Отгонтэнгэрт авиралт хийж яваад сураггүй болсон 17 уулчнаас нэгийг нь ч олоогүй гэж ОБЕГ мэдээллээ. Тэд 27-уулаа явснаас 10 нь эсэн мэнд бууж ирсэн байна. Сураггүй болсон хүмүүсийг олохоор МИ-171 нисдэг тэргээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна. Нисдэг тэрэг өчигдөр 22:10 цагт Баянхонгор аймагт бууж осол болсон газар очиход хүний ул мөр байхгүй байсан байна. Тухайн газарт их хэмжээний цас нурсан, ууланд авирагчид оргилоос 50 метрийн зайд бууж явахад цас нуран сураггүй болжээ. Алга болсон 17 хүний 7 нь эмэгтэй, 10 нь эрэгтэй хүмүүс гэв. Мөн тэдний дунд нэг гэр бүлийн 4 хүн хамт явж байгаа гэнэ. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат авирагчдыг ууланд гарахаас өмнө саатуулж хонуулсан ч зөвшөөрөлгүйгээр өөрсдөө авиралт хийсэн талаар нэмж хэллээ. Тодруулбал, 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг хоригложээ. Цасан нурангийн үеэр аврах ажиллагаа зохион байгуулж байсан туршлага байхгүй бөгөөд цас их хэмжээгээр нурсан учраас эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн уулчдын тусламжийг авч байна гэж ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал хэллээ. Авирагчдын ар гэрийнхэн өчигдөр Завхан руу гарсан байна. Отгонтэнгэр хайрханы талаар нэмж мэдээлэл өгөхөд: Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр нь далайн түвшнээс дээш 4008 м өндөр өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий. Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8р зуунд Түргүүд тахидаг байсан.Түүнээс хойш 1779онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911онд Богд хаан жил бүр ламын шашины ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995онд төрийн тахилгатай болж 4 жилд нэг удаа тахидаг уламжлал тогтсон байна. Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул гэдэг. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис ханы ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ. Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ.Мөнх цаст Отгонтэнгэр уул нь өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, үзэсгэлэнт газруудтай,70 гаруй зүйл эмийн ургамал нэн ховор, ховор ан амьтан ургамалтай. Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ. Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч Бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ.
С.Нямдорж
More Stories
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Монгол иргэдийг БНСУ-ын хил дээрээс буцааж буй асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигтай (2025.07.30) албан ёсны уулзалт...
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж байна
Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болж “Мөрөн” олон улсын нисэх буудал нь иргэний...
Ойн 14 түймрээс 7 түймрийг цурамд оруулж, 7 түймрийг хяналт авч, бүрэн унтраахаар ажиллаж байна
Улсын хэмжээнд өнөөдөр байдлаар 14 ойн түймэртэй байгаагаас Сэлэнгэ аймгийн Ерөө суманд-3, Хүдэр суманд-4 буюу нийт 7 ойн гал түймрийг...
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголт энэ долоо хоногт орно
2025 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг долоодугаар сарын сүүлийн долоо хоногт, буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ....
Сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн зардлыг нэмлээ
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс сэргээн засах болон сувиллын тусламж үйлчилгээний төлбөрийн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох хэмжээг...
Тусгай замын автобус төслийн ТЭЗҮ-ийн ажлын даалгавар боловсруулж байна
Улаанбаатар хотоос 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр нэрлэж, 2025-2028 онд хэрэгжүүлэх 24 мега төслийг үе шаттай хэрэгжүүлж байгаа. Үүний нэг...