Турк улс Монгол Улсын иргэдэд ямар нэгэн хориг тавиагүй гэдгээ мэдэгдлээ

Шинэ коронавирусийн халдвартай холбогдуулан Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээлэл гаргажээ.

Тус мэдээлэлдээ “Бид коронавирусын (COVID-19) халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын авч буй шуурхай арга хэмжээг мөрдөн ажиллаж байна. Энэ хүрээнд Бүгд найрамдах Турк улсын Гадаад хэргийн яамнаас гаргасан сонордуулгын талаарх ташаа ойлголт олон нийтэд хүрч болзошгүй тул дараах мэдээллийг хүргүүлж байна. Бүгд найрамдах Турк улсын Засгийн газар нь иргэдээ Монгол Улс руу зорчиход хориг тавиагүй. Монгол Улсын холбогдох байгууллагуудаас гаргасан мэдэгдэл, авч буй арга хэмжээ, тэр тусмаа 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш БНХАУ руу зорчсон гадаад иргэдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхгүй байх хоригийг ард иргэдэдээ хүргэхээр Бүгд найрамдах Турк улсын Гадаад хэргийн яамнаас сонордуулга гаргасан билээ.

Мөн Бүгд найрамдах Турк улсын эрх бүхий байгууллагууд дэлхийн өнцөг булан бүрээс Турк улс руу зорчиж буй Монгол Улсын иргэдийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой ямар нэг хориг тавиагүй. Түүнчлэн Монгол Улс руу зорчихыг хүссэн Турк улсын иргэдэд ч ямар нэг хориг тавиагүй.

“Турк Эйрлайнс” компани нь Монгол Улс руу үйлддэг нислэгээ зогсоосон гэх ташаа мэдээлэл олон нийтэд хүрээд байна. “Турк Эйрлайнс” компани нь Истанбул-Улаанбаатарын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдсээр байгаа бөгөөд цаашид долоо хоногт үйлдэж буй нислэгийн тоогоо нэмэх хүсэлтэй байгаа. Шинэ коронавирусын (COVID-19) аюул нүүрлээгүй байгаа Истанбул зэрэг агаарын тээврийн төв зангилаагаар шууд зорчих боломжтой агаарын холбоос Монгол Улсын хувьд нэн чухал гэдгийг бид ойлгож байна. Иймд “Турк Эйрлайнс” компани Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO), Бүгд найрамдах Турк улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын журмын дагуу нислэгүүдээ үйлдэж байна” гэжээ.

+ There are no comments

Add yours