С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг шүүхийн шийдвэрээр баривчилсан уу

С.Баяр болон Ч.Сайханбилэг нарыг шүүхийн шийдвэрээр баривчилсан эсэх талаар албаны эх сурвалжаас тодруулахад, Нийслэл дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдэд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг цагдан хориулах хүсэлт ирээгүй байна. Прокуророос хойшлуулашгүй ажиллагаа явуулах үндэслэлээр 48 цаг саатуулах эрхтэй байдаг. Энэ хүрээнд хорьсон бол цагдан хориулах саналаа өнөөдөртөө шүүхэд ирүүлэх байх. Шүүхэд ирүүлсэн дариуд бид шуурхай мэдээлэл өгч ажиллах болно гэдэг хариулт өгөв. Эх сурвалжийн өгүүлсэн хойшлуулашгүй ажиллагаа гэдэг нь , “Хойшлуулшгүй тохиолдолд” хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч сэжигтнийг шууд баривчилж, 24 цагийн дотор тогтоолоо прокурорт болон шүүхэд хүргүүлнэ. Энэ тохиолдолд шүүгч уг “Тогтоол”-ыг батлах шаардлагагүй. Харин 48 цагийн дотор баривчлагдаж байгаа этгээдийг “цагдан хорих зөвшөөрөл өгөх” буюу “суллана” /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.5, 6/. Өөрөөр хэлбэл сэжигтнийг баривчлах тухай тогтоолыг прокуророос танилцуулсан тохиолдолд тогтоолыг шүүгч “батлах” буюу “батлахгүй” байж болдог бол “хойшлуулшгүй тохиолдолд” хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нараас хуульд заасан эрх хэмжээний дагуу сэжигтнийг нэгэнт баривчласныхаа дараа “Тогтоол”-оо ирүүлж байгаа учир шүүгч түүнтэй танилцаад тэрхүү баривчлах тухай тогтоолыг батлахгүй, харин “Сэжигтнийг цагдан хорих” тухай тогтоолд зөвшөөрөл өгч тогтоол батлах, эсхүл “Сэжигтнийг суллах” тухай захирамж гаргана. /Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 59.6, 60.1/ хэмээн холбогдох хуульд заасан байдаг юм байна.
С.НЯМДОРЖ

 

+ There are no comments

Add yours