Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт, нэг тойрогт 76 мандат…

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх, Сонгуулийн тухай хуулийн төсөл гэсэн гурван асуудлыг хэлэлцэв.  Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчийн Захиргааны ерөнхий хуульд тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. Мөн цэцийн гишүүн Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа дууссан учраас ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг цэцийн гишүүнээр нэр дэвшүүлэхээр УИХ-ын дарга санал болгосон. Үүнийг бүлгээр хэлэлцээд гишүүд дэмжсэн” гэсэн.

Түүнчлэн  МАН-ын бүлгийн хурлаар ” Сонгуулийн тухай хууль”-ийн төслийг дэмжсэн байна. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ажилласан юм. Тэрбээр “Сонгуулийн тухай гурван хуулийг санаачилж өргөн барих ажлын хэсгийг өнгөрсөн онд байгуулсан. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай улс төрийн нам, бие даагчийн төлөөллийг оруулж  УИХ-ын 12 гишүүн болон бусад хуульч, судлаачдын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. 2015 онд УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохион байгуулах  хуулийг баталсан байсан. Энэ хуулийн дагуу 2016 оны шат шатны сонгуулийг зохион байгуулсан. Цаашид гурван өөр сонгуулийг нэг хуулиар явуулах эрхзүйн боломжгүй байна гэдэг сургамж авсан. Үүний дагуу нэмэлт өөрчлөлтөөр УИХ, нийслэл, дүүрэг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүрийнх нь хуулиар явуулах зайлшгүй шаардлага  бий болсон гэж үзэн өөрчлөлт оруулж байна. Өмнө нь манай улс долоон удаа сонгууль явуулахдаа дөрөвт нь жижиг мажоритараар явуулсан бол гуравт том мажоритар болон холимог тогтолцоогоор явуулсан байна. Тиймээс Сонгуулийн хуулийг батлахдаа улсын эрх ашгийг тооцож, ард түмэнд ашигтай тогтолцоогоор явуулах нь зөв гэж үзсэн. Өнөөдрийг хүртэл Сонгуулийн хуулийг батлахдаа эрх барьж буй намын талд баталдаг байсан. Цаашид ард түмэнд ашигтай байх талаас Сонгуулийн хуулиа өөрчлөх  нь зөв гэж ажлын хэсэг үзээд  дөрвөн хувилбар дээр ярилцсан. Том мажоритар, бүс нэг буюу бүсчилсэн тойрог, жижиг мажоритар, улс нэг тойрог байх хувилбар оруулж ирсэн. Эдгээр дөрвөн хувилбараас Монгол Улс нэг тойрог байх нь зүйтэй гэдэг шийдвэрт хүрсэн. Өнгөрсөн хугацаанд жижиг тойргоор явуулсан сонгуулийн үр дүн  улс орны эдийн засгийн чадавхийг сулруулж байсан. Тойргийн, жалгын систем дээр үндэслэж хөрөнгө оруулалтыг хэдэн хэсэг хуваадаг байсан. Иймээс цаашид тогтвортой хөгжихийн тулд 76 гишүүн нэг тойргийн системээр ажиллах нь зүйтэй гэдэг үүднээс дээрх шийдвэрт хүрсэн. Хууль  тогтоомжийн тухай хуулиудын дагуу хэлэлцүүлэг, үнэлгээг хэдэнтээ зохион байгуулж Засгийн газраас л санал авах үлдсэн. Улс төрийн нам хамгийн дээд тал нь 76 хүнийг нэр дэвшүүлэх боломжтой бөгөөд сонгогч зөвхөн нэг хүнийг дугуйлах юм байна. Тухайлбал,  700 хүн нэр дэвшинэ гэж тооцоход хамгийн олон санал авсан эхний 76 хүн  УИХ-д сонгогдох юм” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Түүнчлэн “сонгуулийн үеэр иргэний  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдахгүй. Бүртгэгдээгүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглох  зэрэг бусад улс орнуудад сонгуулийн үеэр ашигладаг зохицуулалтыг хэрэглэнэ. Фейсбүүк компани манай улсад гурван удаа ирж ажиллахдаа бусад улстай сонгуулийн үеэр яаж хамтарч ажилладаг талаараа туршлагаасаа хуваалцаж, нэлээд  санал тавьсан. Улс орнууд сонгуулиа тусгаар тогтносон хэлбэрээр хийж чадаж байгаа эсэх өнөөдөр ч гэсэн эргэлзээтэй байгаа. Гаднын нөлөөлөл буюу троллуудыг яаж зохицуулах уу гэдэг асуудал. Сонгуулийн үеэр улс орнуудтай Фейсбүүк компани маш ойр ажиллаж байгаа юм билээ. Тус компани дотроо улс орнуудын сонгууль хариуцсан бүтэцтэй болж, үүгээрээ дамжуулж сонгуулийн үеэр хамтарч ажиллах боломжтой гэдэг саналаа хэлсэн” хэмээсэн юм.

+ There are no comments

Add yours