Улс төрчдийн нууц ЗОЛИОС-1

ГЭМТСЭН ЭМЧ НАР ХОХИРООД ҮЛДЭХ ҮҮ

Гэмтлийн эмч нар осолд орж олуулаа хүндээр гэмтэж багагүй дуулиан тарьсан хэрэг усанд хаясан чулуу шиг л нам гүм болжээ. Нэг биш таван эмч, орон нутгийн зам дээр бусдын буруугаас болж хүнд, хөнгөн хэлбэрийн гэмтэл авсаны улмаас хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаагаар алдсан. Мөн гэмтсэн эмч нарын дунд гэр бүлээрээ явж хохирсон хүмүүс байсан. Эмч нарын ажиллах цаг урт ч амьдралд нь хүрэлцэх цалин бага учир цалингийн зээл, байрны зээлээс цаашаа гардаггүй эмч нарын хувьд осолд орж гэмтсэнээс илүү ажилгүй, цалингүй байх нь хэцүү байсан учир зарим нь хөл дээрээ босонгуутаа ажилдаа орсон бол зарим нь өнөө хэр суга таягтай хүнд хэцүү байгаа гэнэ.

Түүгээр зогсохгүй, энэ хэргийн учир шалтгаан эмч нарын хүнд, хөнгөн гэмтэж эрүүл мэндээрээ хохирсноос илүүтэй улс төрийн намын нөлөөлөл, улс төрчдийн “гар хуруу” орсон зүйл байгаа учир тодорхой хүрээнд нам дарж байгаа тухай ч мэдээлэл олдсон юм. Тиймээс энэ хэргийн талаар, юуны учир, ямар шатанд очоод яагаад нам гүм болсоныг тодруулахаар энэ удаагийн сэдвийг сэтгүүлч миний бие хөндөж байна.  Нөгөө талаар хэдий болтол хүчтэний өмнө хүчгүй нь буруу болж, эрх баригчдын далбаан доорхи эрх мэдэлтнүүдийн захиалсан жүжигт төрийн харьяалалтай түмэн олон нэрвэгдэж, хоморгонд орж хохирч шаналсаар байх юм бэ?

Энэ асуултад  хариулт авахын тулд сэтгүүлч миний бие энэхүү орхигдсон сэдвээр эрлээ эхлүүллээ. Тиймээс энэ удаа улс төрөөс нөлөөлөлтэй шийдвэр гаргагчдаас хариуцлага нэхэж байгаа юм. Харин энэ сэдвийн үргэлжлэл  гэгээн цагаан өдөр орон нутгийн зам дээр хэвийн бус байдлаар тээврийн хэрэгсэл жолооддог жолоочтой “Нью жуулчин тур” ХХК-ний захирал болон хөрөнгө оруулагч олны танил эрхэмээс хариуцлага нэхэх болно. Үүний дараа, хохирогч эмч нартай уулзаж, үүссэн асуудлын эргэн тойронд ямар нөхцөл байдал үүсээд байгаа болон, хохирлоо төлүүлсэн эсэх асуудлаар тодруулах болно. Үүссэн асуудалд бүрэн хариулт олдтол үргэлжилдэг сурвалжлага ийнхүү эхэлж байна…

ХЭРЭГ ХЭЗЭЭ, ХААНА…

Булган аймгийн Рашаант сумын нутагт 15.00 цагийн орчим “Нью жуулчин тур” компанийн жолооч Ж.Батчулуун гэгч замын хөдөлгөөнд оролцож байхдаа хариуцлага алдсаны улмаас Гэмтэл согог судлалын эмч нарын зорчиж явсан машиныг мөргөж, эмч П.Аззаяа, Р.Гантуяа, Э.Энхжин, С.Галт нарыг хүндээр, С.Ундармааг хөнгөн гэмтээсэн байдаг. Тухайн үед буюу  2017 оны 07 дугаар сарын 02-нд дээр дурдагдсан эмч нар П.Аззаяа эмчийн хувийн приус машинаар Өвөрхангай аймгаас Улаанбаатар руу явж байхдаа энэхүү осолд орж гэмтсэн юм.  Ослын тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр дөнгөж цацагдаж эхлэнгүүт уг хэргийг бүхий л боломжит байдлаар дарж, олон нийтийн анхаарлыг сарниулах арга хэмжээг авсаны хүчээр үүссэн асуудалтай холбоотой дуулиан тэгсгээд намжсан байдаг.

