Хятадад тарвасны халдварт өвчин илэрчээ

 Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархаж аюулын харанга дэлдсэн талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлж эхэлснийг МОНЦАМЭ агентлаг мэдээллээ. Манай улсын тарвасны 60 гаруй хувь нь урд хөршөөс орж ирдэг билээ.

Нинбо хот нь Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан өмнөд хэсгийн Жэжянь мужид оршдог бөгөөд өнгөрөгч амралтын өдрүүдэд SK5 хэмээх шинэ төрлийн халдвараар гурван хүн нас барсан байна. Мөн Далянь хотод 3167 хүн уг халдвараар өвчилсөн бөгөөд нас барагсдад яаралтай тусламж үзүүлж байсан эмч нарыг тусгаарлан эмчилж байгаа тухай дээрх мэдээнд дурджээ. Хятадын зүүн мужийн фермүүдэд тариалсан тарвас нэг нэгээрээ хагарч, Жинсу мужийн энэ хачин явдлаас болж тус бүс нутгийнхан жимсний ургацаа алдахад хүрсэн талаарх мэдээллүүд өнгөрсөн жилээс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлсэн билээ. Гэвч химийн бордоо огт шаарддагагүй тарвас яагаад гэнэт хагарах болсныг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд тайлбарлаж чадахгүй байсан юм. Шинжээчид тарвас хагарч байгаагийн гол шалтгааныг жимсний ердийн бус хэмжээ, болон цаг агаарын хүчин зүйлтэй холбон бичиж байсан. Харин тухайн үед Хятадын “China Central Television” үүнийг жимсний ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо хэт их хэрэглэсний үр дагавар хэмээн оношилж байсан юм. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр Жинсу мужийн уг тосгонд жимс, жимсгэнэ тариалдаг 20 ферм байдаг бөгөөд тэдгээрийн 10-т нь дээрх явдал тохиолдсон байна.  Нэгэн фермер тарвасаа хурдан ургуулахын тулд бордоо хэрэглэсний маргаашнаас эхлэн тарваснууд нь нэг нэгээрээ хагарч эхэлжээ. Гэвч тэднийхээс өөр ферм бордоо хэрэглээгүй авч дээрхтэй адил зүйл тохиолдсон байна. Үүнээс үүдэн Хятадад химийн бордооны хэрэглээнд квот тогтоосон юм.
Гэтэл гэнэт тухайн бүс нутгаас “Тарвасны өвчин” хэмээх цоо шинэ тахал ийнхүү “мэндэлж” Хятад улсыг нийтээр нь сандаргав. Тарвасаар дамжин тархаж байгаа шинэ өвчний шинж тэмдэг, хор хөнөөл, шалтгаан нөхцөл, эмчилгээний талаар Хятадын эрүүл мэндийн байгууллагууд одоогоор юу ч хэлж чадахгүй байна. Тиймээс Нинбо боомтын тарвасны экспортыг түр хугацаагаар зогсоогоод байгаа юм. Тарвасны хамгийн зохистой дундаж жин дөрвөн кг орчим байх ёстой аж. Түүнээс том буюу 8-10 кг гэх мэт бидний шунан дурладаг хэт том тарвас эрүүл биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Мөн тарвасны ширхэглэг эдийг Монголоор “мах” гэдэг бөгөөд энэ нь жигд улаан биш, шар хөгц мэт зүйл тодорсон байвал эстрогеноор тариулсан байж болзошгүй байдаг байна. Тарвас худалдан авахдаа хэмжээнээс гадна хэлбэрийг сайтар нягтлан харахыг дээрх өгүүлэлд зөвлөжээ. Ер нь бөөрөнхий буюу эсвэл зууван бөөрөнхий тарвасны хэлбэрийг зөв хэмээн тооцдог юм байна. Хэрвээ аль нэг тал нь хэт том, голоороо хонхойсон зэрэг буруу хэлбэртэй тарвасыг худалдан авч идэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй байдаг ажээ. Нэг жилийн өмнө Хятадын Жансү мужийн Жүн-Ан хотын тариачид дөрвөлжин тарвас тарьж худалдаанд гаргасан нь тээвэрлэхэд хялбар зэрэг олон давуу талтай учраас зах зээл дээр энгийн тарваснаас 10 дахин үнэтэй борлогдож байгаа тухай мэдээ шуугиан тарьж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Одоо ч дөрвөлжин тарвас Хятадын хүнсний томоохон сүлжээ дэлгүүрүүдийн лангуун дээр заларч харагддаг.Мөн манай нэртэй хятад судлаач Д.Болдбаатар хятад шийгуаны хор холбогдлын талаар цахим сүлжээн дахь хувийн талбартаа сонирхолтой өгүүлэл бичиж байсан билээ. Уг өгүүлэлд бичсэнээр хортой шийгуа хятадад чамгүй том асуудал дэгдээгээд байгаа бөгөөд тариалагчид эрт ургацын тарвасыг зах зээлд гаргаж ахиу орлого олохын тулд фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг нь амт чанарт нь нөлөөлөх болсон аж. Хэтрүүлэн хэрэглэсэн фосфорын бордоо тарвасны дотор шингэж хор болон хувирахын зэрэгцээ монголоор эм гормон гэж орчуулж болмоор эстроген гэдэг бодис нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч тийм шийгуаг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтайг уг өгүүлэлд дурдсан байна билээ. Та хэрвээ хятад хэл гадарладаг бол ханз үсгээр бичигдсэн 有毒西瓜怎能穿越大半个中国害 хэмээх гарчгийг гүүглдээд үзээрэй. Хятад хүмүүс яагаад тарвасанд хордож өвчилж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл энд бий.
Идэж байгаад үлдээсэн шийгуа маргааш нь гашуун амттай, угаадас шиг цэхэр шүүс ялгаруулсан байвал та бүхэн Мэргэжлийн хяналтын газрыг зориорой. Мөн аагим зуны эл өдрүүдэд тарвас үгүйлэгдвэл худалдан авахынхаа өмнө гарал үүслийг нь нягтлан тодруулсны дараа сонголтоо хийгээрэй.

+ There are no comments

Add yours