Г.Баасан: Монгол Улс системийн авлигад бүрэн идэгдсэн

Монгол Улсын авлигын төсөөллийн индекс 2017 онд 36 оноотой болж, өмнөх оны үзүүлэлтээс 13 байраар ухарч 103 дугаар байранд орсон. Энэ асуудлаар “Трансперенси интернэшнл” олон улсын байгууллагаас авлигын асуудлаарх нэр хүнд бүхий судалгаа, үнэлгээний 13 байгууллагын тайлан болон энэ чиглэлийн шинжээч, бизнесийн удирдах албан тушаалтнуудын үнэлгээнд тулгуурлан дээрх үнэлгээг гаргажээ.

Өнөөдөр АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс дээрх судалгааны дүнг танилцуулж, мэдээлэл хийлээ. Мэдээллийн үеэр Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан хэлэхдээ “Монгол улсын улс төрийн намууд, хуулийн байгууллагууд, УИХ-ын гишүүд, төр захиргааны байгууллагууд, төрийн үйлчилгээ, уул уурхайн салбар, газрын алба, гааль, татвар, тендэр, худалдан авах газар авлигад асар их авсан байна. Авлигын эсрэг хууль, авлигын эсрэг авах арга хэмжээ тодорхой бус, ойлгомжгүй зөрчилтэй буюу нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай байна. Монгол улс системийн буюу төрийн өндөр албан тушаалтнуудын авлигад бүрэн идэгдсэн байна.

Логик дүгнэлт хийхэд төр засаг нь авлигад бага идэгдсэн атлаа эрүүл мэнд, боловсролын салбарт авлига өндөр байна гэх нь утгагүй. Монголд системээрээ авлигад идэгдсэн учраас дэд салбарууд нь авлигад идэгдсэн байх нь аргагүй. Системийн авлигаас ангид аль нэг салбарын авлига өндөр байна гэж байхгүй.

Монгол Улс системээрээ авлигад идэгдсэний тод жишээ Эрдэнэт үйлдвэрийн асуудал байна. Монголын ард түмний өмч болох Эрдэнэт үйлдвэрийг бизнес эрхлэгч ба уг үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд зээлийн барьцаанд тавих эрхзүй болон хуулиар олгогдсон эрх мэдэл байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаалсан этгээдүүд нь Монголын ард түмний өмчийг хууль бусаар үгсэн хуйвалдаж, авлигын гэмт хэрэг үйлдсэнийг АТГ шуурхай мөрдөн шалгаж буруутнуудад хариуцлага хүлээлгэх үүрэгтэй.

Тодруулбал, С.Баяр, Д.Сугар, Ч.Ганзориг, Д.Очирхүү, Ш.Батхүү нар санаатайгаар эх орноосоо урвасантай дүйцэхүйц гэмт хэрэг үйлдсэн байна. АТГ Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан дээрх нэр бүхий этгээдүүдийг өнөөдрийг хүртэл шалгахгүй хаацайлсаар иржээ. Иймээс АТГ-ын дарга огцрох ёстой гэж үзэж байна. Д.Сугарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээс, С.Баярыг Элчин сайдаас нь татаж нэн даруй шалгах шаардлагатай байна” гэв.

+ There are no comments

Add yours