Thursday, April 25 2024

Таван настай охиноо хүчирхийлсэн хойд эцэгт ял оноожээ

Өнгөрсөн аравдугаар сард таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарсан нь олныг цочирдуулсан билээ. Өчигдөр буюу  13-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ванданваанчигт холбогдох эрүүгийн хэргийг шүүн хэлэлцэн, гэм буруутайд тооцож, түүнд 18 жилийн хорих ял оноосон байна.

Шүүх хуралдаанд шүүгч С.Пүрэвсүрэн, Т.Шинэбаяр, Э.Чингис нар, улсын яллагч Н.Гэрэлмаа, шүүгдэгч, түүний өмгөөлөгч Д.Дашдорж, хохирогчийн талынхан өмгөөлөгчийн хамт оролцжээ.

Хэргийг сөхөхөд, өнгөрсөн аравдугаар сарын 14-нд таван настай Д.Х охиныг хүчирхийлсэн хэргийн талаархи мэдээ цахим сүлжээгээр цацагдсанаар холбогдох хууль, хяналтын байгууллагынхны анхааралд орж, улмаар шалгаж эхэлсэн билээ.

Шүүгдэгч Э.Ванданваанчигт Эрүүгийн хуулийн 12.1-ийн 4-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. (Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйл. Хүчиндэх, 12.1.4-д “Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг).

Эхэндээ нагац эгч нь охиныг хүчиндүүлсэн гэж мэдээгүй бөгөөд яагаад явж чадахгүй байгаа талаар хойд эцгээс нь асуухад “Гулсуураас унаад ийм болсон. Эмчид үзүүлэх гэж байгаа” хэмээн хариулсан байдаг.

Маргааш өглөө нь охиныг гэр рүүгээ дагуулж явах замдаа бие засуулж, гуяыг нь дагаад цус урссан байсныг анзаарчээ. Энэ тухай нөхөртөө хэлж, нөхөр нь охиныг шүүх эмнэлэг дээр авч очин дүгнэлт гаргуулахаар хандсанаар хойд эцгийнх нь жигшүүрт хэрэг илчлэгдсэн билээ.

+ There are no comments

Add yours

You May Also Like: