ӨСВӨР НАСНЫХАН ИЖИЛ ХҮЙСТНЭЭ СОНИРХОХ ХАНДЛАГА  НЭМЭГДЭЖ БАЙНА

     Дэгж дэрвэсэн, мөрөөдөмтгий хүүхэд насандаа амьдралаас буцах шийдвэр гаргана гэдэг аймшигтай. Дөнгөж, 16, 17-хон настай охид ийм шийдвэр гаргаж, энэ хорвоогоос буцсан эмгэнэлт мэдээ хэвлэл мэдээллийн бүхий л сувгаар цацагдаж, сэтгэл хөндүүрлэв. Цагдаагийн байгууллага уг хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд “Ямар нэг гадны нөлөөгүй, аав ээжийнхээ үгэнд гомдсоны улмаас ийм үйлдэл хийсэн байх магадлалтай” гэв.

Харин сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгааг, мөн аав ээжийн дарамт, гэр бүл салалт, найз нөхдийн гадуурхал гэх мэт шалтгаануудаас үүдэлтэйг өөр нэгэн эх сурвалж өгүүлэв. Ганц удаа ч боловч “Аав нь хүүдээ хайртай”  гээд хэлсэн бол энэ хүүхэд амиа хорлохгүй байх байсан даа гэж харамсал төрүүлсэн, сэтгэл өвтгөсөн хэрэгтэй ч таарав. Тиймээс томчууд хүүхэдтэй хэрхэн харьцвал илүүтэй тухайн хүүхдийн сэтгэл илүү амар амгалан байдаг вэ. Сургууль цэцэрлэг, гэр бүлийн хүрээнд үйлдэгдэж буй хүүхдийн хүчирхийллийн асуудал, өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй зэрэг сэдвээр эх сурвалжуудаас тодрууллаа.

СЭТГЭЛЭЭ НЭЭДЭГГҮЙ ХҮҮХЭД ЭРСДЭЛТЭЙ АЛХАМ ХИЙДЭГ

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Сэтгэлзүйн  үйлчилгээний үндэсний төвийн эрхлэгч М.Хишиг-Ундрал.

-Ярилцлагаа өсвөр насныханы онцлогоос эхэлье?

-Өсвөр насныхан их эмзэг. Тиймдээ ч  эрт дээр үеэсээ хүүхдийн өсөж том болох үеийг шилжилтийн нас хэмээн анхаарч ирсэн байдаг. Өсвөр насанд охидын сарын тэмдэг ирнэ, хөх нь ургана. Хөвгүүдийн сахал ургаж хоолой бүдүүрнэ. Энэхүү биеийн онцлог томоохон өөрчлөлтийг дагаад хүүхдүүд маш их хямардаг. Энэ үед нь томчууд маш хариуцлагатай, зөв харьцах ёстой. Мэдээллийн эрэн зууны хөгжлийг дагаад хүүхдүүдэд хурдсах үзэгдэл явагдаж байгааг томчууд анзаардаггүй. Хүүхдийн нас бага, жаахан харагдаж байгаа ч  интернэт, зурагт, радио сэтгүүлээс бүх мэдээллийг авчихсан байдаг. Гоёж гангалах хүсэл төрнө. Хайрлаж дурлаж догдолно. Өөрийнхөөрөө байхыг эрхэмлэнэ. Бүх зүйлийг мэдэж байдаг. Гурван настай хүүхэд ч дурлаж байна. Гэтэл эцэг эхчүүд шууд буруутгаж өөрийнхөө үзэл бодлыг тулгаж, өөрийнхөөрөө байлгах гэдэг. Энэ буруу юм. Эцэг эх нь хүүхдийнхээ хамгийн сайн туслагч, хамгийн сайн найз, тэднийг сонсдог, мэдэрдэг, зөв хайрладаг байх ёстой.

-Хоёр сайхан охин амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарлаа. Мэдээлэл янз бүрээр тавигдаж байна. Эцэг эхдээ гомдсон… гэх мэтээр?

