Зээл авч чадаагүй компаниудын төслийг АТГ-аас хянаж эхэлжээ

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий аж ахуй нэгжүүдэд зээл олгосон хэрэгт ХХААХҮ сайд асан Б.Батзориг, тус яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат, сангийн захирал, хэлтсийн дарга нар гээд хэд хэдэн хүнийг яллагдагчаар татан, нэг бус хүнийг цагдан хориод буй.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ЖДҮХС-гийн зээлдэгч гишүүдийг шалгаж эхэлсэнтэй зэрэгцээд тус сангаас зээл авахаар материалаа бүрдүүлж, сонгон шалгаруулалтад нь тэнцсэн. Гэхдээ үнийн дүнгийн 20 хувийг нь эрх бүхий албан тушаалтнуудад өгөхөөс татгалзсан жижиг, дунд  үйлдвэр эрхлэгч, төсөл санаачлагч иргэд аж ахуй нэгжийн удирдлагаас гэрчийн мэдүүлэг авч эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногт “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос мэдээлэл хийх үеэрээ “ЖДҮХС-д удаа дараа материалаа явуулсан хэдий ч сонгон шалгаруулалтад шалгарч чадаагүй, шалгарсан ч санхүүжилтээ авч чадаагүй” хэмээн хэвлэлийн бага хурал хийж байсан.

АТГ-ынхан тус сангаас зээл авахаар хүсэлтээ гаргасан ч татгалзсан хариу сонссон 800 гаруй аж ахуй нэгжийн төслийг нэг бүрчлэн хянаж, үнэхээр шаардлага хангаагүй юу эсвэл хээл хахуулийг нь өгөөгүйгээс болж улсаас бага хүүтэй санхүүжилт авч чадаагүй юу гэдгийг нягтлах юм байна.

+ There are no comments

Add yours