УИХ-ын дарга М.Энхболдыг суудлаасаа буух ёстой хүн, ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхгүй гэсэн бор шувуу шаргал ордноос хальж ард иргэдийн дунд жиргэж эхэлжээ. Газрын наймааны “Загалмайлсан эцэг”, Авилгалын “толгойлогч” гэх таагүй тодотголуудтай түүний нэр цэвэр биш гэсэн шумыг сонсоогүй хүн ховор бизээ. Тэрчлэн МАН-д шинэчлэл дагуулж чадаагүй байж улс орныг удирдан хөгжүүлж, манлайлан авч явах чадваргүй гэсэн яриа иргэд олон нийтийн эргэлзээг улам нэмэгдүүлж, М.Энхболдыг дэмжихээс илүүтэй, “Ерөнхийлөгч нэр дэвших ёсгүй хүн” гэсэн үзэл бодол илүү давамгайлах болов, сүүлийн үед.
Улс төрийн хүрээний нэр бүхий томоохон албан тушаалтнуудыг “хууль бусаар баяжсан” хэмээн нийгмийн олонхи нь ойлгодог. Арга ч үгүй, 1990 оноос хойших хувьчлалын үйл явцаар төрийн томоохон обектуудыг хувийн эзэмшилдээ шилжүүлэн авч, өнөөдрийн их санхүүжилтийнхээ эх үүсвэрийг тавьсан нь олонхи болохоор… Тухайлбал экс ерөнхийлөгчийнх гэгддэг байсан Н.Энхбаярын “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сонины хувьчлал зэргээс бэлхнээ харж болох юм. Харин хууль бусаар хөрөнгөжигчдийн хоёр дахь мөнгөний давалгаа нь газрын бизнес байсныг улс төр, бизнесийн хүрээнийхэн хүлээн зөвшөөрдөг. Тодруулбал, 1999, 2000 оноос хойш Нийслэл хотын газрын наймаа цэцэглэж эхэлсэн түүхтэй. Энэ үе одоогийн УИХ-ын дарга М. Энхболд Нийслэлийн Засаг даргаар ажиллаж эхэлсэн үе бөгөөд “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль” 2002 оны зургадугаар сарын 7-ны өдөр батлагдсанаас хойш газрын наймаа жинхэнэ утгаараа цэцэглэж эхэлсэн гэдэг.
Гэр бүлийн хэрэгцээнд зориулан үнэгүй газар олгох нэрийдлээр хөрөнгө, мөнгөтэй эрхмүүд хотын А зэрэглэлийн газрыг хувьдаа авч эхэлсэн нь тухай үеийн Нийслэлийн Засаг дарга, хотын захирагч М.Энхболдтой салшгүй холбоотой гэдэг. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д зааснаар газар өмчлүүлэх эрхийг тухайн дүүргийн Засаг дарга, нийслэлийн захирагчийн эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл хэнд, хаана, ямар газар, хэр хэмжээгээр олгох “дархан эрх” нь Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод байсан гэсэн үг юм. Энэ эрхээ тэрбээр чадамгай ашиглаж хөрөнгөжсөн гэдгийг хэн хүнгүй ярьдаг билээ.
М.Энхболдын эрх мэдлийн “буянаар” нийслэлийн газрыг хувьдаа эзэмшиж, эргүүлэн худалдаж хөрөнгөжсөн томоохон газрын наймааны бүхэл бүтэн үе, фракци бий болсоныг тухайн үед хэвлэлээр шуугиж байсан юм. Тодруулбал, УИХ-ын дарга М.Энхболд,Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ц.Батбаяр, одоогийн Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай тэргүүтэй МАН-ын нөлөө бүхий эрхмүүд энэ фракцид нэгдэж, улс төрийн хүрээнийхэнд “хотын фракцийнхан” гэгддэг. Улс төр, төрийн албан хаагчдаас тухайн үед ХХААХҮ-ийн сайд байсан Т.Бадамжунай, бизнесийн салбараас Б.Наранхүү нар Н.Энхболдын газрын наймааг “цэцэглүүлдэг”-ээрээ алдартай, гол төлөөлөл нь байсан гэдэг. Тэдний талаарх нийтийн эзэмшлийн газрыг хувийн компанид шилжүүлэн өгч худалдаж байсан баримтуудыг дурьдах нь илүүц билээ.