Учир нь одоогийн эрх баригч намын тухайн үеийн даргаас өгөгдсөн үүрэг, командаар салбарын сайд, төрийн нарийн бичгийн даргаас 2017 оны 06 дугаар сарын 31-ний орой улсын томоохон эмнэлгийн бүх дарга нарыг дуудаж хуралдан орон нутгийн сонгуулийн сурталчилгаанд эмч нарыг ажиллуулах шийдвэр гаргасан байдаг.  Ингэснээр улсын томоохон эмнэлгүүдийн эмч нарыг зохион байгуулалттайгаар “амрааж”, тэр бүү хэл  ажлаасаа хол гэр нь байдаг эмч нар гэртээ ч очиж чадалгүй ажил дээрээсээ шууд “амралтад” явсан байдаг. Ажилтай байгаад нэгдсэн автобусанд сууж чадаагүй нь өөрсдийн хувийн машинаар явсан. Тэр өдөр, орой, шөнийн ээлжтэй эмч нараас бусад нь бүгд явахгүй бол цалинтай, албан тушаалтай нь сахилгын арга хэмжээ яригдах учир хариуцлагатай хандах, тухайн өдрийн маргааш, нөгөөдөр нь ажилтай эмч нар “амралт”-аасаа эргэж ирэхээр төлөвлөж бөөнд нь тэгэхдээ орон нутгуудад хийгдэхээр “нутаг заасан” шийдвэр гарсаны балгийн нэг уршиг нь энэхүү осол байв.

Энэ дашрамд хэлэхэд, энэхүү хэт улстөржсөн шийдвэрийн улмаас ганцхан Гэмтлийн эмч нар гэмтээгүй бөгөөд өөрсдийн хүсэлтээр яваагүй, мөн гэнэтийн шийдвэрийн улмаас бэлтгэлгүй гарсан эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд цөөнгүй хүн энд тэнд осолд орж, их бага гэмтсэн байдаг. Хөлөө хугалсан, гараа гэмтээсэн, тархи нь хөдөлсөн гэх хэд хэдэн “жижиг осол”-д өртсөн эмч нарын гэмтлийн асуудал гэмтлийн эмч нарын осолд дарагдан чив чимээгүй өнгөрсөн ч Гэмтэл согог судлалын эмч нар бөөнөөрөө буюу нэг дор таван эмч зам тээврийн осолд өртөж, хүнд гэмтсэн нь мянга нуугаад ч түмэнд мэдэгдэж илчлэгдсэн “бэтэг” болсон гэж болно.

Тухайн үеийн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгээс өгөгдсөн үүргийн дагуу төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаас “тушаал” авсан Гэмтэл, согог судлалын төвийн эмч нар Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод “амарсан” байдаг. Харин уг амралтаас маргааш нь ээлжийн ажилтай, шөнийн хариуцлагатай жижүүрийн ажилтай эмч нар  2017 оны 07 дугаар сарын 02-нд  Улаанбаатар хот руу явж байгаад жуулчны компанийн жолоочийн хариуцлагагүй үйлдлийн улмаас суга таягт ортлоо хүнд гэмтсэн юм. Нэг биш таван эмч, тэр дундаа улсад 2-20 гаруй жил ажилласан нэр хүндтэй эмч нарын амь нас дээсэн дөрөөн дээр байхад “улс төрийн нөхцөл байдал” гэсэн шалтгаанаар “улстөржүүлж” бодит байдлыг олон нийтийн хараанаас нуусны хор уршиг нь эрүүл мэндээ урт богино хугацаагаар алдсан эмч нар өнөөдөр хохироод үлдэхдээ тулсан нь нуухын аргагүй үнэн юм.

ХЭРГИЙГ ХААНА, ХЭН ГАЦААВ?

