Дөрвөн сартай охиноо байрны гадаа орхиж явсан эцэг, эхийг эрэн сурвалжилж байна

Сүхбаатар дүүрэг 9-р хорооны нутаг дэвсгэрт, байрны гадаа дөрвөн сартай охин хүүхдийг орхиж явсан хэрэг энэ сарын 4-нд гарсан байна. Энэ тухай дуудлага цагдаагийн байгууллагад тухайн өдрийн 21:00 цагт иржээ.

Хүүхдийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Түр хамгаалах байранд хүргэсэн байна. Хүүхдийн биеийн байдал ямар байгааг тус газраас тодруулахад “Дөрвөн сартай хүүхэд 4-ний орой хүргэгдэж ирсэн. Биеийн байдал хэвийн, эмч, нийгмийн ажилтнуудын асаргаанд сайн байгаа” гэв.

Харин эцэг эх, асран хамгаалагчийг нь эрэн сурвалжилж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийг төөрүүлэх, орхиж явах нь гэмт хэрэгт тооцогддог бөгөөд Эрүүгийн хуулийн дагуу дараах хариуцлагыг хүлээлгэнэ.

Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

  1. Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

 

+ There are no comments

Add yours