Төсөв хямарсан гэдэг мэдээллийг МАН-ын Засгийн газраас мэдэгдэж, танах хасах нь өдөр өдрөөр нэмэгдсээр балчир хүүхдүүдийн хадгаламж руу хүртэл дайрч, хувь хишиг нэхдэг болсон өнөө цагт хамгийн тансаг “гарууд” шинэхэн томилогдсон “хурга, ишиг”-н дарга нар болоод байх шиг.
Эрдэнэтийн даргын тансаглал, хилийн орчмын хятадуудад Монгол Улсад визигүй зочлох эрх, албан тушаал хаших, төрийн албанд ажил хийх бол намын төлөөний этгээдэд “тусгай төлбөр төлөх”, дундаж амьдралтай иргэдийн дансанд хадгалсан хэдэн бороос татаас татах, хүүхдийн хадгаламжаас татвар авах гэх мэтээр гэрэл гэгээ тун тааруухан мэдээ, мэдээлэл хөврөх ч үхэлгүй мөнхийн өнөд удааны рашаан хүртсэн мэт МАН манан татуулан сүүмийсээр…
Хачигны манан шиг хачин сонин их сүүмийлтийн цаана, хаана, хэнээс, хэний халааснаас алба гувчуур татах вэ гэсэн атгаг санаа байдаг юм уу гэлтэй өдөр хоногуудыг үдэж ядаж зуур татаас томоохон албан тушаалд очсон “гарууд” хөл толгойгүй, идэж уух, албан тушаалд ирэхдээ хэн нэгэнд төлсөн төлөөсөө нөхөн олох гэж шунаглан дайрсаар… ийм л нэг балгийн эзэн Төрийн банкыг дайрах болов, сүүлийн үед.
Төрөөр овоглосон энэ банкны дийлэнх үйлчлүүлэгчид дундаж амьдралтай иргэд. Хүссэн хүсээгүй тус банкиар үйлчлүүлж, тог цахилгаан, байр, орон сууцныхаа ашиглалтын төлбөрийг заавал энэ банкаар дамжуулж төлнө. Харь эзэнтэй ХААН нэртэй, малчдын “амьд там” болсон Хөдөө аж ахуйн банкнаас нэг их ялгаагүй Төрийн банкны эздийн талаарх мэдээлэл хаа сайгүй. Харамсалтай нь сайнаасаа муу нь их мэдээлэл цуварч байна. Үүний нэг нь “Төрийн банкны удирдах албан тушаалтнуудын тансаглал зогсохгүй нь бололтой” гэсэн мэдээлэл байв.
Хэдхэн хоногийн өмнө цахим сүлжээгээр цалингийн хэмжээ, хөл дүүжлэх унааны төсөв цацагдаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байв. Гэтэл энэ байдал намжив уу, үгүй юу тэд өөрсдийн тав тухаа хангахад сэтгэлээ чилээн “Бөгсөндөө санаа тавьж” эхэлжээ. Тодруулбал тус банкны захирлын өрөөний, хоёр хүний буйдан болоод хүлээлгийн өрөөний буйданд нийт 14.7 сая төгрөг зарцуулжээ. Тэр бүү хэл гар утас, телевиз авахуулсан байх юм. Угтаа тус банкны Ерөнхий захирлын ганцхан сарын цалин гэхэд Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 75 нугалах буюу 18 сая төгрөг гэнэ.
Эндээс харвал, жилд 216 сая төгрөгөөр цалинждаг гэсэн үг болно. Цаашлаад гүйцэтгэх зархилуудынх нь цалин жилийн 180 сая бол сард 8-12 сая төгрөгөөр сард цалинждаг гурван орлогч байдаг гэж байгаа. Энэ мэтээр тус банкны дарга нарын хангамж шинэ цагийн хэллэгээр жинхэнэ утгаараа супер болж байгаа юм байх. Учир нь тус банкны хамгийн бага албан тушаалын захирал л гэхэд сард гурван сая төгрөгийн цалин авдаг гэнэ. Ийм атал татвар төлөгчдийн мөнгөөр буйдан, гар утас, зурагт авахуулж байгаагаас харахад тэд “шамласан ханцуй”-гаа мөддөө буулгахгүй нь бололтой. Цаашлаад нүцгэн гараараа татвар төлөгчдийн, харилцагч мянга мянган иргэний данс руу орохгүй гэсэн баталгаа ч үнэндээ алга гэх мэдээлэл байгаа нь оргүй биш бололтой.
Сэтгүүлч Н.Нора
+ There are no comments
Add yours