Гэмтэл, согог судлалын төвийн дарга Т.Мөнхсайхан,” -ГССҮТ-ийн Чанар албаны дарга Р.Гантуяа  болон тус албаны хоёр мэргэжилтэн, Яс, үений гэмтлийн хоёр эмчийн зорчиж явсан УБН 89 79 улсын дугаартай ‘Приус’ машин Элсэн тасархайгаас нааш 10 гаруй км-ийн зайд зорчиж яваад зорчигч тээврийн автобустай мөргөлдөн, осолдсон нь үнэн.  Гэхдээ улс төртэй ямар ч хамаагүй, таван эмчийн биеийн байдал хүнд, бүгд сэхээнд байхад ослыг сонгуультай холбон худал тайлбар хийхгүй байхыг хүсье” гэсэн мэдээлэл  2017 оны долдугаар сарын 03-нд  Хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдэд хандаж байв.

Тухайн үед энэ талаар аль болох улстөржүүлэхгүй, сонгуультай холбохгүй байхыг их багагүй энд тэнд ярьж, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхаарлыг төвөөс гаргаж чадсан. Угаасаа л ой санамж нь гуравхан өдөрт “оволзож” байгаад мартчихдаг монгол занг ч тэд сайн ашиглаж чадсан. Энэ байдал нь ч 2017 оны долдугаар сарын 3-нд зарласан хэвлэлийн бага хурлын мэдээллээс өөр энэхүү харамсалтай ослын талаар ямар ч хэвлэл мэдээлэл өнөөдрийг хүртэл сөхөхгүй байгаагаас харагддаг.

Харин улс төрөөс ангид эрүүл мэндийн салбарыг  төрийн албан хаагч гэдгээр нь шахаанд оруулж, тавын таван эмчийн эрүүл мэнд, амь насаар нь “тоглож”, зэрэмдэглэж хаяхад шууд биш ч нөлөөллөөр оролцсон тухайн үеийн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нараас хариуцлага нэхэх нь хамгийн шударга санагдах. Учир нь тэднээс өгөгдсөн үүргийн дагуу Гэмтэл согог судлалын эмч нар Өвөрхангай  аймаг руу “амралтад явсан”, мөн 24\48 цагаар жижүүрлэдэг эмч нарын эрхийг үл тоомсорлож “амраасан” эрх мэдэлтнүүдийн уршгаар цалингаас цалингийн хооронд амьдарч ажилладаг жирийн эмч нар золиос болж эрүүл мэндээрээ үүрд хохироод буй… Хэрэв эрх баригч нарын хэн нэгэн ухаантаны санаачилгаар эмч нарыг орон нутгийн сонгуульд ашиглах “мэргэн санаа” гараагүй, тэрийг нь дээд төвшинд зөвшөөрөгдөж, доошоо улсын харьяалалтай эмнэлгүүдэд буулга болж буугаагүй бол өнөөдөр тавын таван эмч эрүүл мэндээрээ хохирохгүй, шүүхийн хаалга сахиж, эмчилгээний зардалаа шийдвэрлүүлэх гэж зүдрэхгүй байсныг мартаж болохгүй юм…

ТУХАЙН ӨДРИЙН ОСЛЫН ТАЛААР…

Хохирогч Р.Гантуяа, -Бид 2017 оны 07 дугаар сарын 02-нд  Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот орохоор явж байсан. Тухайн өдөр цаг агаар хэвийн сайхан өдөр байсан. Бид тавуулаа явж байсан. Манай машин дундаж хурдтай явсан. Гэнэт л  эсрэг урсгалаас эгц өмнөөс машин гараад ирсэн. Би өөдөөс машин ирлээ гэж хэлэж дуусаагүй байхад мөргөсөн. Мөргөсөн машин автобус байсан. Маш хурдтай ирээд хоромхон зуур мөргөөд, манай машиныг түрээд байсныг санаж байна. Хэсэг зуур ухаан алдсан байсан гэнэт жолооч барьж явсан нөхөр маань “намайг авраарай” гэж орилж байхыг сонсоод босох гэтэл  суудлын бүс чангараад бас машинд хавчуулагдсан байгаагаа мэдсэн. Нөхрийн маань  цээж хэсэг машинд дарагдсан их хүнд харагдаж байсан. Бүхий л чадлаараа оролдож байгаад машинаас арай гэж буугаад нөхөр дээрээ очиход хөл нь хугарсан машинд бас дарагдсан байсан. Хэчнээн хугацаа өнгөрсөнийг мэдэхгүй, нэг л мэдэхэд нөхрөө машинаас буулгаад зам дээр хэвтүүлж  эмийн сангаас өвчин намдаах эм давхарлаж өгөөд зүрхний дутагдалд орж болзошгүй байсан учир валидол бас өгсөн. Энэ үед араас явж байсан манай байгууллагын хүмүүс гүйцэж ирээд бусад хүмүүсийг гаргасан…

