​Хотын дарга С.Батболд зүүн эргэхгүй байх шийдвэрийг цуцаллаа

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний 3.6 км автозам дахь 7 уулзвараар зүүн эргэх хөдөлгөөнийг хориглосон. Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэнтэй уулзах үеэрээ замын хөдөлгөөний чигийг өөрчилсөнийг эргэн хэвийн үргэлжлүүлэх чиглэл өглөө. Энэ дагуу маргааш буюу 9 дүгээр сарын 1-ний өдрийн 06 цагаас эхлэн Энх тайваны өргөн чөлөөгөөр зүүн эргэх хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм.

Хотын дарга хэлэхдээ “Зүүн эргэхийг хориглосон 14 хоногийн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгодоо хүрсэнгүй гэж дүгнэж байна. Тиймээс өнөөдөр ажлын хэсгийг энэ саналаа татаж, маргаашнаас хэвийн хөдөлгөөнд оруулах нь зүйтэй гэсэн чиглэл өгч байна. Гэхдээ энэ арга хэмжээ бүхэлдээ буруу байгаагүй. Хөдөлгөөнийг удирдах программ дээр замын ачаалал буурсан харагдаж байгаа ч иргэдийн сэтгэл зүй бэлтгэлгүй байсантай холбоотой. Иргэдийн дадал болсон хөдөлгөөний чигийг өөрчлөхдөө иргэдийн санал дээр тулгуурлах учиртай. Цаашид ажлын хэсэг иргэдийн саналд тулгуурлаж шийдвэр гаргах хэрэгтэй” хэмээлээ.
Д.Думаа

 

+ There are no comments

Add yours