-Хэрэв хүүхэд ээж аавынхаа үгийг даахгүй амиа хорлох үйлдэл хийж байгаа бол тэр эцэг эхийн хайр буруу байсных. Нэгдүгээрт уярлын хайраар хүүхдээ хайрласан   байна. Энэ нь ганц үр минь, хэнз хүүхэд минь, хамгийн бага минь гэж эрхлүүлж хаан, хатан мэт шүтсээр хүүхдээ хэн ч биш болгож өсгөдөг гэр бүл цөөнгүй. Хоёрдугаарт, барьцаалах хайр гэж байдаг. “Чи онц сурвал үнэтэй гар утас авч өгнө, дугуй авч өгнө” эсвэл “Гэрээ цэвэрлэчихээд 30 минут PC тоглоод ир” хэмээн мөнгө өгч гаргах зэргээр харьцаж сэтгэлийн нандин холбоогүйгээр хүүхдээ хүмүүжүүлдэг. Ингэж хүмүүжүүлсэн хүүхэд насанд хүрч амьдралд хөлөө тавихаар хүнд сэтгэлээрээ туслахгүй, заавал хариу нэхэж, барьцаа харсан хүн болдог. Гуравдугаарт, дарангуйллын хайраар хүүхдээ өсгөх. Тухайлбал “Би чамайг төдийгөөс өдий хүртэл өсгөлөө, чамайг хүнээс дутаахгүй хувцаслаж, хүссэн бүгдийг чинь авч өгч байна” гэх мэтээр хүүхдээ дарамталж харьцдаг. Томчуудын хамгийн том алдаа нь хүүхдүүд 10 жилийн дараа хэн болох вэ гэдгийг боддоггүй. Аав ээж болно, хүргэн бэр болно, ажил хийнэ, нийгмийн харилцаанд орно. Энэ бүгдийг тооцоолж хүүхэдтэйгээ энэрлийн холбоо тогтоож амьд харилцаатай байх хэрэгтэй. Энэ бүгд байхгүй болохоор хүүхэд сэтгэлээ нээхгүй байсаар сүүлдээ тэсэрч эрсдэлтэй алхам хийж байна.

-Хүүхдүүд сэтгэлээ нээж ярилцах хүнээр үеийнхэнээ сонгодог нь олон. Харин энэ сонголт хэр оновчтой байдаг юм бол?

-Хүүхдийн хамгийн дотны ярилцлагч, сэтгэлээ нээдэг хүн найз нь байдаг. Тэд найздаа юу өмсөх дуртайгаа хэлж, хэнд сайн тухайгаа ярьдаг гэх мэтээр хамгийн нандин нууцаа ярьдаг. Ялангуяа 17, 18 насанд найзууд бие биендээ хамгийн үнэнч байдаг. Тиймээс бие биендээ хэнд ч хэлээгүй нууцаа зөвхөн найздаа ярьдаг. Харин хэр оновчтой сонголт байхыг тухайн үеийн нөхцөл байдал л харуулна. Тиймээс бид ийм тийм гэж шууд хэлэх боломжгүй.

-Өсвөр насныхан сэтгэл судлаачид хэрхэн ханддаг вэ. Өөрсдөө ирэх үү?

-Өсвөр насныхан өөрсдөө ирэх нь маш цөөхөн. Харин тэднийг ээж аав нар нь дагуулж ирдэг. Мэргэжил сонголтын тал дээр асууж зөвлөж ярилцдаг. Үүнээс гадна, “хүүхэд маань өрөөндөө ганцаараа бүгээд байна”. “Гадуур хэт их тэнээд байна”. “Уур уцаартай болоод байна” гэх мэтээр ханддаг. Бас нэг сэтгэл эмзэглүүлж   байгаа асуудал нь өсвөр насныхан ижил хүйстэнээ сонирхох, гей, лесби болох хандлага сонирхолтой болж эхэлж байна. Энэ асуудлаар ч эцэг эхчүүд хандах нь нэмэгдэж байна.

                      НАЙМАН ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ БЭЛГИЙН ДАРАМТАНД ОРДОГ БАЙНА

 Хүний эрхийн үндэсний комиссын референт Г.Золзаяа.

-Өсвөр насныханы дунд явуулсан судалгааны хамрах хүрээ, оролцогчдын идэвх хэр байх юм. Судалгаанд хинээн хүүхэд хамрагдсан бэ?