Хохирогч С.Галт, -2017 оны 07 дугаар сарын 01-нд манай ажлын газрынхан Өвөрхангай явсан. Маргааш нь Улаанбаатар хот орохоор Аззаяа эмчийн 8979 УНБ дугаартай приус маркийн хар өнгийн машинд Гантуяа, Энхжин, Ундармаатай хамт явсан. Хархорингоос хөдлөөд Элсэн тасархай дээр нэг зогсоод хөдөлсөн. Тэр оройдоо жижүүртэй учир машинд унтаж явсан. Харин ухаан ороход гэмтлийн эмнэлэг хэвтэж байсан. Харин эхнэр маань эмнэлэгт хэвтээд 10 хонож байна гэсэн…

Хохирогч Э.Энхжин,-Хархорин суманд хоноод маргааш нь Улаанбаатар хот руу хөдөлсөн. Машиныг Аззаяа эмч жолоодож явсан. Жолоочийн хажууд Гантуяа эмч, арын суудалд Ундармаа эмч, Галт эмч бид гурав сууж явсан. Элсэн тасархай дээр зогсоод цаашаагаа хөдлөхөд нь би унтсан.  Нэг сэрэхэд байгууллагынхаа ажилчдын машинд хэвтэж байсан. Замдаа түргэний машинд шилжиж суугаад Гэмтлийн эмнэлэг явсан…

Хохирогч С.Ундармаа,- Элсэн тасархайгаас хөдлөөд хэсэг явсаны дараа би унтсан. Гантуяа эмчийн Азаа гэж хашгирах дуунаар сэрээд харахад өмнөөс автобус тулж ирээд мөргөсөн…

Гэрч Б.Мөнхжаргал,-Булган аймгийн Цагдаагийн жижүүрээс танай сумын хариуцсан төв замын хэсэгт автомашин мөргөлдөж, зам тээврийн осол гарсан байна гэсэн мэдээлэл өгсөний дагуу би жолооч цагдаа Ж.Алтаншагайгийн хамтаар хэргийн газарт очсон. 15.00-16.00 цагийн орчим. Хэргийн газар ирэхэд жуулчны дунд оврын автобус ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явах замын урд талын урсгал буюу эсрэг урсгалдаа баруунаас зүүн чиглэлд явсан суудлын автомашинтай мөргөлдсөн байдалтай, приус машины зорчигчид, жолооч нь маш хүнд гэмтсэн олон хүн шавсан, гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байсан. Жуулчны автобусны жолооч, замын донсолгоо гаргах гэж байгаад эсрэг дарсан чинь амжсангүй гэхээс өөр тайлбар хэлээгүй…

Гэрч У.Уранчимэг, -Аззаяа эмчийн машины араас бид нар явж байсан. Нэлээд зайтай явж байсан. Гэнэт зам дээр хар цагаан хоёр машин зогсож харагдсан. Дөхөөд ирэхэд Аззаяа эмчийн машиныг жуулчны автобус мөргөчихсөн байсан. Бид машинаас эхлээд Аззаяа эмчийг Гантуяа эмчийн хамтаар гаргаад, дараа нь хамт явсан Ундармаа, Энхжин эмчийг гаргасан. Хамгийн сүүлд Галт эмчийг машинаас татаж гаргасан. Гэмтсэн эмч нарыг машинаас татаж гаргах их хэцүү байсан. Арай хийж гаргахад осол гаргасан машинд байгаа хүмүүсээс бидэнд огт туслаагүй…

Үргэлжлэл бий…

СЭТГҮҮЛЧ Х.ГАН-ЯЛАЛТ

+ There are no comments

Add yours