Д.ОЮУНХОРОЛ САЙДЫН САНААЧЛАГААР ЭЛЧИН САЙДУУД МОД ТАРИХ АЯНД НЭГДЛЭЭ

БОАЖЯ-наас жил бүр уламжлал болгон зохион байгуулж заншсан Бүх нийтээрээ мод тарих өдөр өчигдөр тохиолоо.  Энэхүү үйл ажиллагаа жилээс жилд өргөгжиж байгаагийн тод жишээ нь хүрэлцэн ирсэн зочдоор нь илэрхийлэгдэж байна. Тухайлбал, бүх нийтээр мод тарих өдрийн нээлтэд салбарын сайд Д.Оюунхоролоос гадна УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд, НИТХ-ын тэргүүлэгч Ц.Сандуй, НИТХ-ын төлөөлөгчидтэйгөө хүрэлцэн ирснээс гадна Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайдууд тэдний гэр бүлийнхэн оролцож, монголчуудтай хамт мод тарьсан юм.

Бүх нийтээр мод тарих өдрийн нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Бүх нийтээр мод тарих санаачлагыг Ерөнхийлөгч гаргаснаас хойш 7 жил өнгөрч, энэ хугацаанл 10 гаруй сая модыг бид тариад байна. Уур амьсгалын өөрчлөлтөд өртөж байгаа манай улсын хувьд мод тарьж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх нь нэн чухал алхам болж байгаа. Манай яамны зүгээс тарьсан мод бүрийг ургуулах тал дээр анхаарч холбогдох байгууллагуудтай нь хамтран бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Үр хүүхэддээ ногоон дэлхийгээ өвлүүлэх үйлсэд гар бие оролцож байгаа та бүхэндээ баяр хүргэе” гэлээ.

“ЭЛЧИН ТӨГӨЛ”-ИЙГ БАЙГУУЛАВ

 

Бүх нийтээрээ мод тарих өдрийн нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болсон бөгөөд энд 20 гаруй байгууллгын төлөөлөл 2000 гаруй мод суулгаснаас олон улсын шинж чанартай нэгэн төглийг байгуулсан нь олны анхаарлын төвд байсан юм. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, агаар болон орчны бохирдлыг бууруулахад олон улсын анхаарлыг татах улмаар тэдэнтэй энэ талаар мэдээлэл солилцох, туршлага хуваалцах, хамтран ажиллах сүлжээг идэвхижүүлэх, бэхжүүлэх үүднээс БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын санаачилгаар Монгол Улсад эх орноо төлөөлөн байгаа Элчин сайдуудтай хамтарч мод тарин, нэрэмжит төгөл байгуулах үйл ажиллагааг БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлт, гадаад хамтын ажиллагааны хэлтэс,  Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрынхан амжилттай зохион байгууллаа.

“Элчин төгөл”-ийг байгуулахад  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг эх оронд нь айлчилж байгаатай холбогдуулан нутаг буцсан БНХАУ-ын Элчин сайд болон шинээр сонгогдсон Ерөнхийлөгчдөө баяр хүргэхээр нутаг буцсан БНСУ-ын Элчин сайд нараас бусад бүх Элчин сайд гар бие оролцож, дүр бүрнээ мод тарин өөрсдийн нэр дээр бүртгэл хийлгэж байлаа. Энэ үеэр Элчин сайдууд ийм сайхан үйл ажиллагаанд гар бие оролцуулсан БОАЖ-ын сайд Д.Оюунхоролд талархал илэрхийлж, өөрсдийн оронд хэрхэн мод тарьдаг байсан туршлагаасаа хуваалцсан юм.

Тухайлбал, Чехийн Элчин сайд хатагтай Ивана Гроллова л гэхэд монголчуудын арга барилаас огт өөрөөр мод тарьж байсан бөгөөд тэрбээр ухсан нүхэндээ ус дүүргэсний дараа модоо суулгаж байсан нь бусад Элчин сайдад чех технологиор мод тарих хүслийг төрүүлж, “Элчин төгөл”-ийн хэд хэдэн модыг энэ аргаар суулгаж амжсан. Ингээд Элчин сайдууд мод тарьсныхаа дараа АСЕМ виллад чуулж, уур амьсгалын өөрчлөлтөөс хэрхэн ангижрах өөрсдийнхөө тургшлагаас хуваалцаж, цаашид энэ тал дээр Монгол Улстай хэрхэн хамтарч ажиллах талаараа БОАЖ-ын сайд Д.Оюунхоролтой санал солилцсон юм.

