Уулзалтад Монголын талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын Ерөнхий захирал К.Канасүги, БХЯ-ны Батлан хамгаалах бодлогын газрын захирал О.Изава тэргүүтэй хоёр улсын Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцов.
Талууд Монгол, Японы гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбар дахь бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, эдгээр салбар дахь хамтын ажиллагааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын болон дунд хугацааны зорилтуудын талаар дэлгэрэнгүй санал солилцов. Мөн Ази, Номхон далай, Зүүн хойд Азийн бүс нутгийн байдлын талаар ярилцаж, хоёр талын болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Нийтлэг үнэт зүйлс бүхий бүс нутгийн манай орлуулшгүй чухал түнш Япон Улстай Стратегийн түншлэлийг бэхжүүлэх зорилтын хүрээнд зохион байгуулж буй энэхүү зөвлөлдөх уулзалтын ач холбогдол нь жилээс жилд өсөн нэмэгдэж буйг талууд тэмдэглэж, цаашид энэхүү механизмыг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Япон Улсын ГХЯ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд хоёр улсын Стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх Дунд хугацааны хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлэх эрмэлзэлтэй буйгаа нотлов.
+ There are no comments
Add yours