11 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байдал, техникийн бүрэн бүтэн байдал, утаанаас ялгарах хорт бодисын хэмжээ зөвшөөрөгдөх түвшинд байгаа эсэх, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл, дагалдах хэрэгсэл, иж бүрдэл хангагдсан эсэхийг шалгаж, зөрчлийг арилгуулах зорилгоор хяналт шалгалт хийжээ. Шалгалтад нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их болон дунд багтаамжийн 229 автобус болон бусад тээврийн хэрэгслийг хамруулжээ. 

Шалгалтын дүнг танилцуулж байна.

Нийтийн тээврийн чиглэлээр: 

Нийслэлийн Тээврийн газрын тээврийн хэрэгслийн “Бүртгэлийн сан”-гаас үзэхэд нийт 18 аж ахуйн нэгж байгууллага 1147 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээнд  ажиллаж  байгаа бөгөөд тэдгээрийн дундаж насжилт 8.9 жил байна. Ажлын өдөрт 934 автобус үйлчилгээнд ажиллаж, давхардсан тоогоор 600 мянга гаруй зорчигч тээвэрлэдэг.

Шалгалтад хамрагдсан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний их багтаамжийн 229 автобусыг замд нь зогсоож, стандартад заасан шаардлагын дагуу шалгахад 67 автобусны утааны тортогжилтын хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, 162-т хөдөлгүүрээс ялгарч буй утааны тортогжилтын хэмжээ хэвийн байв.

Шалгалтын явцад автобусны утааны тортогжилтын хэмжээ их тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд илэрсэн зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, агаар бохирдуулсан, тээврийн хэрэгслийн техникийн шаардлага хангаж ажиллаагүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгуулийн арга хэмжээг ногдуулжээ.

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлын чиглэлээр:

Автотээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2011 стандартын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, өнгө үзэмж, гэрэлтүүлэх хэрэгсэл зэргийг шалгасан байна.

Энэ шалгалтаар илт өнгө үзэмж муутай, оврын гэрэл өөр өнгийн гэрэл суурилуулсан, ойрын гэрэл, холын гэрэл асахгүй болсон, тоормосны гэрэл, оврын гэрэл анивчдаг гэрэлтэй, нэмэлтээр гэрэлтүүлэх хэрэгсэл суурилуулсан зэрэг нийт 4492 зөрчлийг илрүүлсэн ба техникийн үзлэгт хамрагдаагүй, гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл зөрчилтэй тээврийн хэрэгсэл дийлэнх хувийг эзэлжээ.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

Илт утаа их, стандартын шаардлага хангахгүй 127 тээврийн хэрэгслийг илрүүлэн, илэрсэн зөрчлийг арилгуулахаар Техникийн хяналтын үзлэгийн төвд дахин шалгуулах, автотээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийлгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөнд оролцож байгаа 3 тээврийн хэрэгсэл тутмын 1 нь бүрэн бус, техникийн шаардлага, стандартыг хангахгүй байжээ.

Мөн 2018-2019 онд техникийн үзлэгт хамрагдсан боловч бүрэн бус техникийн хувьд эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Сонгинохайрхан дүүрэг дэх “Монгол Терминал” ХХК, Сүхбаатар дүүрэг дэх “Нива трейд” ХХК-д хамрагдсан тээврийн хэрэгслүүд нь техникийн хувьд илт бүрэн бус байгаа нь замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна.

Шалгалтад хамрагдсан нийт аж ахуйн нэгж, иргэд, инженер техникийн ажилтан, жолооч, ажиллагсдад илэрсэн зөрчлийг бүрэн арилгаж, үйл ажиллагаагаа сайжруулж  ажиллах  талаар мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгсөн үр дүнтэй ажил болжээ.

Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний 11 аж ахуйн нэгжид торгууль ногдуулжээ

+ There are no comments

Add yours