

Add yours