К.Ханагат: Намын эрх ашиггүй бие даагчид ард түмний цэвэр төлөөлөл юм

Төрсөн газар-1966 онд Ховд аймгийн Ховд суманд төрсөн. Эхнэр 3 хүүхэдтэй

Мэргэжил-Үйлдвэрийн автоматжуулалтын инженер, Санхүүгийн менежер мэргэжилтэй

Боловсрол-Удирдахуйн ухааны магистр цолтой, Орос, Герман, Англи хэлтэй. Герман, Австри, Щвейцарь улсад болон Эх орондоо боловсрол эзэмшсэн

Баян-Өлгий аймагт бизнесийн орчин шударга байж чаддаг уу. Монгол Улсын баруун хязгаарын аймгуудад нийтлэг ямар хүндрэлтэй асуудал байдаг вэ?

-Төвөөс алслагдсан учраас амьдралын өртөг өндөр. ОХУ, БНХАУ болон манай улсын хилийн боомтууд нь 24 цаг ажилладаггүй учраас ард иргэд орж гарахад хүндрэлтэй. Хоёр хөршийн хилийн боомтуудын хүнд суртал маш их бөгөөд дээрэнгүй хандлагатай. Мал, малын түүхий эдийн үнэ бага. Ихэнх бараа таваараа хоёр хөрш болон нийслэлээс зөөдөг учир гадаадын зах зээлээс хараат байдаг. Өөрийн үйлдвэрлэл хөгжөөгүй ч ажилгүйдэл бусад аймгуудтай харьцуулаха хамгийн их байгаа. Төр засгийн зохистой дэмжлэг, бодлого үгүйлэгдэж байгааг нуух юун.

Эдийн засгийг солонгоруулахад аймаг бүрийн нэрийн бүтээгдэхүүн, түүнийг дагасан үйлдвэрлэл хэтдээ том давуу тал болох гарц байгааг шинжээчид хэлдэг. Баян-Өлгий аймгийн брэнд ямар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд түлхүү гаргах боломж байна вэ?

-Манай аймаг газарзүйн байршлын хувьд хамгийн ашигтай. Үүнийг дагаж Аялал, Жуулчлал болон Казах үндэстний бүх төрлийн гар урлалын үйлдвэрлэл маш сайн хөгжих боломжтой.  Казах үндэстний брэнд болох “Каз”-ыг орчин үеийн аргаар боловсруулан дотоод, гадаадын зах зээлд түлхүү гаргах боломж бий.

Цагааннуурын чөлөөт бүсийг ашиглан бүх төрлийн импортын барааны  50-60 хувийг өөрсдөө үйлдвэрлэн, дотоодтоо нэмүү өртгийн бий болгож, гадагшаа урсах валютын урсгалыг зогсооход хувь нэмрээ оруулан, Баян-Өлгий аймгийн ажилгүй залуучуудыг ажлын байраар хангах бүрэн боломж бий.

Намын харьяалал залуу хүнийг улс төрд ороход нь их саад бас том хана хэрэм мэт болдог талаар залуучууд хэлж байна. Хамгийн наад зах нь нэр дэвшигчийн дэнчин мөнгө. Энэ мэт асуудлаас болж танай аймагт ямар асуудал тулгарч байна вэ?

-Монгол оронд хаа сайгүй байгаачлан намын харьяалалаар ажилгүй болдог, төрийн халамжнаас ялгавартай хүртдэг, залуучуудыг үндсэндээ гадуурхах үзэгдэл Баян-Өлгий аймагт ч газар авсан. Насаараа аймгийн бодлогыг барьж, улс төрд зууралдсан хэдхэн хүн намын нэрээр албан тушаалтайгаа зууралдан, намын гишүүн, хамаатан садан нэрийдлээр боловсрол, чадварыг нь үл харгалзан төрийн бүх төрлийн албанд хүмүүсийг авдаг болсноор ганц хоёр чадвартай хүмүүсийг эс тооцвол төрийн алба маш сул дорой арчаагүй байдалд орж, цус ойртож, төрлийн алба болсон.

Улс төр залуучуудад маш халтай учраас залуучуудын төрд итгэх итгэл алдарч, ихэнх нь улс төрийн сонгуульд оролцохоо байсан байна.

