Сэлэм эргүүлж танхайрсан залууд холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Өнгөрсөн оны 11-р  сарын 11-12-нд шилжих шөнө нэгэн цэнгээний газрын үүдэнд сэлэм эргүүлэн танхайрсан  этгээдийн талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ. Тодруулбал уг этгээд нь ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү С.Бямбацогт гэгч байсан юм. Тэрбээр тухайн өдөр өөрийн цэнгээний газрын нээлтийн үйл ажиллагааг тараад явж байхдаа ийн сэлэм эргүүлж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байдаг.

Баянгол дүүргийн цагдаагийн  хэлтсийн алба хаагчид түүний ашигласан зэвсгийн чанартай эд зүйлийг Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд оршин суух иргэн Э гэгчийн гэрээс олж тогтоон, хураан авсан юм. Улмаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бөгөөд саяхан хэргийг нь прокурорт шилжүүлжээ.  Тодруулбал түүнд Эрүүгийн хуулийн 20.7.1, 20.16.2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн аж.

20.7 дугаар зүйл.Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.16 дугаар зүйл.Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах

2.Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа 2.1.зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.

+ There are no comments

Add yours