Үхэр мөөрөх цагаар…

Иргэд албан хаагчдынхаа цалинг нэмэх үү, үгүй юу гэдгийг Монголын Засгийн газар мэдэхгүй. Тэд мэдэлгүй болсон. Парламент ч мэдэхгүй. Бас л мэдэлгүй. Толгойгүй Засгийн газар, тархигүй парламент гэсэг үг. Тэгээд Монголын төрийг хэн барьдаг вэ? ОУВС хэмээх гоё цол гуншинтай, олон улсын эдийн засгийн алуурчдын технологийг хөгжиж буй орнуудад гарамгай хэрэгжүүлдэг байгууллага засгийн бүх эрхийг атгаж байгаа. Бид яагаад тэдний барьцаанд орсон бэ? Худалдагдсан лообий бүлгийнхний тавьсан асар их өрнөөс болж ОУВС хэмээх занганд улс орноороо орчихлоо. Өр тавьж авсан мөнгөнийхөө ихэнхийг хилийн чанад дахь оффшор дансандаа тас нуугаад өнөө хэд маань өчиггүй алга болсон. Үлдсэн багаханыг нь ард түмэндээ арав таваар нь тарааж, хоолны үлдэгдлээ золбин нохойд шидэж өгдөгтэй адил аашилсан. Иймэрхүү байдлаар бий болсон 5,8 тэрбум ам.долларын өрнөөсөө болж ОУВС хэмээх үхэрчний гарт Монгол хэмээх үхэр сүрэг хашигдав. Айлаас гуйхаар авдраа уудлахаар шийдсэн Засаг, парламент хоёр зам нийлсэн ганц шийдвэр гаргасан. Тэр нь Монгол Улсын хилээр гарч буй атга нүүрс, чимх алтны үнэ цент бүрээрээ Монголын банкуудаар дамжиж байхыг хуульчилсан Засгийн газрын тогтоол байлаа.

Хэрэв энэ тогтоол хэрэгжээд эхэлсэн бол мөнгөгүйн гацаанаас нэг мөсөн гарах байв. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС зөвшөөрөхгүй байна” гэж хулмаганасаар уг тогтоолыг хүчингүй болгуулж амжлаа. Оюутолгой, Тавантолгойн техник эдийн засгийн үндэслэл тооцоо гэх зузаан гэгч хавтас сугавчлан пээдгэр алхдаг байсан Хүрэлбаатар үнэн хэрэгтээ зуучлагчаас ялгаагүй нэгэн. С.Баярын цүнхийг зөөж, Д.Зоригтын хавтсыг сугавчлан гүйхээ сайн мэдсэн Хүрэлбаатар ард түмэн улс оронд хямралаас өөр юу авчирсныг ойлгохгүй юм. Багш нар цалингаа нэмүүлэх хүсэлт тавин жагсахад ОУВС-нд иргэдийнхээ цалинг ганц төгрөгөөр нэмэхгүй гэж амласан Засгийн газар бантсандаа баларсан шийдвэр гаргаж, хүн бүрт 300 мянгыг амлав.

Эдийн засгийн алуурчдын гар хөл болсон Сангийн сайдтай, бүлэглэлийн идэвхтэн Боловсролын сайдтай болсон хойно өнөөх поп оддоосоо “Тэжээл өгөхөд дургүйцдэг үхэр байхгүй, үүнтэй адил цалин нэмье гэхэд татгалзах багш үгүй” гэх үгийг сонсолгүй яахав. За ингээд ард түмэн гэдэг үхэр сүрэгтэй үхэрчин нь Цогзолмаа тэргүүтэй сайд нар болж таарав. Гэтэл бас л андуурчээ. Жинхэнэ үхэрчин нь ОУВС тэргүүтэй Оюутолгойн баг, Тавантолгойн бүлэглэл, харин туслах үхэрчид нь л Цогзолмаа, Хүрэлбаатар нарын сайд сэтэртэй зуучлан холбогчид юмсанж. Харин бид үхэр сүрэг…тэгээд нэгэн гунж ийнхүү мөөрөх цагаар хүйтэн хатуу өвөл хаяанд ирж дээ.
Р. Эмүжин

3Comments

Add yours
  1. 1
    хро

    юун гунж бэ ээрцэггүй зааз үнээ шүү дэ, заазыг цагт нь заазлахгүй бол өвөл оодогнож амьтны шившиг болно шүү

  2. 2
    ол

    юун гунж бэ ээрцэггүй зааз үнээ шүү дэ, заазыг цагт нь заазлахгүй бол өвөл оодогнож амьтны шившиг болно шүү

  3. 3
    Зочин

    Эмүжинг гунж гэхгүй шүү дээ. Дөнж ч биш. Нэлээд хэд тугаллачихаж байгаа, идшинд арай явах болоогүй нэг тийм гарын үнээ. Сүү шим нэг их мундаггүй мөртөө гэртэйгээ ойрхон байж байгаад онд орчихдог, хүн бүрийн анхаарал татаж байгаад гар дээрээс нь хооллочихдог, энд тэндхийн хогийн сав ухаад амиа болгоод байдаг тийм л адтай амьтан даа.

+ Leave a Comment