Сэлэнгэ, Булган аймагт ой хээрийн түймэр гарчээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Шарлангын гол гэдэг газар сумын төвөөс зүүн урд зүгт агаараар 90 км-т зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn сайтад тавдугаар сарын 17-ны өдрийн 12:05 цагт ой хээрийн түймэр илэрсэн байна. Уг түймрийг унтраахаар ОБЕГ-ын 1 алба хаагч, Аврах тусгай ангийн 39 алба хаагч, Нийслэлийн Онцгой байдлын газрын 69 алба хаагч, тус аймгийн Онцгой байдлын газрын 31 алба хаагч, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 37 алба хаагч, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 22 алба хаагч, Дундговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, Дорноговь аймгийн 11 алба хаагч, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 8 ажилтан, нийт 253 хүн, 17 автомашин, 12 морьтой ажиллажээ. Уг ой хээрийн түймрийг тавдугаар сарын 29-ний өдрийн 07:30 цагт түймрийг цурманд оруулсан. Мөн өдрийн 17:50 цагт түймэр зүүн урд, урд хэсгээрээ дахин ассан. Зургаадугаар сарын 2-ны өдрийн 07:00-17:30 цагийн хооронд шиврээ бороо орсон түймрийн тархалт зогссон,  захаараа бага зэргийн уугилттай, унанги ихтэй, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Түүнчлэн Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн Баянгол Бэлсэг гэдэг газар  буюу сумын төвөөс зүүн зүгт 115 км-т ойн түймэр гарсан тухай дуудлагыг өчигдөр 14:30 цагт хүлээн авчээ. Түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугааар ангийн 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 28 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 22:44 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Түймэрт нийт 20 га орчим талбай шатжээ.

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн Харгайтын хэрц гэдэг газар сумын төвөөс баруун хойд зүгт 130 км-т Улсын хилийн 92 дугаар тэмдэгтийн чиглэлд хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг зургаадугаар сарын 2-ны өдрийн 14:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн 12 алба хаагч, Хилийн 0245 дугаар ангийн 15 алба хаагч, орон нутгийн 38 иргэн, нийт 65 хүн, 6 автомашинтай ажиллаж, энэ сарын 3-ны өдрийн 02:45 цагт цурманд оруулж, 12:00 цагт бүрэн унтрааж тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна.

+ There are no comments

Add yours