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДРИЙГ ОЛОН УЛСЫН ШИНЖ ЧАНАРТАЙ БОЛГОЖ ЧАДЛАА

 Монгол Улсад эх орноо төлөөлөн суугаа Элчин сайдууд ам уралдан ярилцаж байлаа. Тэдний хувьд бөөнөөрөө ийнхүү нэгдэж, нэг асуудалд анхаарлаа хандуулах нь ховорхон үзэгдэл бөгөөд энэхүү үйл ажиллагаагаа Мини АСЕМ-ын хэмжээнд үнэлж байгаагаа ч энэ үеэр онцолж, эх орныхоо өмнө тулгамдаад байгаа ногоон хөгжлийн асуудалд олон улсын анхаарлыг нэгэн зэрэг татаж, цаашид хамтарч ажиллах гарцыг олж харсан БОАЖЯ-ны хамт олонд энэ үеэр Элчин сайдууд баяр хүргэж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлж байлаа. Уулзалтын эхэнд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол “Монголын байгалийг хамгаалахад хамгийн ихээр санаа зовж, дэмжлэг үзүүлдэг та бүхэнтэйгээ нэг дор цуглан санаа бодлоо хуваалцах болсондоо баяртай байна. Энэхүү уулзалтаас маш том үр дүн гарна гэдэгт ч итгэлтэй байна. Манай улс Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн тусламжтайгаар ойгоо амжилттай тоолоод байгаа. Парисын хэлэлцээрт амжилттай нэгдэн орж, УИХ-аараа соёрхон батуулсан гээд та бүхнийхээ тусламжтайгаар олон ажил хийж, хэрэгжүүлж байгаадаа баяртай байдаг.

 

Гэсэн хэдий ч манай оронд уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэх, мөнх цэвдэг, мөстөл хайлах, зуны хэт халалт, хуурайшлын улмаас хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, өвчин, хортон шавжинд өртөх, байгаль цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж, эрч нэмэгдэх байдлаар илэрч байна. Тухайлбал, агаарын жилийн дундаж температур сүүлийн 70 гаруй жилд дэлхийн дундажаас 3 дахин нэмэгдэж, хур тунадасны улирлын хэмжээ өөрчлөгдөн ууршилт ихэсч байна. Ган зуд болон шороон ба цасан шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн арав гаруй жилд 2 дахин ихэсч, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдэж байгааг та бүхэн мэдэж байгаа. Уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн талхлагдал, тариалангийн талбайн хөрсний үржил шимийн бууралт, уул уурхайн үйл ажиллагаа зэргээс үүдэлтэй газрын доройтол, цөлжилт эрчимтэй явагдаж 2015 оны байдлаар нийт нутаг дэвсгэрийн 76.8% цөлжилтөд өртсөн байна. 2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 774 булаг, шанд, 263 гол горхи, 346 нуур хатаж ширгэсэн дүн гарчээ. Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшлийн улмаас Монгол орны ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, ойн хөнөөлт шавжид нэрвэгдсэн талбай  590 мянган гаг  эзэлж байна. Цаашид 2050 он гэхэд одоогийн байгаа түвшинээс 2-3 дахин өсөх хандлагатай байна. Тиймээс та бүхнийгээ өнөөдөр мод тарьсан шигээ бидэнтэй цаашид байгаль хамгаалах тал дээр байнга хамтарч, тусалж дэмжсээр байх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

Элчин сайдууд үүний хариуд Монгол орны өмнө тулгарч байгаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд бүхий л хүч чадал, боломжоороо хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм. Энд Чехийн Элчин сайд хатагтай Ивана Гролловаг онцлоход тэрбээр 1980-аад оны үед Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан бөгөөд ХААИС-ийн хашаанаас мөөг түүдэг байсан тухайгаа дурсаад өнөөдөр энэ нь хот суурин хөгжлийг дагаад устаж үгүй болсонд харамсаж байгаагаа  илэрхийлээд өөрийн бүх л нөөц бололцоог ашиглан БОАЖЯ-тай хамтарч ажиллах болно гэдгээ дуулгасан юм. Мөн Германы Элчин сайд ноён Дуппел, Австралын Элчин сайд ноён Жон Лангтри нар уул уурхайн нөхөн сэргээлтийн асуудлаар туршлага солилцоход бэлэн байгаагаа энэ үеэр хэлж байлаа.

Ийнхүү БОАЖЯ-ныхан Бүх нийтээрээ мод тарих өдрийг иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамт мод тарин өнгөрүүлэхээс арай өөр түвшинд аваачин олон улсын шинж чанартай болгож чадлаа. Цаашид Монгол Улсад суугаа Элчин сайдуудаас гадна олон улсын байгууллагуудын төлөөллийг оролцуулан төгөл бий болгох үйл ажиллагааг санаачлаад байгаа яамныхандаа баяр хүргэж, амжилт хүсье.

+ There are no comments

Add yours