Энэтхэг улсын эмч нар манай улсад үзлэг хийнэ

Бүгд найрамдах Энэтхэг улсын “Фортис” группын элэг, чөмөг шилжүүлэн суулгадаг тэргүүлэх зэрэглэлийн эмч, нар дөрөвдүгээр сарын 5-7-нд Улаанбаатар хотноо ажиллаж, үнэ төлбөргүй үзлэг хийх гэж байна.

Ази дахь хамгийн том эмнэлгийн цогц тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагын нэг “Фортис” групп /Fortis hospital group/ нь олон чадварлаг мэргэжилтэн, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, нарийн болон төрөлжсөн мэргэжлийн төвүүдтэй дэлхийн жишигт нийцсэн байгууллага юм. Тус групп нь Энэтхэг даяар гуравдагч болон дөрөвдөгч шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 10 мянган ор бүхий 54 эмнэлэг, 260 оношилгооны төв, өндөр чадвартай 23 мянган ажиллах хүч, баг хамт олонтой, өдөрт 3100 гаруй өвчтөнд үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай аж.

Энэ удаад тус группын тэргүүлэх зэргийн эмч, мэргэжилтнүүд элэгний өвчлөл зонхилж байгаа Монгол Улсад ажиллаж, туршлага солилцож, цаашлаад элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Монголд ирж хийхэд хамтран ажиллах талаар судлахаар төлөвлөжээ.

Төлөөлөгчдийг “Фортис” группын Элэг шилжүүлэн суулгах болон Дотрын мэс заслын тасгийн дарга Др.Вивек Виж, Клиникийн Гематологийн болон чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга Др.Рахул Бхаргава нар ахлах юм.

Др.Вивек Виж нь Монголын 50 гаруй өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай хийснээрээ хэдийнэ танил болсон эмч юм. Др.Виж болон түүний баг хамт олон нийт 2500 гаруй элэг шилжүүлэн суулгасан бөгөөд өвчтөнд 95 хувь, донорт 100 хувийн амжилттай хийж гүйцэтгэснээрээ дээд амжилт тогтоожээ. 2015 онд тэрбээр АНУ-ын Чикаго хотноо Элэг шилжүүлэн суулгах олон улсын нийгэмлэгийн хүндэт шагналыг хүртжээ.

Гематологийн болон чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын тасгийн дарга Др.Рахул Бхаргава нь насанд хүрсэн 200 гаруй хүнд чөмөг шилжүүлэн суулгаснаараа хойд Энэтхэгийн рекордыг тогтоожээ. Өвчтөнүүдийнх нь эрүүл мэндийн байдал, үр дүн зэргээс тэрбээр мэргэжлийн салбартаа хамгийн шилдэгт тооцогдох нэр хүндийг олгосон аж.

Эмч нар Улсын клиникийн Нэгдүгээр төв эмнэлэг, Интермэд эмнэлэгт ажиллаж, элэгний өвчин, цусны эмгэг болон хорт хавдартай өвчнүүдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Мөн Монголын эмч нартай уулзаж, санал солилцон, элэг шилжүүлэн суулгах мэс заслыг Энэтхэгт очиж бус эх орондоо хийлгэх боломжийг монголчуудад олгох талаар ярилцах аж. Өөрөөр хэлбэл тэргүүлэх зэргийн эдгээр эмч нар Монголд ирж хагалгаа хийх боломж нээгдэх магадлалтай юм. Хэрэв яриа хэлэлцээр амжилттай болбол монголчууд Энэтхэг улсыг зорих зардал мөнгөө хэмнэж, өөрийн улсдаа өндөр мэргэжлийн Энэтхэг эмч нараар эмчлүүлэх боломжтой болно.

Н.Гантуяа

+ There are no comments

Add yours