Төр засгаас ард түмний цуглуулсан төсвийн мөнгөөр санхүүжүүлдэг сургууль, цэцэрлэг, зам гэх мэт байгууламжуудыг намын харьяалал, удирдлагуудын хамаатан садангууд авч гүйцэтгэдэг болсноор, мэргэжлийн ур чадвар дутагдаж ёстой л гурилдаж, чанаргүй богино настай бүтээн байгуулалт хийдэг болжээ.

Казак хүүхдүүд монгол хэлээ мэдэхгүй байгаа талаар нийгмийн сүлжээгээр нэвтрүүлэг цацагдсан. Казак үндэстэн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэсэн бодолтой хүмүүс ч байх юм. Та энэ тал дээр өөрийн бодлоо хуваалцана уу?

 

-Казах хүн монгол хэлийг мэдэх шаардлагагүй гэх бодолтой нэг ч хүн Монголд байхгүй болов уу. Казах хүүхдүүдийн монгол хэл мэдэхгүй байгаа тухай нэвтрүүлгийг янз бүрийн нохойн замаар Төр засгийн тодорхой эрх мэдэлд хүрсэн цөөхөн хэдхэн хүмүүс зохион байгуулсан. Монгол хэлээ сайн мэдэхгүй байгаа нь үнэний хувьтай ч түүнийг МОНРТ-ээр гаргасан арга барил нь зохисгүй байсан. Асуудалд шийдэл олох ёстой байтал одоо болтол ямар ч шийдэлгүй хоосон шүүмжлэл болон хоцорсон. Төрийн хэлийг төрийн албан хаагч хэн ч бай маш өндөр түвшинд эзэмшсэн байх зайлшгүй шаардлагатай, үүрэгтэй. Харин эгэл жирийн ардууд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэмжээнд сурсан байх хэрэгтэй.

 Баян-Өлгий аймагт зөвхөн казах иргэд биш энд амьдарч байгаа урианхай, тува, дөрвөд болон бусад монгол хүүхдүүд ч сайн бичиж, мэддэггүй шүү дээ. Иймээс төр засгаас энэ асуудлаар манай аймагт дунд хугацааны цогц бодлого явуулж, асуудлын шийдлийг олох зайлшгүй шаардлага бий.

Энэ жил хамгийн олон бие даагчтай сонгууль болж байгаагаараа онцлог байна. Яагаад ийм олон хүн бие дааж байгаа гэж та харж байна вэ?

-Төрийн засгийн бодлогыг 30 жил барьсан улс төрийн намууд бүрэн хямарч, улс орныг дампуурлын ирмэгт авчирсан байна. Гадаад өр 30 тэрбум ам.доллар, газар авсан ядуурал, баян хоосны ялгаа, эдийн засгийн болон хүнсний аюулгүй байдал алдагдсан, авлига хээл хахууль газар авсан, боловсрол, эрүүл мэндийн салбарын уналт, гээд олон асуудлыг нам төвтэй Төр бий болгосон. Энэ бүхнийг олж харсан улс төрөөс ангид эх оронч, өндөр боловсролтой, ёс жудаг, өв соёлоо дээдэлсэн шударга иргэд төрийн бодлогыг гартаа авах нь зүйтэй гэсэн сэтгэлээр бие дааж байгаа гэж харж байна. Гэхдээ ямар нэгэн улс төрийн өндөр албан тушаал хашиж явсан, эсвэл намаасаа жийгдсэн нөхдүүд гэж бодохгүй байна.

-Бие даагчдыг сонгох хамгийн том шалтгааныг та хэлж өгөөч?

-Бие даагчдад намын эрх ашиг гэх ойлголт байхгүй. Цэвэр ард түмний төр дэх төлөөлөл болно. Олонх болсон тохиолдолд өөр өөрсдийн сонгогдсон бүс нутгийн ард иргэдийн тулгамдсан асуудлуудыг оруулан төрийн бодлогыг боловсруулах бүрэн боломжтой. Хамгийн гол нь Үндэсний тусгаар тогтнол, Ард түмний нэгдсэн эрх ашгийг л эн тэргүүнд тавих ёстой. Хэнбугай ч энэ хоёр эрх ашгийг өчүүхэн ч зөрчих ёсгүй. Улс оронд үүнээс том өөр эрх ашиг гэж байхгүй. Бие даагчид үүнийг яс махандаа шингэтэл ойлгох хэрэгтэй.

-Таны цаашдын ажилд улам их амжилт хүсье.

+ There are no comments

Add yours