-Найман аймаг, нийслэлийн долоон дүүргийн нийт 4264 хүүхэд, 2743 эцэг эх асран хамгаалагч, хүүхэд хамгааллын хамтарсан багийн 142 гишүүнийг хамарсан судалгаа юм. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 70-80 хувь нь амьд явах, эсэн мэнд амьдрах, сурах, хоол хүнс орон байраар хангуулах, хамгаалуулах гэсэн ерөнхий тойм байдлаар эрхээ нэрлэсэн. Ерөнхийдөө Монгол Улс дахь хүний эрхийн нийтлэг зөрчил нь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүчирхийллийг үл хайхрах явдал болох нь судалгаагаар харагдаж байгаа. Асуулгад оролцсон хүүхдүүдийн 17.2 хувь нь хүчирхийлэлд өртөж байгаагүй, 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан. Өөрөөр хэлбэл 10 хүүхэд тутмын найм нь хүчирхийлэлд өртөж, тэр найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамтад орсон гэдгийг энэхүү судалгаа харуулж байна.

-Хүүхэд хүчирхийлэлд хамгийн  ихээр өртдөг газар хаана байдаг юм бол?

-Хүүхдүүдийн 38.3 хувь нь сургуулийн багш, нийгмийн ажилтан, дотуур байрны багш, дээд ангийнханаас айдаг. Харин 45.3 хувь нь өөрийн төрсөн болон хойд эцэг, эх, ах, эгч хамаатан садангаасаа айдаг гэж ярьсан.  Энд нэг харамсалтай зүйл нь  хүүхдүүдийн 7.1 хувь нь би буруу зүйл хийсэн учраас намайг зодох нь зөв гэсэн ойлголттой байсан. Энэ бол буруу хандлага. Хүүхдийг зодож шийтгэх нь  тэдний хөгжилд сөрөг нөлөө үзүүлэх голлох хүчин зүйл болно. Иймд хүүхдүүдтэй ярилцаж тэднийг ойлгож, эерэг хандлагаар хүмүүжүүлэхэд анхаарах шаардлагатай байна.

-Сургуулийн хүрээнд ямар дарамт байдаг юм бол?

-Сургууль цэцэрлэг бол хүүхдийн хоёрдогч гэр бүл болохуйц чухал орчин. Гэвч сургуулийн орчинд зарим багш ажилтан хүүхэдтэй зүй бус харьцаж, тэдний эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Мөн үе тэнгийнхэний хүчирхийллийг мэдсээр байж ямар нэг хариу арга хэмжээ авдаггүй. Сургуулийн орчин ахлах ангийнхан доод ангийнханаасаа мөнгө нэхэх, өгөхгүй бол зодох тохиолдол нийтлэг байна. 108 утсанд “Нэг охин зодуулсан, дотуур байрны багш ингэж дарамтлаад байнаг” гэсэн гомдол ирсэн байдаг. Гэтэл 108-ынхан шууд дотуур байр руу залгаж хүүхдийн гомдлыг хэлсэн байдаг. Тэгтэл сургуулийн захиргаа тухайн хүүхдийг зөвлөлийн хурлаар оруулж загнасан байгаа юм. Мөн хүчирхийлэл үйлдсэн багшид авч буй арга хэмжээ хангалтгүй үр дүнгүй байгааг  судалгаанаас харж болохоор байна. Багш удаа дараа хүүхэд зодож самбар мөргүүлчихээд гомдол гаргахаар “Танай хүүхэд өөрөө болдоггүй” гэсэн хариултыг өгсөн гэсэн. Ер нь судалгаагаар хүүхдүүдийн 88.6 хувь нь хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын утас руу огт ярьдаггүй болох нь харагдсан.

 Сэтгүүлч Д.Мягмаржаргал

 

5Comments

Add yours
  1. 3
    Davaagerel

    Axlax angiixand bol frakts buleg bolj ,xed xedeeree niilex ni tugeemel anzaaragddag sh de,eniig tegeed yaj zoxitsuulax ym bol do

  2. 4
    Chance

    surguuli burt setgel zuich ajiluulah shaardlagatai. 2–in hoorond hedhen oron toog gargah bish dorbitoihon 1 surguulin huuhed burt hurheer hureltseeteigeer in setgel zuichiin oron toog bii bolgoj ajiluul

+ Leave a Comment