Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлдэг гэв

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас нийтийн тээвэр дэх халаасны хулгайгаас урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр зөвлөгөөнийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, “Улаанбаатар смарт карт” ХХК, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчид хамтран оролцлоо.

Энэ үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн эрүүгийн ахлах мөрдөгч Д.Батзаяа “Нийт халаасны хулгайн гэмт хэргийн 30 орчим хувь автобусны буудлын орчимд үйлдэгдэж байна. Нэг автобусанд дөрвөн камер байрлуулсан байдаг бөгөөд тэдгээр камеруудаар автобусанд сууж, бууж байгаа болон буудал дээрх хүмүүсийг бүгдийг нь харах боломжтой. Хулгайд алдагдаж байгаа эд зүйлийн 80 гаруй хувийг гар утас эзэлж байгаа бөгөөд загвараар нь ангилбал, 46 хувийг “iphone”, 42 хувийг “samsung”, үлдсэн 10 гаруй хувийг бусад загварын гар утас эзэлж байна” гэж мэдээллээ.

Хяналтын камерын бичих төхөөрөмж буюу хатуу диск нь 20-28 хоногийн бичлэгийг хадгалах багтаамжтай байдаг аж. Багтаамж нь дүүрсэн бол хуучин бичлэгүүдээс автоматаар устгаж бичдэг байна.  Халаасны хулгайн гэмт хэргийн дийлэнх тохиолдол иргэд хамгийн ихээр зорчдог газар буюу “Таван шар”, “Саппоро”, 10 дугаар хороолол, Багшийн дээд гэх мэт буудлуудад үйлдэгддэг аж.

+ There are no comments

Add yours