Уг эрхмүүдээр толгойлуулсан улс төр, бизнесийн сүлжээ хүчирхэгжин, сүүлийн 10 орчим жил улам бүр хүрээгээ тэлэн дүүрэг, хороодод хүртэл өөрийн хүмүүсээ шургуулж авсан гэдэг. Одоо ч гэсэн энэ байдал үргэлжилсээр бараг л уламжлал болсон талаар яригддаг. Нийслэл, дүүрэг, хороодод түүний бүрдүүлсэн фракц үеийн үед ноёлж, М.Энхболдыг газрын наймааны “Загалмайлсан эцэг” гэдэг тодотгосон нийтлэлүүд хэвлэлээр хөврөх ч хэн ч үл тоох болсон мэт. Харамсалтай нь эдүгээ нийслэлд зарж худалдах газар ховор үлдэж, газрын төлөвлөлтийг буруу хийснээс барилгууд нь бие биендээ дэндүү ойрхон баригдаж өвөл зунгүй нар үздэггүй барилгууд олон болж, шамбааралдсан барилгуудад зогсоол, хүүхдийн тоглоомын талбай ч харагдахаа байж, малын нарийн гэдэс шиг замаар нь машинууд шүргэлдэх шахам зөрөх хорооллууд бий болсон нь хувьчлалын дараах газрын наймааны “автор”-ын гавьяа гэхэд хэтрүүлсэн болохгүй болжээ.
М.Энхболд, Т.Бадамжунай нар бол Хотын фракцийн тулгуур баганууд, тэр хэрээрээ хэтэвч, эрх ашиг нь нийлсэн нөхөд. Үүнийг ч МАН-ыг удирдах боломжтой нөхдүүдийн нэг гэгдэж багагүй хугацаанд яригдсан Ж.Сүхбаатар удирдлагын суудалд сууж чадаагүйнхээ дараа намынхаа бохир завааны тухай ил тодоор ярихдаа тодорхой дурдсан байдаг. Түүний “Конторын, заалны улс төрөөс нийгмийн улс төр хүчтэй. Нам дамжсан ба хуулийн ажилтнуудын халхавчинд орсон луйварчид энэ улс орныг хэдий болтол дарлаж, доромжилж даврах вэ? Авлигачдад дайн зарлалаа гэдэг яагаад авилгын мафийн эзэд шорон орохгүй байна. Манай улсын авилгыг загалмайлсан эцэг болох Х.Бадамжунай тэргүүлдэг. Тагнуул, цагдаа, АТГ, шүүх, шашин, нийслэлийн удирдлагад МАН, АН дамжсан далд сүлжээ хэрсэн. Х.Бадамжунай гэдэг мафи шоронд ороогүй цагт Монголд авилгачид жаргаж олон түмэн айдас доромжлол амссаар байх болно” хэмээснийг энэ дашрамд сануулах юун. Нэг талаас суудалгүй үлдсэндээ шаралхаж, бялууны тал хүртээгүйгээдээ гомдсон намын гишүүний сэтгэлийн илэрхийлэл боловч, нөгөө талаас гаршсан луйврын улстөрчдөө ил тод нэрлэсэн содон үзэгдэл байсан.
Гол нь өнгөрсөн хугацаанд М.Энхболд, Т.Бадамжунай нар болон МАН-ын гишүүн дүүргийн Засаг дарга нарт холбоотой газрын хууль бус наймаа, авлига өгч авалцсан олон хэргийн тухай мэдээлэл гарч байсан ч, эдгээр эрхмүүдийг хууль шүүхийнхэн дийлж гарч байсан удаа үгүй. Ямартаа л М.Энхболдыг хувьдаа газаргүй гэдгийг шүүхээс 30 удаа тогтоосон гэхээр үгүй мөн их асуудалд холбогддог нь тодорхой байгаа юм. Гэтэл М.Энхболдыг хотын дарга, Т.Бадамжунайг Ерөнхий менежер байхаас эхлэн нийслэлийн гэгдэх төрийн өмч нохойн замаар орж, газрын наймаа гэдэг юм утгаараа цэцэглэж, бүр мафижиж, улстөрийг ч улам бохирдуулж, хамаг л муу бүхний суурийг тавьсан гэгдэг.
Т.Бадамжунай нарын хэргийг шалгаж байгаа гэх мэдээлэл ганц нэг гарч байсан ч, төдийлөн өндөр авалгүй дарагдчихаад байдгийн цаана нам харгалзахгүй луйврын үйлсэд гар нэгддэгийн харуулж байгаа ч гэж болох. Т.Бадамжунайг хуучнаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх асуудлаар УМБГ-т шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсан гэх мэдээлэл 2014 оны хоёрдугаар сард гарч байсан ч бас л чимээгүй болсон. Мөн түүнийг “Хадгаламж банк”-ны 14.5 тэрбумын хэрэгтэй холбогдуулан шалгах ёстой байдаг ч, замхарсан. Бас М.Энхболдтойгоо нийлэн Спорт цогцолборын барилга барихаар авсан 450 саяын авлигын хэрэг гэхчлэн олон хэрэг дуулдаад л өнгөрдөг болохоос эцэслэн шалгагддаггүй нь энэ нийгмийн буруу жишгийн тод жишээ болон үлджээ.
Сэтгүүлч Ү.Үнэн
+ There are no comments
Add yours