Б.Жавхлан гишүүний попролт цагаа олсонгүй…

 УИХ –ын гишүүн Б.Жавхлан 2020 оны 03 дугаар сарын 19-нд Дархан-Уул аймагт очиж ажиллахдаа хорио цээрийн журмыг зөрчиж, Дархан-Уул аймагт баригдаж байгаа Спорт цогцолборын ажлын явцын талаар холбогдох мэргэжилтнүүдийг цуглуулан, хуралдаж, ажил хийж байгаа мэт дүрийг үзүүлж, сүрийг бадруулсан байна. Улсын онцгой комиссоос гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжихийг үүрэгдэж, үүнийг ч төр, хувийн хэвшлийн байгууллага, хувь хүмүүс дагаж, мөрдөж байгаа. Гэтэл энэ дэглэм журам УИХ-ын гишүүн Б.Жавхланд огтхон ч хамаагүй мэт аашилж, хурал, цуглаан зохион байгуулж байгаа нь ойлгомжгүй. Мэдээж дээрх бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэж дуусгах нь чухал хийгээд дарханчуудын хувьд ч сайхан боломж байх ч энэ хариуцлагатай цаг мөчид хүний эрүүл мэндээс чухал бүтээн байгуулалтын ажил гэж байх ёсгүй, санагдана.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Жавхлан, БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа, БСШУСЯ-ны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан гээд 30 гаруй хүнийг нэг дор цуглуулж, спорт цогцолборыг энэ онд багтаан ашиглалтад оруулах, барилга угсралтын ажлын эрчимжүүлэх чиглэл өгч хуралдана гэдэг ажил хийж байна гэхээс илүү араа бодсон, улс төрчийн үйлдэл гэж харагдаж байгаа юм. Учир нь 2011 оноос эхэлсэн энэхүү барилгын ажлыг явцыг хурдлуулах эрх мэдэл, цаг хугацаа УИХ-ын эрхэм гишүүнд өнгөрсөн хугацаанд байгаагүй гэж л баймааргүй.

Тэгээд ч бүтэн 8 жилийг үдэж баригдаад дуусахгүй байгаа энэ ажил 2019 оны зургаан сард 80 хувьтай байсан төдийгүй, хэн хүн анзаарахгүй байгаа мэт байсныг дарханчууд ярьж буй. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй явсан ажлын хэсгийнхэн барилга угсралтын ажлын гүйцэтгэл 71 хувьтай явж байна гээд цаг үеийн нөхцөл байдал амаргүй ч компанийг хариуцлагатай, ажлын онцгой дэглэм, зохион байгуулалттай ажиллах шаардлагатай гэж сануулж, Б.Жавхлан гишүүн “мөнгө хөрөнгийг чинь хөөцөлдөөд өгчихсөн байхад хурдан түргэн ажилла” гэх үүргийг их л хатуухан үүргэдэж. Үнэндээ, ингэж байхаар эрхэм гишүүн өмнө нь спорт цогцолборт санаа зовинож байсан бол аль 2011 он биш гэхэд 2016 оноос анхаарч болох л байсан. Гэтэл гэнэт санасан мэт сонгуулийн өмнө шоудаж, бүр цаашлаад цар тахалтай, улсын онцгой комиссоос сануулгатай энэ үед төр, засгийн шийдвэрүүдийг үл тоон, олон нийтийг хамарсан хурал цуглаан хийж байгаа нь өөртөө оноо авах гэсэн увайгүй үйлдэл гэхээс өөр яах билээ. Хамгийн гол нь өнөөдөр ийм эгзэгтэй үед хэн нэгэн вирусын халдвар авч, асуудал хүндэрвэл хариуцлагыг хэн хүлээх вэ. Попрох цагаа олохгүй бол спорт цогцолборыг дуусгасан ч вирусын халдвар нэгэнт тархвал тэнд чинь очиж хичээллэж, зугаацах хүн ч олдохгүйг мэдэх хэрэгтэй баймаар…

+ There are no comments

Add yours